Ажил дээр үргэлж цоглог, цовоо, орилж, цовхчиж явдаг нэг нь гэнэт л чимээгүй болчихвол яах вэ?
Танай ажил дээр Чука гээд үргэлж л шинийг санаачилж, уриалаад гүйж байдаг эмэгтэй бий гэж бодъё. Чука бүх хурал зөвлөгөөнд оролцож, шинэ санаа, шүүмж, төлөвлөгөө гээд бодсон санасан бүхнээ компанийн бодлоготой нийцэхгүй байсан ч хамаагүй хэлж л орхидог. Бас хамт олныхоо дунд ч овоо нэр хүндтэй.
Гэтэл сүүлийн үед та нар Чукаг нэг л чимээгүй байх болсныг анзаарчээ. Хуралд оролцсон ч юм ярихгүй, асуултад хэдхэн өгүүлбэрээр хариулчихдаг болж. Энэ тэрүүгээр гүйж явахаа болиод, цаанаасаа бүүр идэвхгүй болчихсон ч юм шиг. Үргэлж бусдыг уриалж, элдвийг сэдэж явахын оронд ширээндээ л дуугүй суудаг болчхож. Мэдээж бүгд л Чука яачхаа вэ гэж бодох байх?
Танай ажил дээр Чука гэдэг нэртэй хүн байхгүй байж магадгүй л дээ, гэхдээ яг түүн шиг зантай нэгэн байж л таарна. Ер нь хамгийн идэвхтэй ажилтнуудад ч гэсэн дуугаа хурааж, байгууллагад болон өөрт нь хэрэгтэй байж магадгүй санаа, мэдээлэл, бодол зэргээ дармаар санагдах үес байдаг.
Гэхдээ олон судалгаанаас үзэхэд ажилтнууд ажил дээрээ чөлөөтэй ярилцаж, үзэл бодлоо нууж хаах юмгүй илэрхийлэхийн ашиг тус мундахгүй гэнэ. Тэр байтугай хэн илүү их ярина, тэр хүний ажлын бүтээмж, тушаал дэвших боломж илүү их нээгдэж байдаг гэсэн судалгаа ч бий.
Бас хамт олны чөлөөтэй яриа, харилцаа тухайн баг, байгууллагын бүтээмж, шинэ санаа, шинийг сурах үйлсэд тустай гэсэн байна. Харин эсрэгээр ажилтнууд дуугаа хураах нь тухайн байгууллагад том уршиг дагуулдаг аж. Түүхийн хуудсаас үзэхэд, Бойнг 737 онгоцнуудын сүйрэл, сансрын пуужингийн бүтэлгүйтэл зэрэг том үйл явдлууд хоорондоо чөлөөтэй ярилцдаггүй ажилтнуудаас шалтгаалсан байх нь элбэг.
Иймд байгууллагууд ажилтан нь яагаад дуугаа хураагаад байна гэдгийг ойлгох нь нэн чухал. Дуугаа хураасан ажилтны сэтгэлд эрүүл мэнд, гутрал, түгшүүр гээд ямар шалтгаан байгааг тодорхойлох хэрэгтэй.
Сэтгэл санаанаас болж дуугаа хураах нь
Сэтгэл санааны байдлыг маш ерөнхийд нь хоёр хуваая. Сайн буюу эерэг, зорилготой, өөртөө итгэлтэй гэх мэт. Бас муу буюу гутрал, түгшүүртэй гэх мэт. Хүн бүр л энэ хоёр талыг янз бүрийн хэмжээгээр ээлжлэн туулж байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зарим мэдрэмж томорч, харин зарим нь багасаад, бас дараа нь эсрэгээрээ ч эргэдэг.
Сэтгэл гутралд орсон хүн үргэлж гуниглаж, аливааг сонирхохоо байж, элдвийг таниж мэдэх, сэтгэн бодох, анхаарал төвлөрүүлэх чадваргүй болж, ихэд ядардаг. Түгшүүр бол харин үргэлж өөртөө эргэлзэх, ямар нэг зүйл буруугаар эргэх вий гэж айх зэргээр илэрнэ. Түүнээс шалтгаалж бие чангарч, хөших, бодолд дарагдах нь их.
