Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
10 сарын 24. 21:230

Ажил хайж байх үед шантармаар, урам хугармаар үе олон таардаг. Гэвч аль нэг ажилд орохоор ихэд хичээж, цаг зав зарцуулж байхад хариу хэлэлгүй таг болох хамгийн муухай мэдрэмжүүдийн нэг. Хэн нэг хариу хүлээж буй хүнд хар, цагаан ямар ч үг хэлэлгүй таг болно гэдэг бол өнөөгийн нийгэмд алхам тутамд тааралддаг үйлдэл. Бид өөрсдөө ч заримдаа санаатай, санаандгүй хэн нэгэнд хүлээсэн хариуг нь хэлэлгүй орхичих үе ч бий. Судалгаанаас үзвэл, 2022 онд л гэхэд нийт ажил хайгчдын 77 хувь нь аль нэг ажил олгогчоос ямар ч хариу сонсолгүй өнгөрсөн гэнэ. Түүний арван хувь нь бүүр ажилд авна гэж тохиролцчихоод таг болсон тохиолдол гэнэ. Иймд мэргэжлийн менежерүүд ажил хайх болон ажлын ярилцлагад орох ямар шатанд ямар төсөөлөлтэй, юу хүлээх хэрэгтэй талаар зөвлөжээ.

Танилцуулга илгээх үе

Аливаа байгууллага нээлттэй орон тоо зарлахад дунджаар 200 гаруй танилцуулга ирдэг гэнэ. Зарим нийтлэг ажлын байран дээр бол үүнээс ч олон ирэх нь энгийн явдал аж. Тэгвэл байгууллага, тэр дундаа хүний нөөцийн алба болгон ирсэн танилцуулгуудаас шүүх, шилж сонгох, нягтлах гэх мэт үйл явцуудын дараалал, арга барил, хурд зэргээрээ ялгаатай байдаг гэнэ.

Зарим байгууллага үнэхээр сэтгэл гарган ирсэн бүх танилцуулгыг уншиж, тухайн ажлын байранд биш ч өөр орон тоонд томилох боломжтой эсэхийг бодож үздэг ч тэглээ гээд эхний шатанд тэнцээгүй хоёр зуун хүнд хариу шуудан бичнэ гэдэг мэдээж худлаа.

Аливаа байгууллагад маш их найдаж, үнэхээр тухайн орон тоонд өөрийгөө тэнцэнэ гэж бодон танилцуулгаа илгээсэн ч хариу дуулдахгүй байх хэцүү ч гэлээ энэ шатанд бол ажил хайгч хариу хүлээх үнэндээ шаардлагагүй, хариу хэлээгүй нь ажил олгогчийн буруу биш гэж ойлгох хэрэгтэй аж.

Гэхдээ таны танилцуулгыг уншаагүй өнгөрчихсөн эсэхийг тодруулахыг хүсвэл тухайн байгууллагын цахим шуудангаар дамжуулан холбоо барихад буруудах зүйлгүй ээ.

Анхан шатны ярилцлагын дараа

Нэгэнт та тухайн байгууллага дээр очиж хүний нөөцийн мэргэжилтэнтэй, эсвэл холбогдох албаны даргатай уулзаж, ярилцсан бол ярилцлагын дараа хэн нэгэн заавал тантай дахин холбоо барьж, дараагийн шатны ярилцлагад тэнцсэн эсэхийг мэдэгдэх ёстой.

Гэвч энэ шатанд маш олон хүн хариу сонсож чадалгүй тэгэсхийгээд мартчихдаг. Иймд дээрх шиг тодорхойгүй байдалд орохгүйн тулд ярилцлагын төгсгөлд хэдий болтол ажилтан шалгаруулах талаар асууж мэдэх нь зүйтэй. Тухайн хугацаанд эргэн холбоо бариагүй байгууллагыг тайван мартаж болно шүү дээ.

Хоёр болон түүнээс цааших ярилцлагуудын дараа

Эхний ярилцлага дээр асуух ёстой өөр нэг зүйл гэвэл, тухайн байгууллагын ажилтан шалгаруулж авах үйл явц юм. Энэ тал дээр байгууллага бүр өөр өөрийн онцлогтой. Зарим нь хэд хэдэн шатны ярилцлага авсны эцэст дадлага, туршилтын хугацаанд ажиллуулж байж хэрхэхээ шийддэг байхад зарим нь шууд ажиллуулж эхэлдэг. Тиймээс ажилтан шалгаруулж авах хугацаагаар дуусахгүй, ямар ямар шаттай гэдгийг тодорхой мэдэж авснаар хариу сонсолгүй мартагдахаас сэргийлж болох юм. Нэгэнт цаг хугацаа болон үе шатыг нь мэдсэн бол тухай тухай үед нь өөрөө холбоо барьж, юу болж байгааг тодруулж болно шүү дээ.

Эцэст нь гэхэд, ажилд тэнцээгүй гэдгээ мэдлээ гээд тухайн байгууллагатай тооцоо дуусахгүй. Ямар шалтгаанаас болоод тэнцээгүй гэдгээ асууж, мэдэж авснаар тус асуудалд анхаарлаа хандуулж, дараагийн ажилд танилцуулга илгээхдээ, ярилцахдаа засаж болох юм.

Түүнээс гадна эхний ярилцлагын дараа ажил горилогчийг үл тоож орхино гэдэг бол маш том алдаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнтэй ярилцах цаг гарсан юм чинь ажилд тэнцээгүй гээд мэдэгдчих цаг ч гарж л таарна шүү дээ. Гэтэл үл тоож орхисноор таагүй сэтгэгдэл үлдээнэ. Үл тоосон хүн чинь дараа танай байгууллагын өөр орон тоонд төгс тохирох, эсвэл том үйлчлүүлэгч, түнш болох ч юм билүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12