Ажлын байран дээр олон янз байдлыг хэрхэн цогцлоох вэ
7 сарын 30. 14:010

Ажлын талбар дээр орчин цагт олон янз байдал мода, тренд болон гарч ирж, жил ирэх тусам түүнээсээ дэвшиж, зөвхөн тоо, бодлого, зорилт биш, зайлшгүй байх ёстой чухал сэдэв, соёл болтлоо хөгжжээ. Чухамдаа ажлын байран дээрх олон янз байдлыг хангана гэдэг нь хүн нэг бүр үнэ цэнтэй, байр суурьтай, урам зоригтой, өөрийн онцгой санал санаачилга, харах өнцгийг бусадтай илэн далангүй хуваалцаж чаддаг ажлын орчин бүрдүүлнэ гэсэн үг юм. Цаашлаад, ойлголтын хувьд олон янз байдал гэдэг бол зөвхөн арьсны өнгө, үндэс угсаа гэх мэт илэрхий ялгаатай байдлыг бус хүн нэг бүрийн онцгой байдлыг хүндэтгэн, хамтдаа хөгжихөд чиглэдэг болжээ. Үүнийгээ дагаад олон янз байдлыг ажлын байран дээр цогцлооно гэдэг байгууллага, ажилтнууд, ажил олгогч нараас анхаарал, хичээл зүтгэл шаарддаг нарийн асуудал болсон байна.

Энэ явдал нийгмийн ямар том шаардлага болж байгаагийн жишээ нь, АНУ-ын ажиллах хүчин хэдхэн жилийн дотор урьд хэзээ ч байгаагүйгээрээ олон янз цогцолж, бизнесүүд ч үүнд дасан зохицохоос өөр аргагүйд хүрч, цаашлаад хэн хурдан дасан зохицож чадсан нь хождог болжээ. Түүнчлэн мэргэжилтнүүд дээрх олон янз байдлыг хүн төрөлхтний хувьсалд ч нэн чухал үүрэгтэй гэж үзэж байна. Иймд ажлын байран дээрээ олон янз байдал, хүн бүрийн оролцоог хангаснаар илүү хүртээмжтэй, шударга, нийгэмд манлайлагч, нөлөөтэй байгууллага болохоос гадна хүн бүрийн амьдралын сайн сайхныг сайжруулах давуу талтай юм.

Иймд эл нийтлэлээр олон янз байдал, хүн бүрийн оролцооны ашигтай талыг харж, ажил олгогчийн хувьд хэрхэн энэ талын боловсролтой болох, өөрийн байгууллагад нутагшуулж, эн тэргүүний чухал асуудал болгох талаар авч үзье.

 

АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ОЛОН ЯНЗ, ОРОЛЦОО ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙНА ВЭ?

Сүүлийн арван жилийн дотор дээрх хоёр ойлголт нэн их анхаарал татаж, хаа сайгүй дуулдах боллоо. Энэ хоёр болбоос хоорондоо салшгүй холбоотой, гэхдээ компанийн соёл, практикт олон нарийн уялдаатай ойлголт юм.

Юу юуны түрүүнд ажлын байран дээрх олон янз байдал гэдэг бол хүний нөөцийг гарал угсаа, яс үндэс, хүйс, хүйсийн баримжаа, нас, шашин шүтлэг, тусгай хэрэгцээ, бэлгийн чиг хандлага гэх мэт хүчин зүйлийн хувьд олон янз хүмүүсээр бүрдүүлэхийн нэр юм. Эрх зүйн хүрээнд дээрх хүчин зүйлсэд үндэслэн ялгаварлан гадуурхах үйлдэл бол хууль бус гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Мөн дээрх хуулиар хамгаалагдсан олон янз байдлаас гадна боловсрол, ар гэрийн байдал, гэрлэсэн эсэх, царай төрх, хувийн дадал, зуршил гэх мэтээр олон янз байдлууд бий.

Харин хүн бүрийн оролцоо гэдэг бол хүн тус бүр үнэ цэнтэй, байр суурьтай, байгууллагын соёл болоод аливаа шийдвэрт оролцоотой байхын нэр. Олон янз хүний нөөц гэдэг бол өөрөө байгууллагад маш том давуу тал. Үүн дээр нэмээд олон янз хүний нөөцтэй байснаар тухайн байгууллагад олон өөр өөр харах өнцөг, туршлага нийлснээр ажилтнууд дундаас шинэ, зөв санаа гарч ирж, бүтээгдэхүүн, үйлчилгээг юу юунаас илүү боловсронгуй болгодог сайн талтай.

