Хятадын хөрөнгө оруулагчид алт худалдан авах нь ихэсжээ
2 сарын 2. 12:080

Хятадын хөрөнгө оруулагчид, айл өрхүүд үл хөдлөх хөрөнгө, үнэт цаасны зах зээл унаж байгаагаас үүдэн алт худалдан авч байгаа нь уг үнэт металлын үнийг хөөрөгдөж байна гэж Financial Times сонинд Дэлхийн алтны зөвлөлийн (World Gold Council, WGC) тайлангаас эш татан бичжээ.

Тус зөвлөлийн мэдээллээр, өнгөрсөн онд Хятадад алтны хөрөнгө оруулалтын эрэлт, тэр дундаа алтан гулдмай, алтан зоосны эрэлт 28 хувиар нэмэгдэж, 280 тоннд хүрчээ. Энэ нь Европ дахь үнийн огцом уналтыг багагүй хэмжээгээр нөхлөө. Мөн алтан эдлэлийн борлуулалт 2023 онд 10 хувиар өсөж, 630 тонн болжээ. COVID-19 цар тахлын улмаас тогтоосон хөл хориог цуцалсны дараа дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт сул байгаа нь алтанд хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлсэн байна.

Дэлхийн томоохон Төв банкуудын эрэлт эрс нэмэгдсэнтэй зэрэгцэн Хятадад эрэлт нэмэгдсэн нь алтны үнийг 2023 оны 12 дугаар сард дээд үзүүлэлтэд хүрэхэд нөлөөлсөн бөгөөд энэ онд нэг унци нь 2000 ам.доллароос доошлохгүй байх төлөвтэй байгааг WGC онцолжээ. АНУ-ын COMEX биржийн лхагва гаргийн арилжааны явцад алтны фьючерс үнэ 0.23 хувиар нэмэгдэж 2055.6 ам.долларт, Азийн алтны спот үнэ 2038.9 (+0.09) долларт тус тус хүрсэн байна.

Хятадын хөрөнгө оруулагчид цар тахлын үед хуримтлуулсан мөнгөө хааш нь оруулахаа шийдэхдээ гарз хохирол багатай хувилбарыг сонгохоос аргагүйд хүрч байна гэж Канадын хамгийн том банкуудын нэг болох BMO-ийн шинжээч Колин Хамилтон дүгнэлээ. Түүний ярьснаар, Хятадын хөрөнгө оруулагчид инфляц удааширч, орлогын тодорхойгүй байдал үүснэ гэж үзсэн хэвээр байгаа тул алтанд хөрөнгө оруулахаас өөр сонголтгүй болжээ. Хятад дахь алтны эрэлтийг металлын үнэд нөлөөлөх хүчин зүйлийнх нь хувиар дутуу үнэлсэн гэж Швейцарын санхүүгийн хамгийн том холдинг болох UBS-ийн шинжээчид үзэж байна.

Хэрэглэгчдийн эрэлт сул, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүдэн Хятадын эдийн засагт дарамт учирсан хэвээр байх болно гэсэн болгоомжлолоос үүдэн тус улсад эрсдэлгүй хөрөнгийн эрэлт нэмэгдэж байгаа тухай Bloomberg агентлаг урьд нь мэдээлж байв. Хятадын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж сүүлийн 22 жилийн хамгийн доод түвшинд хүртлээ унасан байна. Хөрөнгийн зах зээлд сэтгэл ханамжгүй байгаагийн улмаас хөрөнгө оруулагчдын мөнгө бонд руу урсаж байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сард бондын сангууд өөрийн хөрөнгөнөөс 13 дахин их хөрөнгө татсан гэж Хятадын Z-ben Advisors судалгааны фирм мэдээлэв.

2024 оны эхэн үе бол Хятадын хувьцааны зах зээлийн хувьд сүүлийн таван жилийн хамгийн таагүй үе байсан гэж Bloomberg дүгнэжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд CSI 300 индекс 23.5 хувиар унасан байна. Хятадын эрх баригчид зах зээлийн уналтыг зогсоох арга хэмжээнүүдийг авсаар байгаа бөгөөд тухайлбал, тодорхой өдрүүдэд хувьцааг худалдаалагч байхыг хориглох замаар байгууллагын хөрөнгө оруулагчдад хувьцаа худалдахыг, мөн Хятадын эх газраас гадуур бүртгэлтэй үнэт цаасанд хөрөнгө оруулах сангуудад гадаадын хөрөнгө оруулагчид нэвтрэх эрхийг тус тус хязгаарлажээ.


Эх сурвалж: FT /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35