БСБ групп компанийн 7 дахь Мэргэшсэн худалдааны зөвлөх тодорлоо
Мэргэшсэн худалдааны зөвлөх болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?
Сэтгэгдэл маш өндөр байна. Зөвхөн БСБ компанид мэргэшсэн худалдааны зөвлөхийн зэрэг олгодог. Үүний дараа мастер худалдааны зөвлөх болно. Миний хувьд ажил хийнэ гэдэг нь нэр хүнд карьераас гадна ар гэртээ хувь нэмрээ оруулж, амьдралаа дээшлүүлэх зорилготой байдаг гэж боддог. БСБ компанийн хувьд ажилтнууддаа үнэхээр өгөөжтэй байж үргэлж дэмжиж, тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Тиймээс нэг зүйлдээ тууштай байгаарай. Энэ боломж хүн бүрд ижил тэгш нээлттэй шүү гэж хэлмээр байна.
Яагаад анх БСБ компанийг сонгосон бэ?
5 жилийн өмнө ажлын зарын сайт үзэж байгаад анх БСБ компанийн нярвын ажлын байранд анкет өгөөд үзье гэж бодсон. Тэгсэн манай оюутан ангийн залуу БСБ компанид ажилладаг байж таараад “Чи БСБ-д тэнцэхгүй ээ, БСБ их өндөр шалгууртай. Чи худалдааны зөвлөх болж чадвал их юм” гэж хэлж байсан. Үнэхээр шалгуур өндөр байсан. Тухайн үед намайг туршиж ажиллуулсан менежерүүд бүгд муу тодорхойлолт бичиж ихэнх нь авахгүй гэсэн. Харин хүний нөөц Буянхишиг гэдэг залуу надтай уулзаад “Би чамаас нэг юм олж хараад байна. Чи ажиллаж чадах юм шиг байна. Тиймээс би чамайг нэг хүнд санал болгоё. Хэрэв тэр хүн авахгүй гэвэл надад ямар ч арга байхгүй шүү” гэж хэлсэн. Ингээд би Мегамолл дэлгүүрийн гад тогооны тавилга хариуцсан ахлах худалдааны зөвлөх Буянжаргал гэдэг хүний дор дадлагажигч худалдааны зөвлөхөөр ажиллаж эхлээд маш хурдан хугацаанд жинхлэгдсэн дээ.
Хамгийн анх худалдааны зөвлөхөөр ажиллахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Гал тогооны тавилга зарах аягүй хэцүү юм байна. Төлөвлөгөөгөө яаж хийнээ л гэж бодогдож байсан. Өмнө нь би үүрэн холбооны компанид теллер хийж байсан. Тухайн үедээ адилхан л хүнтэй харилцдаг ажил учраас болчихно гэж бодож байсан. Гэвч зааланд суугаад теллер хийх, дэлгүүрт ажиллаад хүнтэй харилцах шал өөр байсан.
Таны бодлоор худалдааны зөвлөх гэдэг ажлын байр ямар онцлогтой юм бэ?
Худалдааны зөвлөхийг зарим хүмүүс зүгээр л “худалдагч” гэж хараад байдаг. Миний хувьд асар их мэдрэмж шаардсан 21-р зууны хамгийн их эрэлт хэрэгцээтэй чухал ажлын байр гэж боддог. Яагаад гэвэл тухайн байгууллагын бараа үйлчилгээг хэрэглэгчдэд борлуулах хамгийн чухал ажилтан бол худалдааны зөвлөх байдаг. Үүнээс гадна нэг үйлчлүүлэгчийн гэрийг бүтнээр нь өнгө үзэмжтэй, зохимжтой тохижуулахад мэдрэмж маш чухал байдаг. Энэ мэдрэмжээ хөгжүүлэхийн тулд миний хувьд хариуцсан заалаа байнга цэгцтэй, тохижилттой, зохицолтой байлгахыг хичээдэг. Ядаж л 1 сувинерийг зөв зохицолтой байрлуулахыг хичээж байдаг. Тавилга сонирхож байгаа хүмүүс ихэнхдээ дотроо нэг тохижилт төсөөлчихсөн байдаг. Тиймээс тухайн төсөөлөлд тохирсон тавилга санал болгох шаардлагатай. Зарим тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн сонгосон тавилга өөрийнх төсөөлөлтэй зохицохгүй байх тохиолдлууд гардаг. Ийм үед тухайн үйлчлүүлэгчдээ маш сайн тайлбарлаж ойлгуулсны эцэст миний зөвлөсөн тавилгыг сонгоод үйлчлүүлэгч маань төсөөлөлдөө хүрсэн тохижилтоо хийгээд сэтгэл ханамжтай байсан тохиолдлууд нэлээдгүй бий.
Таны хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд тасралтгүй төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Сарын төлөвлөгөөгөө биелүүлэх хэр хэцүү байдаг вэ?
Хэцүү биш ээ. Зүгээр жоохон л хичээхэд болчихдог. Үйлчлүүлэгчтэйгээ нарийн ойлголцож харилцаад жоохон л зүтгэл гаргахад төлөвлөгөө аяндаа биелчихдэг. Ер нь худалдааны зөвлөхийн ажил их гоё, манай хамт олны уур амьсгал ч гоё учраас өдөр бүр ажилдаа аз жаргалтай ирдэг дэ
Та өөрийнхөө хувь хүний онцлог, давуу талаа юу гэж хардаг вэ?
