АНУ: Ажлын байр утга учрын хямралд өртөж байна
6 сарын 27. 15:280

Цар тахал болон түүний дараах нөхцөл байдлаас шалтгаалан 2022 онд ажилтнууд хэл сураггүй ажлаасаа гардаг үзэгдэл хаа сайгүй дэлгэрсэн билээ. Гэвч өдгөө амьдрал эргээд хэвийн болсон ч зарим оронд ажлын байрны хувьд улам муудаа юу гэлтэй байна. Тухайлбал, АНУ-ын судалгааны Галлуп компанийн мэдээлж байгаагаар ажлын идэвх сүүлийн 11 жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүрсэн гэнэ. Жишээлбэл, хоёрдугаар сарын байдлаар америк ажилтнуудын ердөө 30 хувь нь ажилдаа дуртай, идэвхтэй гэж хариулжээ.

Үүний шалтгааныг мэргэжилтнүүд гэрээсээ ажиллах, залхуурал, ажил олгогчдын итгэл даах чадвар сул зэрэгтэй холбон тайлбарлахыг хичээж байгаа ч нийтээр ярьдаггүй өөр нэгэн шалтгаан байж болзошгүй нь ажилтнуудын өдөр тутмын хийдэг ажил өөрөө байж магадгүй. Зарим хүний хувьд ажил нь утга учиртай, үр дүн, нөлөөтэй байдаг ч, түүнтэй зэрэгцээд ердөө бусдынх нь хувьд ердөө цалин өгдөг газар болж хувиан нь олон. Жишээ нь, 2021 оны Юүгов компанийн судалгааны тайлангаас үзвэл, америкчуудын ердөө хагас нь л өөрсдийгөө хүнд хэрэгтэй ажил хийж байна гэж үздэг гэнэ. Ялангуяа Z болон миллэниал үеийнхэн тэгж бодох нь хамгийн бага байсан гэнэ.

Мөн л 2021 онд Пев Рисирч компани арай өөр өнцгөөс ижил судалгаа хийсэн байна. Тэд хэд хэдэн орны хүмүүсээс амьдралыг нь юу утга уиртай болгож байгааг асуужээ. Үр дүнд нь Итали, Испани, Швед тэргүүтэй орныхонд амьдралын утга учир нь ажил болсон гэж хэлж болохоор хариу гарсан байна. Тухайлбал Италид хамгийн их буюу 43 хувь нь ажлын амьдралын хамгийн том утга учир гэж үзсэн бол испаничууд арай бага ч гэлээ ажлыг ямар ч байсан гэр бүлээс дээгүүрт тавьсан байна. Тэгвэл АНУ-ын хувьд ердөө 17 хувь нь л ажлаас амьдралын утга учир олж хардаг гэжээ. Уг нь 2017 оны ижил судалгаагаар америкчуудын гуравны нэг нь ажлаа амьдралын утга учруудын нэг гэж үздэг байжээ.

Хүмүүс ийнхүү хийж байгаа ажил нь хэнд ч хэрэггүй гэж үзэх болсноор ажлаасаа таашаал авахаа байх нь маргаангүй. Юүговын судалгаагаар ажлаа утга учиргүй гэж үздэг хүмүүсийн 56 хувь нь ажлаасаа ямар ч таашаал авдаггүй гэжээ. Эсрэгээр ажлаа утга учиртай гэж боддог хүмүүсийн 88 хувь нь ажлаасаа таашаал авдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл, ажлын идэвхийн хямрал уул шугамдаа утга учрын хямрал байж магадгүй юм.

Эрдэмтэд олон жилийн турш ажлын дур сонирхол, идэвх чармайлт тухайн ажилтны ажлаасаа олж харж буй утга учиртай шууд хамааралтай гэдгийг янз бүрээр нотолсоор ирсэн. Америкийн сэтгэл судлалын холбоо ажлаасаа утга учир олж хардаг хүмүүс илүү идэвхтэй, хариуцлагатай, эрүүл байгааг үргэлж онцолдог. Мөн ажилтнуудын сайн сайхны талаар судалдаг “Ажиллахад таатай газар(Great place to work)” фирм ажилчид нь хийж буй ажлаа утга учиртай гэж боддог компаниудад хүмүүс илүү идэвхтэй, аз жаргалтай байгааг 2022 онд судалгаагаар тогтоосон байдаг. Тэд мөн миллэниал үеиэн болон эмэгтэйчүүд хийж буй ажлаа ердийн нэг ажил төдий гэж бодохгүй байснаар тэр ажилдаа үлдэх магадлал гурав дахин их байгааг баталжээ. Мөн өөр нэгэн судалгаагаар Z үеийнхэн ажлаасаа утга учир олж харахгүй бол түргэн өөр ажил олж хийх, гарах нь харьцангуй олон байгааг мэдээлсэн байна.

