Ажлын байр гэдэг ол хэд хэдэн талаараа интровертүүдэд бэрх орчин. Тэгвэл, тэр хүнд бэрхийг туулж амжилтад хүрсэн гүйцэтгэх захирал Дэб Лю зан чанар нэгт нөхдөдөө дараах зөвлөгөөг өгчээ.
Дэб Лю Facebook компанийн ахлах төлөөлөгчдийн нэгээр ажиллан Facebook Marketplace гэдгийг бүтээлцэж байгаад 2021 оноос хойш ген судлалын Ancestry.com компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж яваа амжилттай эмэгтэй.
Лю өмнөх ажил дээр нь ур чадвартай хэр нь бараа бүтээгдэхүүн, байгууллагаа танилцуулахдаа тийм ч сайнгүй тул тушаал дэвшиж ер чаддаггүй нэгэн бүтээгдэхүүний менежер байсныг дурсжээ.
Тэрээр “Бүтээгдэхүүн болон ерөнхий манлайлал тийм ч чухал биш. Ердөө нэг сайн бүтээгдэхүүнтэй байгаад нэмэргүй, сайн маркетингтай байх нэн чухал. Хэрэв чийдэн үйлдвэрлэдэг бол чийдэнг биш, гэрлийг зарж байна гэсэн үг. Тэр уг нь маш их чийдэн бүтээж, айл болгоныг гэрэлтүүлж байсан. Гэвч тэр гэрэл зарж байгаа гэдгээ өөрөө ойлгоогүй байж билээ” хэмээн дурсжээ.
Хэдий иймэрхүү тохиолдолд ур чадвартай, сайн ажилтнууд анзаарагдахгүй өнгөрөх нь шударга бус ч гэлээ амьдрал “угаасаа л ийм” шүү дээ. ийм амьдралд интроверт хүмүүс дасахаас өөр аргагүй байдаг.
Иймд Лю “Эн тэргүүнд хүн бүр өөрийнхөө хамгийн шилдэг борлуулагч гэдгийг мэдэж, ухамсарлах хэрэгтэй. Хүний санаа бодол, ур чадварыг өөрөөс нь илүү борлуулж чадах хүн гэж үгүй. Тийм болохоор юу хийж байгаа, юу сэдэж байгаагаа хуваалцах нь чухал. Хорвоо дэлхий дээр гайхамшигтай шинэ бүтээл бий болсон ч түүний тухай хэн ч мэдэхгүй өнгөрчихсөн бол тэр бүтээл одоо байх болов уу? Иймд бүтээгдэхүүнд хамгийн чухал зүйл бол борлуулалт яах аргагүй мөн” гэж ярьжээ.
Мөн тэрээр аливаа байгууллагын удирдлагууд амжилтад нь хүн бүрийн оруулсан хувь нэмрийг илүү жигд ойлгож, хүлээн авах аргад суралцах ёстой гэсэн байна.
“Ажлын байрыг өөрчилж чадвал хүн бүр амжилтад хүрч чаддаг болно. Интроверт хүмүүсийг илүү олноор амжилтад хүргэж, тэдэн шиг хүмүүст илүү том орон зай олгохын тулд интроверт хүмүүс удирдлагын албан тушаалд олноор гарах хэрэгтэй” гэж тэр үзжээ.
Тиймээс Лю дээрх үзлээ бодит болгохын тулд өөрийн хэрэгжүүлсэн аргыг хуваалцсан байна.
“Сүүлийн хэдэн жил манай удирдлагын багууд хүн бүрээс санал авдаг арга хэрэглэж байгаа. Эхлээд хүн бүрд дугаар өгч, аливаа баримт бичиг дээр тус бүрчлэн оффлайн санал авдаг юм. Ингэснээр тэр баримт бичигт хүн бүр өөр өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломжтой болж байгаа юм. Харин дараа нь тэр талаараа ярилцана. Мэдээж эхлээд экстроверт хүмүүс эхлээд ярина л даа. Гэхдээ хүн бүрд ярих зай бий. Тэгж байж бүгдийнх нь яг юу бодож байгааг мэддэг юм” гэжээ.
Лю хэдий анхнаасаа үзэл бодлоо сайн илэрхийлж чаддаггүй байсан ч үг хэлэх арга барилд суралцах боломжтой гэдэгт итгэдэг байжээ.
Лю “зүгээр л “Надад эвгүй байна” гээд орхиж болохгүй. Хүмүүс дандаа л “Та нар миний санааг ойлгохгүй ээ, та нарт таалагдахгүй. Би их дотогшоо хүн” гэдэг юм. Тэгэхэд нь би “Би ч гэсэн тийм л байсан шүү дээ” гэж боддог. Гэхдээ тэгж хэлэхийн оронд “Зүгээр ээ, ярьж сурах хэрэгтэй. Ярьж сурах гэдэг боломжгүй зүйл биш. Эвгүй байхаа болихгүй. Таалагдах ч албагүй. Гэхдээ л заавал ярьж сурах хэрэгтэй” гэж зөвлөдөг юм” хэмээжээ.