Израиль-Хамасын мөргөлдөөн Ойрхи Дорнодын дайн болж өргөжих үү?
2023, 10 сарын 9. 10:240

Ойрхи Дорнодод “дайны оч” маналзжээ. Тодруулбал Израиль болон Арабын ертөнцийн хооронд Ойрхи Дорнодын тав дахь дайн болж магадгүй гэх болгоомжлол олон улсад үүсээд байна.

Палестины зэвсэгт Хамас бүлэглэл орон нутгийн цагаар 7-ны өдөр буюу еврейчүүдийн амралтын өдөр өглөөний 6:30 цагийн орчимд Израиль руу гэнэтийн дайралт хийлээ. Тэд Израилийн өмнөд нутгийг онилон 2500 гаруй пуужин харваснаас гадна 300 зэвсэгт этгээд халдан орсон байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 8-ны үдээс хойших байдлаар Израилийн 600 гаруй цэрэг болон энгийн иргэд амь үрэгдэж, олон мянган хүн шархадсан болохыг онцолжээ.

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху "Бид Хамасыг газартай нь тэгшилнэ” хэмээн мэдэгдээд тэр даруй дайн зарлаж буйгаа мэдэгдэв. Улмаар Израилийн тал сөнөөгч онгоцнуудаа дайчлан хариу довтолгоог эхлүүлсэн ба Газын зурвасын ойролцоох Палестины нутаг дэвсгэрт агаараас их хэмжээний цохилт өгсний үр дүнд тус бүс нутагт хамгийн багадаа 300 хүн амь үрэгдэж, 2000 орчим хүн шархадсан байна.

Хамасын энэхүү гэнэтийн халдлагыг "Есдүгээр сарын 11-ний Израилийн хувилбар" гэж хэлэхэд нэг их буруудсан болохгүй. Израилийн хамгийн сүүлийн үеийн хамгаалах систем тэр дундаа нам өндрийн агаарын довтолгооноос хамгаалах систем болох “Iron Dome” ч Хамас бүлэглэлийн нэгэн зэрэг илгээсэн пуужингийн цохилтыг хааж чадаагүй юм. Зөвхөн Израилийн Батлан ​​хамгаалах хүчин төдийгүй Шин Бет (дотоодын) болон Моссад (гадаадын) тагнуулын агентлагууд ч энэ удаагийн Хамасын нарийн зохион байгуулсан довтолгоог урьдчилан илрүүлж чадаагүй тул энэ үеэр түгшүүрийн дохио ч дуугарч амжаагүй байна.

Израиль баруун эрэгт еврейн суурьшлыг өргөжүүлж, Палестинчуудыг ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэж Хамас бүлэглэл мөн өдөр гэнэтийн дайралт хийсэн нь энэ аж. Түүнчлэн тус бүлэглэл 300 зэвсэгт этгээдийг Израилийн өмнөд бүс нутаг руу хуурай газар, далай, агаараар нэвтрүүлсэн байна. Израилийн хилийг давсан Хамас бүлэглэлийн дайчид Ойрхи Дорнодын 4-р дайн (Йом Ки) болсон газарт мөн л цуст мөргөлдөөнийг өдүүлсэн байна. Нэмж дурдахад энэ удаагийн мөргөлдөөн нь 1973 оны аравдугаар сард Израиль болон Арабын ертөнцийн хооронд дэгдсэн Ойрхи Дорнодын 4-р дайнаас (Йом Киппурын дайн) хойш буюу сүүлийн 50 жилийн хугацаан дахь хамгийн цочирдмоор, цуст мөргөлдөөн болов.

Түүнчлэн Хамас бүлэглэлээс гадна Ливаны өмнөд хэсэгт байрладаг өөр нэг зэвсэгт бүлэглэл болох Хезболла мөн Израилийн эзэлсэн нутаг дэвсгэр рүү миномётоор довтолсон ба Израиль тэр даруй хариу үйлдэл үзүүлэн их буугаар харвасан байна. Израилийн арми орон нутгийн цагаар 8-ны өглөө хэвлэлийн бага хурал хийж, өнгөрсөн шөнө Хамас бүлэглэлийн дайчид нэвтэрсэн өмнөд нутгийн ихэнх хэсгийг хяналтдаа авснаа мэдэгдэв. Гэсэн хэдий ч цэргийн эрх баригчид Израилийн олон арван иргэдийг барьцаалаад буй Сдерот дахь Беери Киббутц зэрэг хамгийн багадаа найман газарт байлдааны ажиллагаа үргэлжилж байна гэж нэмж хэлсэн юм.

Түүнчлэн Израиль, Саудын Арабын хооронд дипломат харилцааг хэвийн болгохыг эсэргүүцдэг Иран Хамас бүлэглэлийн ард байж болзошгүй гэх таамаг ч олон улсын дунд хөвөрч байна. Хэрвээ байдал даамжирвал уг мөргөлдөөн цаашид Ойрхи Дорнодын дайн болж хувирах магадлал өндөр байгаа юм. Энэхүү асуудалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхдээ Хамас бүлэглэлийн үйлдлийг буруушааж, Израильд цэргийн дэмжлэг үзүүлэхээ амласан байна.

Пап лам Франциск Ватиканы Гэгээн Петрийн талбайд болсон ням гарагийн Анжелусын залбирал дээр хоёр талд хандан "Мөргөлдөөнийг зогсооно гэдэгт найдаж байна. Дайн гэдэг бол нэг үгээр хэлэхэд ялагдал” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35