 

Ажлын байран дээрх нийтлэг олон янз байдлыг авч үзье.

  • яс үндэс хийгээд соёлын ялгаа. Ажлын байран дээр яс үндэс, соёлын хувьд ялгаатай олон хүн цугладгийн нэг нь та өөрөө. Энэ олон янз байдал таныг болон бусдыг тодорхойлж, зан чанар, нэр нөлөөг бүтээн нэгнээсээ суралцах боломжийг хангадаг билээ. Бусад соёлын тухай сурснаар өөр өөр үзэл бодол, байрсуурийг ойлгож, ажлын байран дээрх хэвшмэл болон хувийн буруу ойлголтыг засахад тустай.
  • Шашны ялгаа. Бүх шашны сүсэгтэн оролцоотой байх боломж бүрдүүлнэ гэдэг ажлын байрны хувьд нэн чухал. Эхний алхам бол тэдний ялгааг ойлгож, хүндлэх явдал юм. Магад та өөрөө сониуч зантай бол ажлын хамт олныхоо шашны онцлогуудыг сонирхдог байх. Тэгвэл маш сайн. Гэвч зарим хүн тэр талаар ярилцах тийм ч дуртай байдаггүй. Тийм тохиолдолд өөрөө уншиж судлах цахим эх сурвалжууд олон бий шүү. Хамгийн гол нь хэний ч шашны үзэл бодол, зан үйлийг ажлын хариуцлагатай хольж хутгаж, дайсагнасан үйлдэл бүү гаргаарай.
  • Хүйсийн чиг баримжаа, бэлгийн хандлага. ЛБГТИК+ эрхийг хамгаалах явдал сүүлийн хорин жилд эрчимтэй яригдаж байна. Та ч гэсэн ЛГБТИК+ хамт олныхоо эрх ашгийг хамгаалж, ажлын байран дээрх элдэв дарамт, алагчлалыг зогсоохын төлөө ажилд гар бие оролцож болно.
  • Үе хоорондын ялгаа. Ажлын байран дээр насны ялгааг анхаарах нь тун чухал. Хамт олон бүүмер, X, Миллэниал, Z гээд ямар үе байхаас хамааран ааш зан, үнэт зүйл, ажиллах арга барил, харилцаа хандлага өөр өөр байдаг. Энд Z үеийнхэн хэзээ хэзээнийхээс илүү гарал угсаа, яс үндсийн хувьд олон янз үеийнхэн бөгөөд түүнээсээ шалтгаалан ажлын байрыг бүхэлд нь өөрчилж байгааг анхаарч үзэхэд илүүдэхгүй. Ийн өөрчлөгдөж байгаа ажлын байран дээр хүн бүр нийтлэг талаа олон нэгдэж, ялгаатай талаа мэдэн нэгнээсээ суралцаж, хамтдаа цоо шинэ санаа гарган хамгийн үр дүнтэй гаргалгаагаар ажиллах хүчээ цэнэглэх нь хамгаас чухал.

Олон янз хүний нөөц бүрдүүлээд бүх зүйл болчихгүй гэдгийг санаарай. Олон янз ажилтнуудынхаа тусыг бүрэн хүртэхийн тулд хүн бүр оролцоотой ажлын орчин бүтээхэд ажил олгогч чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ямар ч амьдралтай ажилтан ялгаа, онцлогоос үл хамааран үнэ цэнтэй, тав тухтай ажиллах ажлын байр гэсэн үг. Оролцоо сайтай ажил дээр хүн бүр өөрийн санаа бодол, харах өнцгөө эмээх юмгүй илэрхийлж чаддаг, тэр оролцоо нь байгууллагад хувь нэмрээ оруулдагт итгэдэг.

Ажлын байрны олон янз байдлыг бүрдүүлэхэд гэвч дан ганц сайн санаа хангалттай биш. Ажилтан бүр үнэ цэнтэй, хамт олны салшгүй хэсэг гэдгийг мэдрүүлэхийн тулд тодорхой бодит үйлдлүүд хэрэгтэй. Цаашлаад байгууллагын ёс суртахуун ч бүгдэд тэгш үйлчлэх ёстой болно. Ажил олгогчийн зүгээс шударга, ёс зүйтэй бодлого, үйл ажиллагаа, санаачилга хэрэгжүүлж, ажилтнуудын хөдөлмөрийг шударгаар үнэлэх хэрэгтэй.

