Шинэ хууль батлагдсанаар ажлын бус цагаар ажлын шуудан, мессеж, дуудлага ирэх зэргээр хувийн амьдралыг аажим аажмаар эзлэн түрэмгийлдэг байдал үгүй боллоо хэмээн тус хуулийг дэмжигч нар шагшин магтаж байна.
Амралтын өдрөөр даргаас мессеж ирж, ажлаасаа гараад харьж явахад ажил дээрээс дуудлага ирж залхаадаг уу?
Австралид батлагдсан “Утсаа салгах эрхийн” хуулийн дагуу ажилтнууд ажлын бус цагаар ажилтай холбоотой хэний ч, ямар ч дуудлага, мессеж, шууданг үл тоох эрхтэй боллоо.
Свинбурнийн технологийн их сургуулийн профессор Жон Хопкинс “Дижитал технологи дэлгэрээгүй урьд цагт хүмүүс ажлаа тараад гэртээ харьсан л бол маргаашийн ажлын цаг эхэлтэл тайван амардаг байлаа. Харин одоо дэлхийн бүх газарт ажлын бус цагаар, шөнө, орой, амралтын өдрөөр хүртэл утсаар ажиллахаас аргагүй байдал үүсдэг нь хэвийн үзэгдэл болжээ” гэсэн байна.
Австралийн судалгааны хүрээлэнгийн тайлагнаснаар 2023 онд л гэхэд нийт австрали ажилтнууд дунджаар цалингүй 281 илүү цаг ажилласан байна. Өөрөөр хэлбэл 88 тэрбум ам.доллартай тэнцэх үнэлгээтэй хөдөлмөр гэсэн үг.
Шинэ хууль баталснаар Австрали ихэвчлэн Европ, Латин Америкт байдаг ижил хуультай хорь гаруй орны нэг болж байгаа юм.
Анх Францад дээрхтэй ижил хуулийг 2017 онд баталж, дараа жил нь ажилтнуудаасаа үргэлж утсаа нээлттэй байлгахыг шаарддаг Рентокил Инишиал компанийн 66700 ам.доллараар торгож байв.
Эх сурвалж: Fast Company