Аз жаргал, амар тайван байдлыг эрхэмлэнэ гэдэг яг л бие даалтын удиртгал шиг. Зайлшгүй байх ёстой боловч ихэнх маань тийм ч чухалчлан бичиж амждаггүй. Хувийн, хувьсгалын хамаг ажил давхардаад, ямар ч зайгүй, шахуу цагийн хуваарьтай болчихсон байхад аз жаргалтай байхын тулд гээд тэр дунд дахиад нэг ажил чихнэ гэдэг хэнд ч төвөгтэй санагдана л даа.
Тэгвэл тэр нэмж чихэх ажил нь ердөө арван минит хүрэхгүй хугацаанд бүтчихнэ гэвэл яах бол? Мэргэжлийн сэтгэл судлаач нарын баталсан, зөвлөсөн стресс тайлах олон хурдан арга байдаг.
Иймд шинжлэх ухааны хамгийн сайн үндэслэлтэй, арван минутын дотор гүйцэтгэж болох гурван арга зааж өгье.
- Найзтайгаа ярь, эсвэл чатла
Сайн найзтайгаа утсаар ярьж, эсвэл чат бичиж өөрийг нь боддог гэдгээ илэрхийлэх нь амьдралд чухал нөлөөтэй сайхан харилцааг тордох нэг хялбар арга мөн гэдгийг сэтгэл судлаач Вьенна Фараон зөвлөжээ.
Тэрээр “Ингэснээр бидний эрч хүч сэргэж, бусад ажлаа амжуулах урам орж, давхар бас нөхөрлөл улам батжина” хэмээжээ.
Чимээгүй байж байснаа гэнэтхэн л элдэв юм бичээд унах зарим хүнд эвгүй ч юм шиг санагддаг байж магадгүй. Гэхдээ 2022 оны нэгэн судалгаанаас үзэхэд, хүмүүс хэзээ ч хамаагүй дотны найзтайгаа ярилцахыг ямар их хүсдгийг хүмүүс ихэвчлэн ойлгодоггүй, мэддэггүй байна. иймд гэнэтийн зурвас, дуудлага найзуудад маань бидний бодож байгаагаас сайхан санагддаг байх нь. тэр байтугай зарим мэргэжилтний хэлж байгаагаар дуудлага гэнэтийн байх тусам таатай санагдах нь олон гэнэ.
- Нэг л төвөгшөөгөөд эхлүүлж чадахгүй байсан юмаа эхлүүл
Шинжлэх ухаанд Зейгарник эффект хэмэн нэрлэдэг нэг юм бий. Энгийн үгээр тайлбарлавал, бид дуусгасан, гүйцэтгэсэн ажлаасаа илүү дуусгаж чадаагүй, тасалдчихсан ажлаа үргэлж санаж явах хандлагатай байдаг. Үүнээс болж заримдаа бусад ажлаа хийхэд ч анхаарал төвлөрч өгөхгүй хэцүү байдаг.
Иймд хийх ажлын жагсаалтаасаа нэг жижигхэн ажил хасахад л бидний тархи амарч, дофамин ялгаруулж эхэлдэг.
“Ялангуяа нэг л үл тоогоод, хиймээргүй санагдаад байсан ажлаа гүйцээчихвэл санаа зовоогоод байгаа бүүр том ажлууд руугаа урам зориг дүүрэн ороход амар болно” хэмээн Фараон зөвлөжээ.
Бид түргэхэн дуусгачхаж болмоор олон ажлыг төвөгшөөж, хойш тавьж байдаг. Шүдний эмч дээр цаг авах, хивснийхээ тоосыг соруулах зэрэг жижиг сажиг юм тийм ч чухал биш санагдаж магадгүй л юм. Гэхдээ иймэрхүү жижиг юмыг гялс дуусгачихвал ямар тустай байдгийг шинжлэх ухаан нотолно.
- Хэн нэгнийг магт
Йелийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Лаури Сантогийн хэлснээр хүн бусдыг магтахдаа өөрөө ч бас аз жаргалтай болдог гэнэ.
Хэчнээн хүн магтахад эвгүй, хэцүү санагдаж байлаа ч гэсэн, магтаад дуусчихсан хойно сэтгэлд нэг л таатай мэдрэмж үлддэг талаар 2020 оны нэгэн судалгаа харуулжээ.
Сантос “Танихгүй хүний гутал, эсвэл цүнхийг нь магтаж болно. Хурал дээр хамтрагчийнхаа хэчнээн сайн ажиллаж байгааг хэлж болно. Найздаа ямар хайртайгаа хэл. Удаан шохоорхож байгаа сайн чанарыг нь магт” гэсэн байна.
Хүн магтсаны дараах сайхан мэдрэмж таны бодож байгаагаас ч удаан сэтгэл санааг өргөдөг гэнэ.