Дүгнээд хэлэхэд, ажил олгогч нь ажилтны хүйс, арьсны өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагыг үл харгалзан ур чадвар, мэргэжилд тулгуурлан амжилтад хүрэх боломжийг шударгаар олгох ёстой гэсэн үг. Мөн хүн бүр хамт олноо дэмжихийн тулд хувь хувьдаа тодорхой хүчин чармайлт дайчлах хэрэгтэй байх нь.

 

 

 

АЖЛЫН БАЙРАНД ОЛОН ЯНЗ БАЙДАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Дээрх мэдээллээс ажлын байран дээр олон янз, эрх тэгш, оролцоотой байдлыг хангах нь илүү бүтээлч, үр дүнтэй, таатай орчин бий болгодог талаар гадарлахаар боллоо. Тжгвал одоо олон янз байдлаас хүртэж болох илүү нарийн үр дүнгүүдийн талаар авч үзье.

  • Бүтээлч чанар, инновацийг сайжруулна. Өөр өөр орчноос цугласан хүмүүс нэг дор цуглан ажлын байрны олон янз хүний нөөцийг бүрдүүлж ажиллахдаа өөр өөрийн онцгой туршлага, мэдлэг, үзэл бодлыг нийлүүлдэг. Энэ бүх ялгаатай талууд холилдсоноор аливаа асуудалд илүү бүтээлч, алсын хараатай, зөв шийдэл олоход тусалдаг.
  • Идэвх санаачилга нэмэгдэнэ. Аливаа ажилтан ажил дээрээ үнэ цэнтэй, өөрийнх нь үзэл бодол бусдад хэрэгтэйг мэдсэн цагт мэдээж ажилдаа илүү идэвхтэй, санаачилгатай оролцоно шүү дээ. Миний оролцоо чухал, миний санаа бусдад хэрэгтэй гэж үздэг ажилтан ажлаасаа илүү сэтгэл ханамж мэдэрч, урам зориг авч, бүтээлчээр ажиилана.
  • Ажлын эерэг орчин бүрдүүлнэ. Оролцоо сайтай, хүртээмжтэй ажлын байр ажилтнуудын дунд хүндлэл, багийн ажиллагаа, сайхан сэтгэл төрүүлдэг. Улмаар хүн ажил дээрээ өөрийнхөөрөө, тухтай байж чадсанаар хамт олонтойгоо сайхан харилцаа тогтооход илүү амар болно. Ингэснээр ажлын байр илүү өндөр соёлтой, нэгнээ дэмждэг, оролцоо сайтай, сайн сайхан болно.
  • Сэтгэхүйн эрүүл мэндэд тустай. Олон янз байдлыг дэмжёэн ажлын байр сэтгэхүйн эрүүл мэндэд нэн тустай. Ажилтны онцлог тал, туршлага зохих ёсоор үнэлэгдэж, хэрэг болж байгаа нь түүний хувьд хамт олон болон ажил олгогчтойгоо илүү дотно, дулаан харилцаатай байх үндэс болдог. Ингэснээр стресс багасаж, аж жаргал нэмэгдэнэ.
  • Бусад соёлын тухай мэдлэг, мэдрэмжтэй болно. Янз бүрийн хүмүүстэй хамтран ажилласнаар бусад соёлын тухай нарийн ширийн зүйлсийг мэддэг, анзаардаг болно. Улмаар зөвхөн хамт олон биш, нийгмээ ч мэдэрч, хүн бүртэй таатай харилцаа тогтооход дөхөм болдог.

 

АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ОЛОН ЯНЗ, ОРОЛЦООТОЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ЦОГЦЛООХ ВЭ?

Хүн бүрд хүртээмжтэй, найрсаг ажлын байр бий болгоход ажилтан бүр хувь нэмрээ оруулж байдаг тул ажилтан нэг бүрийн үүрэг чухал. Тиймээс таатай ажлын орчин бүтээлцэх үйлсэд тууштай оролцож, хамт олныхоо санаа бодлыг хүндэтгэж, хамтдаа хөгжих нь чухал гэдгийг санах хэрэгтэй.

