Хүмүүс янз бүрийн шалтгаанаар цалингаа нэмүүлэхийг хүсэж л байдаг. Үүргээ давуулан биелүүлдэг нь байна, хариуцлага нь улам өссөн ажилтнууд байна, эсвэл инфляциас болоод амьдралд мөнгө хүрэхээ больсон ч хүмүүс байна. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд цалингаа нэмүүлнэ гэдэг нь ердөө хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэдэгтэй агаар нэг байдаг. Ижил ажил хийдэг үеийнхэн нь илүү өндөр цалин аваад байгааг тэд нэг л өдөр анзаардаг.
Үнэхээр та ижил ажилтай үеийнхнээсээ бага цалин аваад байгаа юм шиг санагдаад эхэлбэл, энэ талаар удирдлагатайгаа ярилцах цаг болжээ. Гэхдээ тэр яриа бол цалингаа нэмүүлэх хүсэлтээс арай ялгаатай өрнөх учиртай юм шүү.
Учир нь цалингаа нэмүүлэхийг хүснэ гэдэг бол та бусад ажилтнаас арай илүү ажиллаж байгаа болохоор хариуд нь арай илүү мөнгө өгөхийг хүсэж байгаа явдал юм. Харин хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье гэдэг бол компани танд бусад ажилтнаас арай бага цалин өгч байгаа болохоор үүнийгээ залруулж, илүү мөнгө өгөхийг нэхэх явдал юм.
Ийм тохиолдол ихэвчлэн эмэгтэй, эсвэл үндэсний цөөнх гаралтай ажилтнуудад нийтлэг таардаг. АНУ-ын статистик мэдээллээс харахад өдгөө эрэгтэй хүний нэг доллараар үнэлдэг ажлыг эмэгтэй хүн 84 центээр гүйцэтгэдэг гэх харьцуулсан судалгаа бий.
Дээрхтэй ижил байдлаар, эсвэл өөр яаж ч юм, үе тэнгийн ижил албан тушаалтнуудаасаа бага цалин аваад байгаагаа мэдвэл хэрхэн шударга хөлс нэхэх талаар мэргэжилтнүүд дараах байдлаар зөвлөжээ.
“Миний авч байгаа цалин зохистой хэмжээнд байгаа эсэхийг баталгаажуулмаар байна”
Даргатайгаа мэтгэлцэхийн өмнө компани таныг шударгаар цалинжуулж чадахгүй байгаа талаар хөдөлшгүй баримттай болох хэрэгтэй.
Энэ талаар хамт олонтойгоо нээлттэй ярилцах танд хэрвээ эвгүй биш бол “Би уг нь энэ талаар хүмүүстэй яриад баймааргүй байна л даа, тийм ч таатай сэдэв биш. Гэхдээ би энэ албан тушаалд таарсан цалин авч чадаж байгаа эсэхээ баттай мэдмээр санагдаад байна. Та нар хэрэв дургүйцэхгүй бол ямар цалин авч байгаагаа надад хэлээч, би ч гэсэн өөрийнхийгөө хэлье, тэгээд бүгдээрээ нэг харьцуулж үзвэл ямар вэ?” гэх мэтээр ярилцаж болох юм.
Ийм яриаг хэн нэгэнтэй ганцаарчилж, эсвэл цахим сүлжээгээр дамжуулан ярьж ч болно. Тэр байтугай бусад байгууллагын цалин урамшуулал ямар байгааг сонирхож буй өмнөх ажлын хамт олон эсвэл дарга нартайгаа ярилцсан ч болох юм.
“Таны дэмжлэг надад маш чухал байна”
Нэгэнт хэрэгтэй мэдээллээ цуглуулсан бол, удирдлагатайгаа уулзалт товлож, яриагаа түүний багт ажиллах ямар таатай байдаг талаар, цаашид хэчнээн урам зоригтой ажиллахаар хүсэж байгаа тухай яриагаа эхлүүлээрэй.
Харин түүний дараа олж мэдсэн мэдээллээ, бас яагаад одоогийнхоос илүү цалин авах ёстой гэж бодож байгаа тухайгаа ярьсан нь дээр.
боловсролын салбарт ажилладаг нэгэн эрдэмтнээс жишээ татъя. тэрээр даргадаа дараах байдлаар өөрийгөө ойлгуулсан гэнэ.
“Би бусад их сургуулийн надтай ижил албан тушаал хашдаг үеийнхээ эрдэмтдийн цалинг харьцуулж харж үзлээ л дээ. Таны харж байгаачлан би эдгээр их сургуулиудынхаас дор хаяж хоёр дахин өргөн хүрээг хамарсан хөтөлбөр боловсруулан, түүнийхээ дагуу ажиллаж байна. түүнээс гадна би үеийнхнийхээ дунд арай өндөр эрдмийн зэрэгтэй. Гэвч цалингийн хувьд би хамгийн доогуурт жагсахаар байна.
Иймд би үеийнхэнтэйгээ ижил цалин авахыг хүсэж байна. Тэр нь миний одоогийн цалинг 14 хувиар нэмнэ гэсэн үг. Энэ тал дээр надад таны дэмжлэг маш чухал ач холбогдолтой байна. та энэ талаар ву гэж бодож байна вэ?”
Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр, яг ижил ажил хийж буй бусад хүн болон таны авч буй цалингийн хэмжээ ямар зөрүүтэй байгаа талаар маш тодорхой ойлгуулах хэрэгтэй гэнэ.
Бас энэ яриа огтхон ч маргааны шинжтэй биш, тайван, итгэл төгс байх нь чухал гэдийг мартаж болохгүй.
Хэрэв энэ ярианы дараа танай байгууллага, эсвэл дарга нар таны хөдөлмөрийг шударгаар үнэлэх шинжгүй, хойрго байвал хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг байгууллагууд бас байдгийг санаж, тэдэнд хандсан нь дээр шүү дээ.