Мэдээж зарим ажлын байр цаанаасаа л утга учиртай байдаг. Жишээлбэл, эрүүл мэнд, боловсрол нийгмийн салбарынханд бол өдөр бүр нэг ажлаа давтаж хийсэн ч тэр нь нийгэмд асар их нөлөөтэй байдаг. Гэтэл борлуулалт, медиа, харилцаа холбоо, үл хөдлөхийн салбарын ажилтнууд дунд ажлаа хэнд ч хэрэггүй гэж бодох нь хамгийн түгээмэл болжээ.

Тэр байтугай тэд ажлаа ямар ч бутээмж байхгүй, өдөржин мэйл явуулахаас хэтэрдэггүй гээд “хулхи мэйлийн ажил” гэж нэрлэдэн болсон байх жишээтэй. Цаашлаад “хэнд ч хэрэггүй” ажил олон дахин давтаж хийх нь сэтгэл зүйд хортой талаар сэтгэл зүйчид анхааруулж байна. Тухайлбал, судлаач Дэвид Грэйбер 2013 онд дээрх төст ажлуудыг “новшийн ажил” гэж нэрлээд “ийм ажил хийдэг хүмүүс ажил нь ямар ч хэрэггүй, тэр ажлыг хийсэн, хийгээгүй хорвоод ямар ч ялгаа байхгүй гэж боддог” хэмээн тайлбарлажээ. Тэрээр 2018 онд бичсэн номдоо энэ төрлийн судалгаануудаас эш татан захиргааны туслах, борлуулалт, бизнес санхүү, менежменийн ажлын байрууд хамгийн “утгагүй” хэмээсэн агаад “утгагүй” ажил ажилтны сэтгэл зүйг гүн хохироодог тухай бичжээ. Тэрээр “утгагүй” ажил хийснээр тухайн хүний бахархал үгүйрч, маш их уур уцаартай болдог гэжээ.

Гэтэл өөр судлаачид асуудлыг өөр өнцгөөс харжээ. Тэд ажилтнууд ажлаа “хэнд ч хэрэггүй” гэж бодох нь ажлаас биш, ажлын орчноос шалтгаалж байна гэж үзсэн байна. Жишээлбэл, 2021 онд Кэмбрижийн их сургуулийн нийгмийн ухааны профессор Брендан Буршелл өөрийн биеэр Грэйберийн онолыг эсэргүүцсэн нэгэн судалгааг ахалжээ.

Түүний судалгааны үр дүнд муу удирдлага, хамт олны хүйтэн харилцаа, ажил олгогчийн анхаарал сул зэрэг сөрөг хүчин зүйл ажлыг “утгагүй” болгоход нөлөөлдөг нь батлагдсан байна.

Үүнтэй холбоотойгоор 2019 оны өөр нэгэн судалгаанаас үзвэл, хувиараа ажилладаг хүмүүс байгууллагад ажилладаг хүмүүсээс илүү ажлаа утга учиртай хэмээн үнэлдэг нь ойлгомжтой болжээ. Үнэхээр ч 2020-2023 оны хооронд хувиараа ажил эрхэлдэг хүмүүсийн тоо АНУ-д 400 мянга орчмоор нэмэгдсэн барим бий. Түүнчлэн америкчууд 2020 оноос өмнөх үеийг бодвол өөрсдөө бизнес эхлүүлэх нь 59 хувиар нэмэгдсэн байна.

Энэ бүгдийг дүгнээд үзэхэд, хүн бүр өөрийнхөө гүйцэтгэх захирал болохыг илүүд үзэж байгаа энэ үед ажил олгогчдод хэрхэн ажилтнууддаа ажил нь утга учиртайг ойлгуулах аргаа олох зайлшгүй шаардлага тулгарчээ. Буршеллийн бичсэнчлэн “Менежерүүд ажилтнуудаа сайн сонсож, хүндэлж, дэмжиж ажилладаг, боломж гарвал ажилтнууд өөрийн шинэ санааны дагуу үр дүн гаргадаг байвал ажил тжр болгон утга учраа алдаад байхгүй”. Иймд АНУ гэлтгүй дэлхийн бусад орон ч ажлын байр, орчин соёлдоо анхаарахгүй бол утга учрын хямрал хаа сайгүй газар авч болзошгүй байна.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48