Иймд ажлын байран дээр олон янз байдлыг дэмжих, цогцлоох зарим аргуудаас жишээ болгон үзье.

  1. Сурах хэрэгтэй. Ажлын байр дээрээ олон янз байдлыг цогцлоох, дэмжих хамгийн сайн аргуудын нэг бол олон янз байдал болон тэгш эрх, оролцооны тухай суралцах явдал юм. Үүний тулд сургалтад хамрагдах, ном, нийтлэл уншиж судлах, олны үзэл бодолтой танилцах зэрэг арга хэрэгжүүлж болно. Цаашлаад хамт олныхоо соёл, үнэдэс угсаатай танилцаж, ёс заншлаас нь суралцаж болох юм. Энэ талаар мэдлэг зузаарах тусам та ажлын байран дээр тааралдаж болзошгүй өрөөсгөл ойлголт, ялгаварлан гадуурхалтыг хэрхэн шийдэх талаар ойлголттой болно.
  2. Ярилц. Хэрэв ажил дээр алагчилсан ямар нэг явдал тулгарсан бол тэр талаар чөлөөтэй дуугарч, тэр талаар ярилцаарай. Тэгэхдээ хүн бүрд хүндэтгэлтэй, зөрчилдөөнгүй байхаа мартаж болохгүй. Жишээлбэл, үгийн хүчийг, хэрхэн нөлөөлж болохыг сануулж, өөр үг ашиглах талаар санал болгож болох юм. Мөн олон янз байдал, тэгш эрх, оролцооны тухай хамт олондоо сурталчилж болно.
  3. Хэвшмэл ойлголтыг эвд. Заавал өөрийн биш, бусдын ч гэсэн ялгаатай талын өмнөөс дуу хоолойгоо сонсгож бай. Өөрийнхөө тухай бусдын хэвшмэл ойлголтыг залруулж, бусдыг ч гэсэн уриалах хэрэгтэй. Үүний тулд та өөрөө ч бусдын угсаа гарлын тухай элдэв хэвшмэл ойлголтуудаас өөрөө ангид байж, нээлттэй суралцахад бэлэн байгаарай.
  4. Олон янз үйл ажиллагаанд оролцож бай. Байгууллагуудад ямар нэг зорилго, санаачилга бүхий бүлгүүд, хороод, багууд, олон янз байдлыг дэмжих, цалингийн тэгш эрхийг хангах зэрэг бүлгэмүүд байдаг. Тэдний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж болно. Жишээлбэл, сайн дураараа бүлгэм удирдах, туслах, ажилчдын сдалгаанд оролцох, санаа дэвшүүлэх, хөтөлбөр зохиоход туслах зэрэг байж болно. Хэдий иймэрхүү үйл ажиллагаа цаг шаарддаг ч эргээд танд их тустай байдаг.
  5. Олон янз хүмүүсийг ажилд авахыг дэмж. Ажил олгогчоо янз бүрийн хүн ажиллуулж, ажилын байран дээрх олон янү байдлыг хангах тал дээр дэмжиж ажиллаарай. Жишээлбэл, хүн санал болгох, эсвэл олон төрлийн стратеги сурталчилж болно.
  6. Холбоотон бай. Цөөнх болж буй бүлгийн хамт олонтойгоо холбоотон болж, тэднийг дэмжиж, сурталчлах хэрэгтэй. Ажлын байрыг илүү хүртээмжтэй болгохын тулд нэгэндээ тустай, санаачилгатай, нөхдийнхөө хувь нэмрийг идэвхтэй сурталчлагч байх хэрэгтэй.
  7. Сур сур бас дахин сур. Ажлын байран дээр олон янз байдал цэцэглүүлнэ гэдэг бол хүрэх зорилго биш, хэрэгжүүлэх ажил юм. Үүнд цаг хугацаа, тууштай зүтгэл, тэвчээр шаардалагатай. Иймд үргэлж суралцаж байгаарай. Эргэн тойрныхоо хүмүүсийн санал хүсэлтийг сонсож, хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй. Олон янз байдлыг ойлгож амжаагүй хамт олондоо тэвчээртэй хандахыг хичээгээрэй. Ихэнх сөрөг хандлага муухай ааш, үзэн ядалтаас биш, үл мэдэхээс болсон байдаг.

 

Эх сурвалж: MONSTER

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48