Би эдийн засаг, математик загварчлал мэргэжлээр бакалавр, статистикийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан. Борлуулалтаа тооцож, төлөвлөгөөгөө биелүүлэхэд сурсан мэргэжил минь давуу тал болдог. Мөн тууштай зарчимч байж цаг баримтлахыг хичээдэг. Хүн аливаа нэг байгууллагад ажиллаж л байгаа бол тухайн компанийнхаа дүрэм журмыг ягштал баримталж өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлээд ажиллах ёстой гэж боддог.Үүнээс гадна манай аав ээж хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг учраас дохионы хэлийг багаасаа сурсан. Энэ маань надад бас нэг давуу тал болдог. Манайхаар үйлчлүүлэхээр ирсэн дохионы хэлтэй хүмүүстэй ойлголцоод бараагаа тайлбарлаад харилцаж чаддаг.
Гэрийн мебелийн тавилгын борлуулалт ямар онцлогтой байдаг вэ?
Маш их ярьж тайлбарлаж, ойлгуулах шаардлагатай байдаг. Бараг интерьер дизайнерын түвшинд мэдлэгтэй, өнгөний зохицол барааны мэдлэг маш сайтай байх хэрэгтэй. Магадгүй худалдааны зөвлөхөөр ажиллах арга барлаа олоогүй байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд нэг үйлчлүүлэгчид ганцхан удаа л бүрэн дүүрэн сэтгэгдэл төрүүлсэн байхад дараа дараагийн олон үйлчлүүлэгчийг дагуулаад ирдэг юм шүү. Миний үйлчлүүлэгч нар 4, 5 жилийн дараа ч байсан “Батням хаана байна” гээд асуугаад ороод ирдэг. Эсвэл найз нөхөд, ах дүү нараа явуулна. Тиймээс үйлчлүүлэгчийг “Энэ хүн нэг л удаа худалдан авалт хийнэ” гэж харахгүй байх хэрэгтэй.
БСБ компанид 5 жил ажиллах хугацаандаа хэр их ажилтнууд дадлагажуулж ажилласан бэ?
10 орчим хүн дадлагажуулж ажилласан. Сүүлийн үед ажиллахаар ирж байгаа залуу хүүхдүүд ярианы чадвар дутмаг санагдаад байгаа. Худалдааны зөвлөхийн ажил бол өмнө хэлсэнчлэн маш их ярьж тайлбарлах шаардлагатай байдаг. Тиймээс сүүлийн үед дадлагажихаар ирж байгаа хүүхдүүдийн ярианы баялаг тал дээр илүү анхаарч байгаа. Түүнээс аливаа зүйлийг ойлгож суралцахдаа сайн байдаг.
Өдөрт хэчнээн хүнд үйлчилгээ үзүүлдэг вэ? Зарим тохиолдолд сэтгэл санаа тогтворгүй үе байдаг шүү дээ. Энэ үед яаж ажилдаа төвлөрч сэтгэл санаагаа бэлтгэдэг вэ?
Мебелийн тавилгын хувьд электрон барааг бодвол харьцангуй тайван байдаг. Миний хувьд өдөрт дунджаар 20 орчим үйлчлүүлэгчтэй харилцдаг. Гэхдээ мэдээж хүн л юм чинь зарим үед сэтгэл санаа тавгүй үе байдаг. Яг тийм үедээ дэлгүүрээ нээхээс өмнө хөгжим сонсож байгаад заалаа цэвэрлэчихээр сэтгэл онгойгоод сайхан болчихдог. Манай БСБ компанийн хувьд ажилтнуудаа тав тухтай стрессгүй ажиллах нөхцөлийг бүрэн бүрдүүлж өгдөг. Бас би энэ жил их азтай байгаа. Би өмнө нь Польш болон Турк улсаар аялах брэндийн уралдаануудад 2-р байранд орсон. Тухайн үедээ “Би ер нь азгүй хүн юм байна даа” гэж бодсон. Харин энэ жил Wojсik брэндийн уралдааны ялагч болж Польш улсаар аялаад ирсэн. Одоо бодоход 2-р байранд орж байсан үеүд минь маш их туршлага болсон байна.
Брэндийн уралдааны ялагч болоод Польш улсад аялсан тухайгаа товчхон дурдаач? Аялал нь сайхан байсан уу?
Үнэхээр гоё байсан. Тухайн брэндийг үйлдвэрлэдэг компанийн хүмүүс биднийг хүлээж авсан. Үйлдвэрүүдтэй танилцаж, миний борлуулдаг тавилгууд хэрхэн үйлдвэрлэгддэг процессыг харсан. Энэ нь барааны мэдлэгт маань маш их тус болсон. Үүнээс гадна зарим үйлчлүүлэгч нар “Танайх бараагаа яг Польш улсаас оруулж ирдэг юм уу? Бүгд л Хятадаас ирж байгаа” гэдэг. Яг ийм үед Польш улсаар аялсан зургуудаа үзүүлээд үйлдвэрийн процесс зэргээ танилцуулаад бодит мэдээлэл хүргэхээр үйлчлүүлэгч илүү их сэтгэл ханамжтай, итгэлтэй үйлчлүүлдэг.
Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
Баярлалаа