Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр дагнан ажилладаг мэдээллийн хэрэгсэл болох The Information орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдээлснээр үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч Мicrosoft болон Google компаниуд NVIDIA компанийн хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны хагас дамжуулагчаар тоноглогдсон дата төвүүдээрээ дамжуулан Хятадын компаниудад үйлчилгээ үзүүлж байгаа талаар онцлов.
Байдены засаг захиргаа аюулгүй байдлын үүднээс Хятадын компаниудад Америкийн технологи, тэр дундаа дэвшилтэт хагас дамжуулагчийг ашиглахыг хязгаарлаж байгаа энэ үед ийм байдлаар үйлчилгээ үзүүлэх нь АНУ-ын засгийн газрын шийдвэрийг сулруулж байгаагаас гадна аюулгүй байдлын асуудал үүсгэж байна гэж цохон тэмдэглэсэн байна.
Тодруулбал Мicrosoft компани нь NVIDIA-ийн хиймэл оюун ухааны технологийн хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагч болох A100, H100 чипүүдээр тоноглогдсон серверийн үйлчилгээг Хятадаас гадуур баригдсан дата төвүүдээрээ дамжуулан Хятадын томоохон компаниудад үзүүлж байгаа аж.
NVIDIA нь дэлхийн хиймэл оюун ухааны технологийн хагас дамжуулагчийн зах зээлийн 80 гаруй хувийг эзэлдэг ба A100 болон H100 нь хамгийн сүүлийн үеийн чип гэдгээрээ онцлог юм.
Нэг нь л хэдэн арван мянган ам.доллароор үнэлэгддэг энэхүү чип нь маш их эрэлттэй байгаагийн улмаас нийлүүлэлтийн хомсдолд ороод байгаа аж. Түүнчлэн энэхүү чип нь АНУ-ын засгийн газраас Хятад руу экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний тоонд багтсан байдаг юм.
Google компанийн зүгээс ч Хятадын компаниудад NVIDIA-ийн хамгийн сүүлийн үеийн чипээр тоноглогдсон эх газрын Хятадаас гадна баригдман дата төвүүдийн серверүүдийг ашиглахыг зөвшөөрч байгаагаа тайлбарласан байна. Энэ нь АНУ-ын экспортын хяналтын тухай хуулийг зөрчөөгүй гэж мэдэгджээ.
Түүнчлэн Европ, Азийн үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч олон компаниуд Google болон Microsoft-ын үйлчилгээтэй ижил үйлчилгээ үзүүлж байгаа нь Хятадын компаниудад АНУ-ын дүрэм журмыг тойрч гарах боломжийг бүрдүүлж байна хэмээн тус мэдээнд дурдсан байна.
АНУ-ын Худалдааны сайд Жина Рэймондо хэлэхдээ, өнгөрөгч 1-р сард Байдены засаг захиргаа үүлэн технологийн салбарын гадаадын компаниуд хиймэл оюун ухааны хөгжилд АНУ-ын компаниудын дата төвийг ашиглаж байгаа эсэх талаар шалгалт хийхийг шаардсан гэв.
Гэвч АНУ-ын Худалдааны яам үүлэн тооцооллыг бүтээгдэхүүн гэхээсээ илүү үйлчилгээний тоонд багтааж, экспортын хяналтаас чөлөөлдөг бөгөөд энэ нь Хятадын компаниудын дэвшилтэт технологид нэвтрэх боломжийг хязгаарлах АНУ-ын хүчин чармайлтыг сулруулж болзошгүй хэмээн тус мэдээнд онцолжээ.
Эх сурвалж: SBS