Хөдөлмөрийн зах зээл дээрх залуус эрс идэвхгүй, боловсролгүй, ганцаардмал болж байна
2024, 12 сарын 20. 13:010

Хөдөлмөрийн зах зээл дээр байгаа 25-34 насны эрчүүд хоёр мянгаад оны эхэн үеийнхтэй харьцуулахад идэвх, оролцоо эрс буурсан гэх судалгаа гарчээ. Гэтэл ижил насны эмэгтэйчүүдийн хувьд дээрх үзүүлэлт эсрэгээрээ байх юм.

Гэсэн хэдий ч нийт үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн оролцоо илүү өндөр хэвээр байгаа гэнэ. Тухайлбал, 25-34 насаар ангилж үзвэл, эрэгтэйчүүдийн ажлын идэвх, оролцоо 2004 оны наймдугаар сард 92.4 хувь байсан бол 2024 оны наймдугаар сард 88.8 хувь болж буурчээ. Харин мөн хугацаанд эмэгтэйчүүдийн идэвх 72.8 хувиас 78.5 болж өссөн аж.

Судалгаанд тайлагнаснаар хэрэв өнөөгийн залуу эрсийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо 2004 оных хэвээрээ байсан бол өдгөө АНУ-д л гэхэд дахин 700 мянга гаруй эр ажлын байран дээр байх байсан гэнэ.

Залуусын идэвх ийн буурахтай зэрэгцэн цар тахлын үе давхцаж, коллежуудын элсэлт эрс багассан нь одоо ч эргэж хэвэндээ орж амжаагүй байна. Улмаар 2021 онд л гэхэд нийт ахлах анги төгсөгч эрэгтэйчүүдийн 55 хувь нь л коллежид элсэн сурсан аж. Харьцуулж үзвэл энэ тоо 2019 онд 62 хувь байсан юм. Тэгвэл тухайн үед эмэгтэй төгсөгчдийн 70 хувь нь коллежид бүртгүүлж байжээ.

Залуу эрс ийнхүү ажлын байран дээр гарах, боловсролоо дээшлүүлэх сонирхолгүй байгаагийн дээр маш ганцаардмал болж байгаа нь ажиглагджээ.

Статистик мэдээллээс үзвэл, 18-30 насны эрс мөн насны эмэгтэйчүүдээс илүү олон цагийг сэрүүн, ганцаараа өнгөрүүлж байна. Тухайлбал, 2023 оны байдлаар эрэгтэйчүүд өдөрт сэрүүн байх хугацаандаа дунджаар 6.6 цагийг ганцаараа өнгөрүүлдэг бол эмэгтэйчүүд 5.4 цаг ганцаараа байдаг гэх мэдээлэл бий.

Мэргэжилтнүүдийн судалгаанаас үзэхэд, эрэгтэйчүүдийн ганцаараа өнгөрүүлэх хугацаа цар тахлын үеэр огцом өссөн нь одоо хэр нь дорвитой буураагүй байгаа гэнэ. Жишээлбэл, эрчүүд өдөрт сэрүүн байх хугацаандаа ганцаараа өнгөрүүлдэг цаг 2019 онд 5.6 байсан нь 2020 онд 6.4, 2021 онд 6.6, 2022 онд 6.9 болж зогсолтгүй өссөн байна.

Ийнхүү эрэгтэйчүүдийн нийгмийн харилцаа эрс багассан нь тэдний хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог бууруулахад багагүй нөлөөлсөн аж.

Дээрх хугацаанд эмэгтэйчүүдийн ганцаараа байх хугацаа ч гэсэн өссөн боловч үргэлж эрчүүдийнхээс бага байжээ.

Дээр дурдсан эрчүүдийн багагүй хувь нь тусдаа гараагүй гэх баримт бас бий. 2023 оны мэдээллээр, 25-34 насны эрчүүдийн 19.7 хувь нь одоо ч эцэг, эхтэйгээ амьдарч байгаа болэмэгтэйчүүдийн хувьд энэ тоо 12.3 байгаа юм.

Тэгвэл энэ хачирхалтай тоо баримт, өөрчлөлтүүдийн цаана юу байгаа юм бол?

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар технологийн үсрэнгүй хөгжил, бага цалинтай ажлын байран дээрх цагаач ажилчдын өрсөлдөөн зэргээс шалтгаалан коллежид сураагүй эрэгтэйчүүдийн өрсөлдөх боломж нэлээд буурсан гэнэ.

Түүнээс гадна олон улс соёлын хувьд өөрчлөгдөж, өрхийн тэргүүн ганцаараа ажиллан мөнгө олдог уламжлалт байдал үгүй болж байгаа нь үүнтэй холбоотой гэнэ.

Мөн цар тахлаас үүдэн хүмүүсийн харилцаа холбоо муудсан нь ч нэрмээс болсон байж мэднэ. АНУ-ын хөвгүүд, эрчүүдийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ричард Рийвсийн тайлбарласнаар эрэгтэйчүүд нүүр нүүрээ харсан харилцаан дээр голчлон тулгуурлаж нийгмийн амьдралаа авч явдаг агаад ганцаардлаас эргэн гарахдаа маш удаан байдаг аж.

Түүнчлэн, судалгаанд оролцсон цөөнгүй залуус амьдралаас утга учир олж чадахгүй байгаа талаараа дэлгэсэн байна. Даниэл Морэно гэгч гэхэд л таван жилийн өмнө бүх юм ямар ч утгагүй санагдсаар байгаад коллеэоосоо гарсан бөгөөд нэг л өдөр эргэж коллеждоо ороод, дуртай мэргэжлээрээ сурна гэж боддог гэнэ. Гэхдээ тэр цаг нь болоогүй байгаа гэх. Тэрээр “Намайг хориглож зогсоогоод байгаа юм байхгүй ээ. зүгээр л би өөрөө ингээд л зогсчихоод байгаа юм” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
12025-1-2 11:52
Ирэх жилд хиймэл оюунт хөдөлмөрийн зах зээл улам хурдтай тэлнэ
02024-12-22 21:01
Хөдөлмөрийн зах зээл дээрх залуус эрс идэвхгүй, боловсролгүй, ганцаардмал болж байна
02024-12-20 13:01
Хиймэл оюуны тухай ойлголтын зөрүү залуу үеийнхний дунд их байна
02024-12-17 14:08
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
22024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
22024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
12024-11-29 22:35