“Хиймэл оюун ухааны технологийн марафон”-оос хоцроод буй Apple-ийн хувьцаа унасаар байна
3 сарын 13. 3:160

Нэгэн цагт Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлд үнэлгээгээр нэгдүгээрт бичигдэж, инновацийн бэлгэдэл болж, зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларыг давж байсан Apple компани сүүлийн үед хүндхэн байдалд ороод байна. Хөрөнгийн зах зээл дэх технологийн компаниудын хувьцаа өдөр өдрөөр өсөж байгаа ч, Apple-ийн хувьцааны үнэ уруудсаар… Энэ оны 1-р сард зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгчийн байр сууриа Мicrosoft-д алдсан тус компани Nvidia-д гүйцэгдэж 2-р байрнаас ухрах аюул нүүрлээд байна. Тодруулбал Apple компанийн хувьцааны үнэ энэ он гарсаар 12 орчим хувиар унаад байгаа юм.

Ямар ч шинэлэг инновацигүй Apple компани АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх үнэ цэнээ алдсаар...

АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх технологийн компаниудын үнэ цэн өссөөр байгаа энэ үед зөвхөн Apple-ийн хувьцаа л уруудаж байгаагийн шалтгаан нь тус компани ямар ч инновацийн шинэ хөгжил дэвшлийг харуулахгүй байгаагийн дээр хамгийн гол бизнесийн үйл ажиллагаа нь сайнгүй байгаатай холбоотой. Сүүлийн үед Америкийн технологийн аварга компаниуд өдөр алгасахгүй шахам хиймэл оюун ухааны шинэ технологийг танилцуулсаар байгаа энэ үед Apple энэ “марафон”-д хүчээ үзэж чадахгүй байгаа нь маргахын аргагүй үнэн. Түүнчлэн саяхан "Apple Car” цахилгаан автомашин бүтээх төслөө зогсоосон билээ. Apple-ийн борлуулалтын тал хувийг бүрдүүлдэг iPhone утасны борлуулалт Хятадын зах зээлд тийм ч сайн биш байгаагийн сацуу маш сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн холимог бодит байдлын “Vision Pro” төхөөрөмжийн борлуулалт ч хүлээлтэд хүрэхгүй байна.

Тодруулбал сүүлийн үед АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түлхүүр үг болоод буй хиймэл оюун ухааны технологитой холбоотой инновацийн дэвшлийг Apple одоог хэр нь харуулаагүй байгаа билээ. Microsoft-ийн хувьд OpenAI компанид хөрөнгө оруулалт хийснээр хиймэл оюун ухааны салбар дахь халуурлыг тэргүүлсэн бол Nvidia нь хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагчийн зах зээлд ноёрхож байгаа юм. Харин Apple одоог хэр уг технологитой холбоотой бизнес төлөвлөгөөг танилцуулах нь бүү хэл хиймэл оюун ухааны технологийн алсын хараагаа ч хараахан тодорхойлоогүй байна. Тус компанийн гол бизнес болох ухаалаг утасны салбарт Samsung Electronics болон Google аль хэдийн хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлээд байгаа билээ.

Wave Capital Management-ийн ахлах стратегич Рис Уильямс "Samsung сүүлийн үеийн ухаалаг утсандаа хиймэл оюун ухааны технологийг суулгаж өгснөөр маш олон эерэг үнэлгээ авч байгаа ч Apple одоохондоо ямар нэгэн шинэ соргог мэдээ дуулгаагүй л байна" хэмээн өгүүлжээ.

10 гаруй жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн бизнес төсөл нь ч мөн бүтэлгүйтээд байгаа билээ. Тодруулбал Apple компани өнгөрсөн сард автомат жолоодлого бүхий “Apple Car” цахилгаан автомашины төслийн багийг татан буулгахаар болсноо мэдэгдсэн юм. Улмаар уг төсөл дээр ажиллаж байсан олон инженерийг хиймэл оюун ухааны технологийн хэлтэс рүү шилжүүлж, уг салбартай холбоотой төслүүдэд анхаарлаа хандуулахаар шийдсэн байна. Гэвч хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулах ёстой байсан цаг хугацаа, хөрөнгө мөнгөө “Apple Car”-д зориулсан хэмээн шинжээчид шүүмжилж байгаа бөгөөд хэрэв Apple жилийн өмнө “Apple Car” төслийг зогсоож, хиймэл оюун ухааны салбарт анхаарлаа хандуулсан бол бүх зүйл өөр байх байсан гэж Bloomberg агентлаг дүгнэжээ.

Apple-ийн борлуулалтын тал хувь нь ухаалаг утаснаас бүрддэг. Гэсэн хэдий ч тус компанийн хувьд хамгийн том зах зээл нь болох Хятад дахь борлуулалт сүүлийн үед эрс буурч, дотоодын брэндүүдэд байр сууриа алдаад байна. Томоохон хэмжээний хямдралтай худалдааг зохион байгуулах зэргээр хэрэглэгчдийг татах олон арга хэмжээг зохион байгуулж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. Зах зээлийн судалгааны Counterpoint компанийн мэдээлснээр, энэ оны эхний зургаан долоо хоногт Хятад дахь iPhone утасны борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан болохыг дурджээ. Борлуулалт тааруу байгаатай холбоотойгоор энэ он гарсаар хоёр ч удаа хямдрал зарласан ч борлуулалт нэмэгдээгүй ба Хятадын ухаалаг утасны зах зээлд борлуулалтаараа 15.7 хувиар дөрөвдүгээр байрт жагссан байна.

