Америкийн хөл бөмбөгийн цомын тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтод Уругвайн шигшээ баг тэмцээнийг зохион байгуулагч АНУ-ын багийг хожлоо.
Канзас-Ситид болсон С хэсгийн тоглолтод өмнөд америкчууд 1:0-ээр хожсон байна. Тоглолтын 66 дахь минутад Уругвайн шигшээ багийн хамгаалагч Матиас Оливера гоол оруулжээ.
Орландо хотноо болсон хэсгийн өөр нэг тоглолтод Панамын шигшээ баг Боливийн багийг 3:1-ээр буулган авсан байна.
Уругвай, Панамын шигшээ багууд хэсгээсээ нэг, хоёроор хасагдах шатанд шалгарлаа. Уругвайн шигшээ баг 9 оноо, Панамын баг 6 оноо авчээ. АНУ-ын баг 3 оноотой гуравдугаар байрт орсноор хасагдах шатанд шалгарч чадсангүй. Хэсгийн дөрөвдүгээр байрыг Боливийн баг (0 оноо) эзэлжээ.
АНУ-ын шигшээ багийн хувьд тав дахь удаагаа Америкийн цомын тэмцээнд оролцсон бөгөөд 1995, 2016 онд дөрөвдүгээр байр эзэлж байв.
Уругвай, Панамын шигшээ багуудын шөвгийн наймд өрсөлдөх багууд D хэсгийн сүүлийн тоглолтуудын дараа тодорч, тоглолтууд долоодугаар сарын 3-нд болно.
Америкийн цомын тэмцээний шувтаргын тоглолт долоодугаар сарын 15-нд болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