
Их Британи улсын төмөр замын үйлдвэрчний эвлэл сүүлийн 33 жилийн хугацаан дахь хамгийн том ажил хаялтыг эхлүүлжээ.

Тус улсын төмөр замын газар болох Network Rail болон төмөр замын 13 компанийн 40 мянга орчим үйлдвэрчний эвлэлийн гишүүд цалингаа нэмэгдүүлэх, бүтцийн өөрчлөлтийг зогсоох зэрэг хэд хэдэн шаардлага тавин орон нутгийн цагаар 21, 23, 25-ны өдрүүдэд ажил хаялт зарласан байна.

Ажил хаялтын эхний өдөр төмөр замын төлөвлөгөөт чиглэлийн тэн хагас нь цуцлагдсаны дээр галт тэрэгний 80 хувь нь үйлчилгээнд гараагүй бол ажил хаялт зарлагдаагүй дараачийн өдөр гэхэд энгийн үетэй харьцуулахад ердөө 60 хувь нь л хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлжээ.
Лондон хотын метроны ажилчид ч мөн энэхүү ажил хаялтад нэгдсэн нь тус хотын замын хөдөлгөөнд томоохон саадыг учруулсан байна.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон засгийн газрын хуралдаан дээр энэхүү нөхцөл байдал сунжирч болзошгүй байгааг олон нийтэд хандан анхааруулсан юм.
Эх сурвалж: MBC