Их Британийн эдийн засаг өнгөрсөн долоо хоног адал явдлаар дүүрэн байлаа
2022, 10 сарын 4. 8:440

Шинэхэн канцлер Кваси Квартенг татварын орлогыг ихээхэн бууруулан тооцсон төсвөө танилцуулаад долоо орчим хоног өнгөрч байна. Тус төсвийн зорилго эдийн засгийн өсөлтийг хангах юм. Гэвч өнгөрсөн өдрүүдэд бизнесийн итгэлцэл буурч, ипотекийн зээлийн хүү өссөн. Их Британийн эдийн засгийн түүхэнд тохиолдсон “өвөрмөц” долоо хоногийн үйл явдлыг иргэдийн яриагаар илэрхийлье.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Лондоны төв биржийн валют арилжааны мэргэжилтэн Жордан Рочестер дадал болсон зангаар өглөөний 06:00 цагт сэрээд шууд гар утсаа шалгажээ. Гэтэл фунт стерлингийн ханш түүхэн дэх хамгийн доод түвшинд буюу 1.03 ам.доллартой тэнцэн суларсан байлаа. Тэрбээр аз болж сүүлийн саруудад ханш унана гэж тооцон ажиллаж байжээ. “Би карьерынхаа хувьд хамгийн өндөр амжилттай, зөв арилжаа хийсэн. Гэвч хамгийн таагүй мэдрэмж төрж байлаа. Хямралыг хэн ч хүсэхгүй” хэмээн өгүүлсэн юм. Валютын ханш сулрах нь тухайн улсын эдийн засгийн хэтийн төлөвт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулдаг.

Coreco Partners үл хөдлөх хөрөнгө, ипотекийн зээлд зуучлагч компанийн захирал Эндрю Монтлейк "Долоо хоногийн эхний өдрүүд үнэхээр солиотой байсан” гэв. Нийлүүлэгч тал байраа худалдахаа болих эсвэл зээл олгох шийдвэрээ цуцлахаас өмнө, магадгүй илүү өндөр үнэ тулгахаас нь урьтаж үйлчлүүлэгчдийнхээ гэрээг хурдхан баталгаажуулах хэрэгтэй байсан. Тиймээс зуучлагчид маш өндөр ачаалалтай ажиллахад хүрчээ. Тэрбээр “Жишээлбэл, би үйлчлүүлэгчдээ өглөө 9 цагт нэг байрны үнэ санал болгож ярьснаасаа хойш ердөө хоёр цагийн дараа дахин утасдаж ганц цагийн дотор эцсийн шийдвэрээ гаргахгүй бол болохгүй нь гэж сануулахаас аргагүй байдалд орсон” гэж ярилаа. Үнэхээр, долоо хоногийн төгсгөлд нийлүүлэлт 40 хувиар буурсан байлаа. Харин одоо санхүүгийн байгууллагууд зээлийн шинэ бүтээгдэхүүн санал болгож эхэлсэн боловч хүүгийн түвшин ерөнхийдөө өссөн дүнтэй байна.

Олон улсын валютын сан засгийн газрын тус арга хэмжээ нь тэгш бус байдлыг нэмэгдүүлэх, өдөр тутмын хэрэглээний үнийг өсгөх магадлалтай гэж онцолсон билээ. Жишээ болгон хоёр бодит жишээ дурдъя. Everything Dinosaur тоглоомын дэлгүүрийн эзэн Майк Уолли импортын бараандаа 42,000 ам.доллар төлжээ. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн эхээр төлсөн бол 35,000 орчим ам.доллар болох байсан” гэв. Харин Кардифф хотын оршин суугч, орон сууцны зээл авсан 51 настай иргэн Стив Кендрик “Хэрэв зээлийн хүү яриад байгаа шиг өсвөл би гэр орноо алдана. Ковидыг даван туулахын тулд шаргуу ажилласны дараа дахин ийм том бэрхшээлтэй тулгарлаа. Нуруундаа хутгалуулсан мэт санагдаж байна” гэсэн юм.

Харин JM Finn компанийн хөрөнгө оруулалтын захирал Люси Коутс засгийн газрын бондуудад хөрөнгө оруулалт хийдэг. Учир нь төрийн бонд нь найдвартай, тогтвортой, эрсдэл бага байдаг жамтай. Гэтэл зарим бондын ханш хоёр өдрийн дотор 20 хувиар буурсан юм. Энэ тухайд тэрбээр “Гэнэт газар хөдлөх шиг санагдсан” хэмээн зүйрлэсэн юм. Английн Төв банк бондын үнийг дэмжих үүднээс 65 тэрбум фунт стерлингээр худалдаж авах амлалт өгсөн. Энэхүү хөндлөнгийн оролцооны ачаар Пүрэв гараг гэхэд байдал хэвийн болж эхэлсэн аж. Ийнхүү бондын үнэ цэнийг одоогоор тодорхой хэмжээнд хамгаалж чадсан боловч хувьцаануудын ханш ихээр унасан. Долоо хоногийн төгсгөл үед зарим ханш сэргэв.

Лиз Трасс, Кваси Квартенг нар шүүмжлэлийг үл харгалзан төлөвлөгөөндөө тууштай байна хэмээн мэдэгдлээ. Тус стратеги эдийн засгийг өсгөж, инфляцыг даван туулахад дэмжлэг болох тул маргаан дагуулсан, хүнд шийдвэр гаргахаас айхгүй хэмээн ярилаа. Харин нөгөө талд урт хугацаанд зарцуулалтаа хэрхэн төлөх, өрийг хэрхэн зохион байгуулах талаар нэмэлт тайлбар, санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүртэл засгийн газрын найдвартай байдал эргэлзээтэй хэвээр байна гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35