Сэтгэл судлалын ухаан хөгжих тусам дээрх хоёр асуудал олны дунд маш их байдаг нь ил болж эхэлж байна. Жишээлбэл, дэлхий даяар нийт ажилчдын 20 гаруй хувь нь сэтгэл гутралтай, эсвэл түгших асуудалтай гэдэг нь албан ёсоор оношлогдсон байдаг бол 75 гаруй хувь нь ажил дээрээ дээрх шинж тэмдгүүдээс дор хаяж нэгийг нь мэдэрч байсан гэнэ.
Дээрх хоёр асуудал тулгарснаар аливаа ажилтан ажлаа сөрөг, аймшигтай, утгагүй гэх мэтээр үздэг болох нь элбэг. Улмаар тэд санаагаа илэрхийлснээр хатуу зэмлэл сонсоно, эсвэл ямар ч нэмэр байхгүй гэж айдаг болж, түүнээсээ шалтгаалан дуугаа хураадаг.
Өөрөөр хэлбэл, сэтгэл гутралтай ажилтан үг дуугарлаа ч хэнд ч хэрэггүй гэж, харин түгшсэн ажилтан буруу үг хэлчихвэл аюултай гэж бодсоноор дуугаа хураадаг аж.
Ярилцлага бол ерөндөг
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ажлын газрын хэд хэдэн соёл дээрх байдлыг засахад тустай бөгөөд тэдний дундаас ярилцлага хамгийн үр дүнтэй аргуудын нэг мөн гэнэ.
Ярилцлагын үр дүнд тухайн ажилтны санаа бодол хэр бодит, хэр оновчтой гэдэг нь тодорхой болохоос гадна, нөгөө талаас, санаагаа хэлэх нь огтхон ч аюултай, утгагүй зүйл биш гэдгийг ажилтнууд ойлгож эхэлдэг.
Энэ онолыг батлахын тулд нэр бүхий байгууллага дөрвөн долоо хоногийн турш 136 ажилтныхаа сэтгэл зүйн байдлыг оношлон ярилцаж, туршсан байна. Үр дунд нь ажилтнуудын дуугаа хураах нь сэтгэл санааны байдалтай нягт холбоотой болох нь нотлогджээ.
Мөн хугацааны туршид түгшүүр, сэтгэл гутралын шинж тэмдэг ихээр илэрсэн ажилтнуудтай тогтмол ярилцахад дээрх шинж тэмдгүүд буурч, сэргэлэн цовоо, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болж байсан гэнэ.
Ажилтнууддаа илүү их анхаарал тавих хэрэгтэй
Танай байгууллагын ажилтнууд дуугаа хураах нь их бол, нэг л ноцтой асуудал засагдахгүй улам ужиграад байна гэсэн үг байж мэдэх юм. Үүнийг анзаарч шалтгааныг нь олж чадсанаар байгууллага, хамт олон маш чухал өөрчлөлтөд хүрч чадна.
Үүний тулд ажил дээр сэтгэцийн эрүүл мэндийг нэ чухалчлан хүндэтгэж, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ, зохицуулалт хэрэгжүүлэх хэрэгтэй. Цаашлаад сэтгэл зүйн асуудалтай байгаа ажилтнууддаа халамж тавихын зэрэгцээ бүгдийг дуу хоолойгоо чөлөөтэй сонсгож болох орчин бүрдүүлээрэй.
Үүнд ажил олгогч төдийгүй хамт олон ч чухал нөлөөтэй. Сэрүүн амьдралынхаа ихэнх хугацааг хүмүүс ажил дээрээ өнгөрөөдгийнх нэгнийхээ зан ааш хэрхэн өөрчлөгдөж байгааг хамт олон нь хамгийн соргог анзаардаг. Тийм ч учир цаг алдалгүй арга хэмжээ авч чадах хамгийн эхний хүмүүм бол хамт олон.