Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
11 сарын 14. 21:280

Ажил дээрээ нүүр улаймаар онцгүй алдаа гаргаж үзээгүй хүн хэрвээ байдаг бол тэр хүн ямар нэг супер хүчтэй байхаас гарцаагүй.

Өөрөөр хэлбэл, бид бүгд л газар ухаад орчихмоор аймшигтай ичмээр алдаа гаргадаг нь үнэн. Тэр ч байтугай зарим нь буруу ажилдаа орох, буруу албан тушаалдаа хэтэрхий удах гэх мэт маш том алдаа хийснээ одоо болтол мэдээгүй яваа.

Иймд бид амжилттай яваа таван удирдагчаас ямар алдаа хийж байсан талаар нь асуулаа. Зарим нь сургамжтай, зарим нь тун ч инээдтэй хариулт хэлжээ.

Доктор Терри Хортон: Мөрөөдөхөө болиод нэгэн жигд зам сонгосон

Медиа салбарт бараг хорин жилийн турш ажилласны эцэст өөрийн гэсэн менежментийн зөвлөгөөний фирмтэй болсон ажиллах хүчний гэгээн ирээдүй рүү тэмүүлэгч, Линкед Ин зөвлөх, Фюүчюр Пат фирмийн үүсгэн байгуулагч доктор Тэрри Хортон:

- Би ирээдүйгээ маш нарийн төлөвлөж, хэдэн сарыг зарцуулсан. Гурван сарын дараа гэвч надад нэгэн том медиа компани татгалзахын аргагүй санал тавьсныг нь би хүлээгээд авчихсан юм. Гэтэл одоо би тэр үедээ эргэж очоод өөрөөсөө “Чи ямар юмаа бодоод байгаа юм?” гэж асуумаар санагддаг. Нэгэн жигд бас аюулгүй зам сонголоо л гэж тэр үедээ бодсон байх. Гэвч миний тухайн үед мөрөөдөж байсан ирээдүйтэй нэг л зохицож өгсөнгүй. Тэр буруу сонголтоос болж би мөрөөдөлдөө хүрэх хугацаагаа хоёр жилээр алдсан. Аз болж би өөрийгөө хаялгүй амьдралаа өөрчилж, амжилтад хүрч чадсан.

Кристал Лим Ланж: Анхны үйлчлүүлэгчтэй уулзахдаа сандарсан

Форест Волф фирмийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Кристал:

- Би анхны үйлчлүүлэгчдээ өөрийгөө удтал танилцуулсан юм. Гэтэл хариуд нь “Бид хэдийн танилцчихсан шүү дээ” гэдэг үг сонсдог байгаа. Би бүүр сандраад хэлэх үг олдохгүй “Өө үсээ засуулчихсан болохоор чинь таниагүй юм байх даа” гэчихсэн. Тэр хүн халзан байсан юм л даа. Тэр цагаас хойш хэн нэгэнтэй танилцсан эсэхдээ эргэлзээд байвал зүгээр л “Хоёулаа танилцсан билүү?” гээд асуучихдаг болсон доо.

Кристофер Линд: Юу ч асуулгүйгээр тушаал биелүүлдэг байсан

ЧенМед-ийн ахмад сургагч, дэд ерөнхийлөгч Крис:

- Миний хамгийн том алдаа бол дунд шатны удирдлагын албан тушаалтан надад сургалтын төлөвлөгөө гаргаадах гэсэн тушаал өгөхөд би ердөө түүнд таалагдахын тулд ямархуу төлөвлөгөө гаргах талаар цөөхөн хэдэн юм асуучхаад багийнхан дээрээ гүйгээд очсон юм. Долоо хоногийн дараа гэхэд би магтаал хүлээсэн нохой шиг догдолчхоод түүний өрөөнд сууж байв. Гэтэл “Надад огтхон ч таалагдсангүй” гэсэн хариу сонсдог юм даа. Тэр өдрөөс эхлээд би тушаал авмагцаа шууд сохроор гүйцэтгэнэ гэдэг сүйрэлд л хүргэдэг гэдгийг ясандаа тултал ойлгосон юм. Хэн ч тушаал өгсөн бай асуудлыг голыг олж, ямар үр дүнд хүрэхээ тодорхойлж байж хөдлөх хэрэгтэй юм билээ.

Рут Готиан: Сайн ажиллавал тушаал дэвшдэг гэж эндүүрсэн

Вэйлл Корнелл Медисин компанийн ахлах сургагч Рут:

- Би юу ч мэддэггүй байхдаа сайн ажиллах тусам албан тушаал сайжирна гэж эндүү сэтгэж байлаа. Сайн ажиллаж чадаж л байвал дээд албан тушаалтнууд намайг анзаарч, тушаал дэвшүүлнэ гэж итгэсэн юм. Гэвч би хоёрхон юмыг л арай эрт ойлгох байж. Нэгдүгээрт, хүн бүр өөр өөрийнхөө албан тушаалд байгаад, ажиллаад л байвал удирдлагуудад ашигтай байдаг юм билээ. Хэрэв тэр хүнийг тушаал дэвшүүлчих юм бол орон тооноос эхлээд ажил, хариуцлага, үүрэг гээд олон хоосон зай гарч, дарга нар орны хүнийг чинь олох хэцүү ажилд өөрсдөө унахаас залхуурдаг юм. Хоёрдугаарт, дарга нар маш завгүй, өөр олон ажилтай байдаг учир хүн өөрөө л амжилтаа нүүрэн дээр нь бариад харуулдаггүй юм бол тэр болгон хэн нэгний сайн ажиллаж байгааг анзаараад явдаггүй. Тиймээс даргынхаа чихэнд дуулдтал нь хүмүүсийн ярианы сэдэв, үлгэр жишээ болоод үзэхэд илүүдэхгүй.

Аль Диэ: Юу ч сонсдоггүй байлаа

Эдж оф Ворк компанийн үүсгэн байгуулагч Аль:

- Би нэг удаа хувьцаа эзэмшигч арван хүний багт сургалтын төлөвлөгөө боловсруулж өгөх ёстой боллоо. Тухайн үедээ би хэнтэй ч зөвлөлдөхгүйгээр компанийн эздийн талд орсон төлөвлөгөө зохиочихсон юм. Гэтэл яаж яваад ч билээ, өөр нэг дарга миний төлөвлөгөөг гуйж үзээд, өөр бас нэг даргад харуулчихсан байсан. Тэр нь дарга нарын ам дамжиж явсаар хувьцаа эзэмшигчдийн чихэнд хүрчхэлгүй яах вэ. Дарга нарын л талд орсон болохоор тэр төлөвлөгөө хувьцаа эзэмшигчдэд мэдээж таалагдаагүй. Үр дүнд нь би хэдэн ууртай хувьцаа эзэмшигчтэй учраа олох ёстой болоод үлдсэн дээ. Юу ч хийлээ гэсэн бусадтайгаа ярилцаж, зөвлөлдөж, хамгийн гол нь маш сайн сонсох хэрэгтэй юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15