Орон нутгийн цагаар 14-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден US Steel компанийг Японы ган үйлдвэрлэгч компани худалдан авах төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа олон нийтэд илэрхийлэв.
Ерөнхийлөгч Байден мэдэгдэлдээ "US Steel нь нэгэн зууны турш Америкийн ган үйлдвэрлэлийн салбарын бэлгэ тэмдэг байсаар ирсэн бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулж Америкийн эзэмшилд үлдэх нь тун чухал зүйл юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн "Америкчуудын хөлс хүчээр урагшилдаг Америкийн томоохон гангийн компаниудаа өөрсдийн мэдэлд хадгалж авч үлдэх нь бидэнд тун чухал асуудал юм. Ган үйлдвэрлэлийн салбарт ажилладаг залуусыгаа сэтгэлээсээ дэмжиж байгаагаа энэ дашрамд дахин илэрхийлье" хэмээн нэмж хэлэв.
US Steel компани нь 1901 онд Питтсбург хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ-ыг эдийн засаг, цэрэг, батлан хамгаалахын салбарын хувьд дэлхийн “супер гүрэн” болоход томоохон хувь нэмэр оруулсан үйлдвэрлэгч юм.
Үйл явдлыг эргэн сануулахад, ган үйлдвэрлэлийн салбартаа дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг Японы Nippon Steel компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард US Steel-ийг 14.9 тэрбум ам.доллароор худалдан авахаар төлөвлөж байгаагаа зарласан ч АНУ-ын эрх баригч, сөрөг хүчний аль алиных нь улс төрийн хүрээний болон хөдөлмөрийн нийгэмлэгүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ.
Цагаан ордны зүгээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч US steel компанитай холбоотой энэхүү нэгдэлийг сайтар шалгах хэрэгтэй гэж мэдэгдэж байсан бөгөөд шалгалтын ажиллагаа одоогоор ид явагдаж байгаа гэх мэдээлэл мөн гараад байгаа юм.
Эх сурвалж: SBS