Эдийн засгийн нэлээд хүндхэн хямралын үеийг даван туулж буй Ливан улс түлшний хомсдолоос үүдэн орон даяар цахилгаан эрчим хүчийг бүрэн хязгаарлаж болзошгүй байгаа тухай Reuters мэдээлэв.
Ливаны цахилгаан, эрчим хүчний төрийн өмчит компаниас хийсэн мэдэгдэлдээ, шатахууны нөөц багассантай холбогдуулан улсын хэмжээнд энэ сарын эцэс гэхэд цахилгаан, эрчим хүч бүрэн тасарч болзошгүй байдал үүсээд байгаа тухай онцолжээ.
Ливан улсад 2019 оноос хойш эдийн засгийн хямрал үргэлжилж байгаагийн дээр Ковид-19 өвчний дэгдэлт, мөн өнгөрсөн оны 8-р сард болсон Бейрутын дэлбэрэлт зэрэг хүнд асуудлууд ар араасаа хөвөрсөөр байгаа юм. Дээрх асуудлуудаас үүдэн дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш 90 гаруй хувиар унаж, шатахуун болон эм тариагаа импортлох боломжгүйд хүрчээ.
Шатахууны хомсдлоос үүдэн тус улсад өдөрт 22 цаг гаруй цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа нь ард иргэдийн амьдралыг “зогсонги” байдалд оруулаад байгаа юм.
Эх сурвалж: SBS