Түүнчлэн зах зээлд борлуулагдаж эхлээд төдий л удаагүй “Vision Pro” төхөөрөмжийн гүйцэтгэл ч тун тааруу байгаа нь сонирхолтой. 2015 онд “Apple Watch”-ыг худалдаанд гаргаснаас хойш есөн жилийн дараа гарсан энэхүү шинэ бүтээгдэхүүн нь олны анхаарлыг татсан ч зах зээлээс үзүүлэх хариу харьцангуй бага байна. Тус компанийн хувьд уг шинэ бүтээгдэхүүн нь iPhone утас анх худалдаанд гарч байсан үетэй ижил хариу үйлдлийг зах зээлээс авах байх хэмээн найдаж байсан ч 3500 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан нь хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцээгүй юм. Тэрчлэн уг төхөөрөмжийн өөрийн жин, хэтэрхий хурц гэрэл, харах өнцөгийн алдаа зэрэг асуудлаас болж сайнгүй үнэлгээг аваад байгаа билээ.

Энэ мэтчилэн олон асуудлаас болж Apple-ийн талаарх сөрөг хандлага Уолл Стритэд өндрийг аваад байгааг онцлох нь зүйтэй.

Apple-ийг чиглэсэн Европын холбооны дайралт.

Тэрчлэн хууль, эрх зүйн асуудлууд ч үүнд нөлөөлж буйг дурдах хэрэгтэй. Европын холбоо нь “Дижитал зах зээлийн тухай хууль” хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Apple-ийг гол байгаа болгосон гэхэд хилсдэхгүй. Тухайлбал Fortnite тоглоомыг үйлдвэрлэдгээрээ бидний танил болсон Epic Games нь Apple-ийн App Store-той өрсөлдөхүйц iOS-д зориулсан аппликейшнийг хөгжүүлж, зах зээлд гаргахаар оролдсон боловч Apple-ийн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Улмаар “Дижитал зах зээлийн тухай хууль”-ийн хүрээнд Европын Комисс өнгөрөгч 7-ны өдөр Epic Games компанийн нэхэмжлэлийн дагуу Apple-аас нэмэлт тайлбар хүссэн ба Apple ч буулт хийн, Epic Games-д Европын холбооны орнуудад өөрийн аппликейшнийг санал болгохыг зөвшөөрсөн юм.

“Дижитал зах зээлийн тухай хууль” нь томоохон компаниуд зах зээлийн эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй хууль юм.

Үүнээс гадна өнгөрөгч 4-ний өдөр Европын холбооны өрсөлдөөний эрх баригчид хөгжмийн стриминг үйлчилгээний зах зээл дэх ноёрхлоо урвуулан ашигласан хэргээр тус компанид 1.84 тэрбум еврогийн торгууль ногдуулаад байгаа билээ. Энэ нь Apple-ийн нийт борлуулалтын 0.5 хувьтай тэнцэж буй юм. Уг асуудалтай холбогдуулан авах торгуулийн хэмжээ 500 сая еврогоор хэмжигдэнэ шинжээчид таамаглаж байв. Гэвч таамаглалаас даруй гурав дахин их байгаагийн дээр Европын холбооны монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой гурав дахь том торгууль болж буй юм.

Apple-ийн алсын харааг тодорхойлох хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэлтийн үр дүнг энэ оны хоёрдугаар хагаст харах л үлдлээ.

Гэвч Apple-ийн үнэлгээнд Европын холбооны “Дижитал зах зээлийн тухай хууль” л сөргөөр нөлөөлөөд байгаа хэрэг биш юм. New York Times сонинд мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам энэ оны эхний хагаст Apple компанийг хаалттай экосистемд хязгаарлалт тавьж, зах зээлийн өрсөлдөөнд саад учруулсан гэж үзэн монополийн эсрэг зарга мэдүүлэхээр бэлтгэж байгааг цохон тэмдэглэв. Үүнээс гадна АНУ-ын Олон улсын худалдааны комисс өнгөрсөн оны сүүлээр Apple эмнэлгийн технологийн Масимо компанийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжилтийн технологийн патентыг зөрчсөн гэж үзэн уг технологийг агуулсан гол бүтээгдэхүүн болох Apple Watch-ийг АНУ-д импортлохыг хориглох шийдвэр гаргасан билээ. Үүний хариуд тус компани цусны хүчилтөрөгчийн хэмжилтийн функцийг Apple Watch-аас хассан юм.

Apple-ийн алсын хараа ирээдүйд гаргахаар төлөвлөж буй хиймэл оюун ухааны технологиос ихээхэн хамаарах болно. Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн сард нэгдүгээр улирлын санхүүгийн тайланг олон нийтэд зарласныхаа дараа "Apple-д хиймэл оюун ухааны технологитой холбоотой асар их боломж байгаа гэдэгт бид итгэж байна. Бид энэ оны сүүлээр уг салбарт хийж, бүтээж буй ажлынхаа дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцах болно” хэмээн өгүүлжээ. Мөн тэрээр өнгөрсөн сарын 27-нд болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дээр “Бид хиймэл оюун ухааны технологитой холбоотой гайхалтай инновацийн боломж байгааг харж байгаа тул бид энэ салбарт асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Melius Research-ийн шинжээч Бен Рейц, Ник Мунро нар Apple энэ зун зохион байгуулагдах WWDC арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатайг дурджээ. Тэд “Энэ бол iPhone гарснаас хойших хамгийн чухал мөчлөг болох бөгөөд хиймэл оюун ухааны технологи нь Apple-ийн хувьд “эргэлтийн цэг” болж, 2025 онд сая сая хэрэглэгчдэд утсаа шинэчлэх сэдлийг төрүүлж магадгүй юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35