Нийт хүн амынхаа 80 гаруй хувийг вакцинд хамруулан Корона вирустэй “хамтран” амьдрахаар шийдээд байсан Ази тивийн анхны улс Сингапурт сүүлийн өдрүүдэд Ковид-19 өвчний шинээр батлагдсан тохиолдлын тоо 1000 давах болжээ. Энэ нь Корона вирустэй зохицон хэвийн амьдралаа үргэлжлүүлэх шийдвэр гаргаж хорио цээрийн дэглэмийг сулруулснаар дельта хувилбар дэгдэн халдварын тоо эрс нэмэгдсэн хэмээн үзэж байгаа аж.
18-ны өдөр 1009 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өнгөрөгч 4-р сарын 23-ны өдрөөс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр тоо хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
5.7 сая хүн амтай Сингапур улсад Ковид-19 өвчний эсрэг вакцинжуулалтын түвшин ойролцоогоор 81%-тай байгаа нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүний үр дүнд эрх баригчид өнгөрсөн сарын эхэн үеэс хорио цээрийн дэглэмийг үе шаттай сулруулан шинээр батлагдсан тохиолдлын тоог тоолохоо болиод байсан юм. Ковид-19 өвчнийг энгийн ханиад томууны түвшинд авч үзэн эмнэлгүүд тус өвчний зөвхөн хүнд болон хүндэвтэр хэлбэрээр өвчилсөн иргэддээ түлхүү үйлчилж байжээ. Вакциндаа бүрэн хамрагдсан иргэд зоогийн газарт чөлөөтэй хооллон, 2-с дээш хүн цугларахыг хориглоод байсныг мөн 5 болгон сулруулаад байсан юм.
Гэсэн хэдий ч сүүлийн үед батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хорио цээрийн дэглэмийг нэмж сулруулах шийдвэрийг түр зогсоогоод байгаа аж. Гэвч Сингапурын засгийн газрын зүгээс зөвхөн хүнд болон хүндэвтэр хэлбэрээр халдварласан иргэдэд л эмнэлгийн тусламж үзүүлэн цаашид Корона вирустэй “зохицож” амьдрах шийдвэрээ хэвээр хадгалах байр суурьтай байгаа гэнэ.
Эх сурвалж: Asian Economy