Гадны олон орныхны нүдээр Европ бол ээлжийн амралт, соёл, ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг эрхэмлэдгээрээ амралтын хувьд мөрөөдлийн газар мэт санагддаг.
Гэвч европчууд өөрсдөө тэгж хардаггүй бололтой. Хэдий тэд ихэнх орныхноос их амардаг хэдий ч чухамдаа хангалттай амарч чаддаггүй гэж сүүлийн үеийн нэгэн санал асуулгад олонхоороо хариулжээ.
Жишээлбэл, Герман, Францад ээлжийн амралт хамгийн урт буюу 31, 33 өдөр байдаг. Аль аль нь нэг сараас илүү хугацаа. АНУ-ын ээлжийн амралтын хажууд 2.5 дахин урт. Гэтэл Герман, Францын 11500 ажилтнаас санал хураахад олонх нь энэ хугацааг хангалттай гэж үздэггүй байна.
Эсрэгээрээ АНУ, Японы ажилтнууд дээрхээс илт цөөн хоног амардаг хэр нь санал асуулгад оролцохдоо илүү олуулаа амралтын хугацааг тун хангалттай гэж үздэгээ илэрхийлсэн байна. Нарийвчилбал, АНУ-ын 65 хувь, Японы 53 хувь нь илүү их амралт хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн бол энэ тоо Германд 84 хувь, Францад 69 хувь байна.
Европчууд илүү их амралт хүсэж байгаагаас харахад ажил, амьдралын тэнцвэр гэдэг том ойлголтыг амралтын хугацаа дангаараа дааж явдаггүй бололтой.
Ерөнхийдөө орон орныхны амралтын талаар үзэл бодол, хаана хэрхэн амардаг соёл үүнд том нөлөө үзүүлж байна.
Статистик жишээ авч үзэхэд, АНУ-д ажилчид жилд дунджаар 1811 цаг ажилладаг бол Германд 1341, Францад 1511 цаг ажилладаг аж.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нийгэм олонхоороо ажил, амралтын талаар бодол нь тодорхой түвшинд хүрмэгц мөнгө санхүүгээс илүү чөлөөт цагийг сонгох хандлагатай болдог нь Европын жишээгээр батлагдаж байгаа бололтой.
Цаашилбал, Хонгконг, Япон тэргүүтэй азийн орнуудад ажилтнууд хэрхэн ажиллах, амрах талаар өөр бодолтой, аргатай байдаг нь барууныхны анхаарлыг татаж эхэлсэн байна.
Хонгконгод хүмүүс ээлжийн амралтаа аль болох уртасгахын тулд нийтийн баяр ёслолтой өдрүүдтэй давхцуулдаг гэнэ. Энэ арга Сингапурт ч гэсэн түгээмэл байдаг аж.
Харин Японд хүмүүс жилд ихдээ 19 хоног амардаг, заримдаа үүнээс долоо хоног нь хасагддаг гэх боловч санал асуулгын дүнгээс харахад япончууд амралтын хугацаа хэтэрхий богино гэж бодох нь бусад орныхоос хамгийн бага байна.
Энэ талаар Экспэдиагийн олон нийттэй харилцах албаны дарга Мелани Фиш “япончууд ойр ойрхон олон амралт авдаг. Тэд жилд нэг, хоёр удаа биш, сар болгон бага багаар амардаг. Гэтэл Францад бүтэн сар гаруй амраад ч хангалттай санагдахгүй байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Fortune