100 жилийн турш үргэлжилж буй Израиль, Палестины тэмцэл хэзээ нэгэн цагт дуусах болов уу?
2023, 10 сарын 14. 4:440

Дэлхий дахины мэдээ мэдээлэл гэнэтхэн л “дайн" гэх түлхүүр үгээр дүүрээд байна. Тодруулбал Палестины зэвсэгт Хамас бүлэглэл орон нутгийн цагаар 7-ны өглөө эрт Израилийн эсрэг гэнэтийн дайралт хийснээр эхэлсэн дайн хэдэн өдрийн турш үргэлжилж, өдгөө олон мянган хүний ​​амийг авч одоод байгаа билээ. Тэрчлэн дэлхийн эдийн засагт үзүүлэх дайны нөлөө асар их учраас нөхцөл байдлыг улс орон бүр амьсгаа даран ажиглаж байгаа нь тодорхой.

Израиль, Палестины харилцааг "Ойрхи Дорнодын дарьт торх” хэмээн нэрлэдэг ба учир нь хэзээ л бол хэзээ дэлбэрч мэдэх тун эмзэг харилцаа юм. Энэхүү мөргөлдөөний үндэс нь тун эртнээс улбаатай бөгөөд бидэнд өнгөрсөн 100 жилийн түүхийн шарласан хуудсыг сөхөх шаардлага тулгарна.

Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй үргэлжилж буй Израиль-Палестины дайны талаарх мэдээг олон хүний ​​мэдэхийг хүсэж буй өнцгөөс нь тоймлон хүргэхийг хичээе.

Юу болж өнгөрөв?

Орон нутгийн цагаар 7-ны өглөөний 6:30 цагийн орчимд Палестины зэвсэгт Хамас бүлэглэл Израилийн өмнөд хэсэг рүү 2500 гаруй пуужин харваснаас гадна 300 зэвсэгт этгээд агаарын хил зөрчин нэвтэрсэн юм. Энэхүү халдлагын үеэр Израилийн олон зуун цэрэг, энгийн иргэд амь үрэгдсэн билээ.

Израилийн ерөнхий сайд тэр даруй дайн зарлаж, "Бид Хамасыг балгас болгоно" хэмээн мэдэгдсэн юм. Улмаар тэд Палестины харьяа Газын зурвас руу сөнөөгч онгоцоор их хэмжээний хариу цохилт өгч, 360 мянга орчим цэргийн насны залуусыг дайчлахаа мэдэгдэв. Түүнчлэн Хамас бүлэглэлийн түшиц газар болох Газын зурвасыг танк болон хуягт техникээр бүрэн бүслээд байгаа билээ.

Ид өрнөж буй энэхүү дайны тав дахь өдөр буюу 11-ний өдрийн байдлаар хоёр талын өөрсдийн мэдээлсний дагуу амь үрэгдэгсдийн тоо аль хэдийн 2000 даваад байгаа юм. Өдөр хоног өнгөрөх тусам энэ тоо өссөөр байх нь тодорхой.

Хамас бүлэглэлийн үйлдсэн энэхүү гэнэтийн дайралтыг АНУ-ын Тагнуулын төв газартай дүйцэхүйц чадвар, чансаа бүхий Израилийн тагнуулын алба ч урьдчилан илрүүлж чадаагүй нь тун гайхаш төрүүлэхүйц зүйл байв. Түүгээр зогсохгүй Израилийн хамгийн сүүлийн үеийн нам өндрийн агаарын довтолгооноос хамгаалах “Iron Dome” ч “үүргээ гүйцэтгэж” чадаагүй нь дэлхий нийтийг гайхашралд оруулав.

Хамас бүлэглэлийн тухай

Тус бүс нутагт одоогоор палестинчуудын амьдардаг хоёр хэсэг байдаг ба энэ нь Иордан голын баруун эрэг болон Газын зурвас юм. Палестины албан ёсны засгийн газар нь арай том газар нутгийг эзлэн оршдог Баруун эрэгтээ байрладаг бөгөөд Газар дундын тэнгис рүү чиглэсэн Газын зурваст 2007 оноос хойш Хамас хэмээх зэвсэгт бүлэглэл ноёрхолоо тогтоогоод байгаа юм. Хамас нь цэргийн байгууллага хэдий ч улс төрийн байгууллагад ч бас тооцогддог аж.

Бидний мэдэх ихэнх улс оронд төр засаг, улс төрийн нам, шашны байгууллагууд нь тусдаа байдаг бол Исламын орнуудад улс төр, шашин, цэргийн байгууллагууд нь хоорондоо нягт холбоотой байдгаас гадна нэг байх тохиолдол ч бий. Тухайлбал өдгөө Афганистанд дэглэмээ тогтоогоод байгаа зэвсэгт бүлэглэл болох Талибан бол үүний нэгэн томоохон жишээ юм. Хамас бүлэглэл нь Газын зурваст өөрийн засгийн газрыг байгуулаад зогсохгүй цэрэг армийг нь ч удирддаг байна.

Израиль-Палестины мөргөлдөөний 100 жилийн түүх

Палестин, Израиль нь 75 жилийн турш газар нутгийн төлөө тэмцэлдсээр ирсэн билээ. Бүр уг үндсээс нь хөөвөл бүр энэ зөрчилдөөн 100 орчим жилийн өмнөөс эхэлсэн түүхтэй. Одоогийн Израиль, Палестины оршиж буй бүс нутаг өмнө нь "Османы эзэнт гүрэн"-д харьяалагддаг байсан боловч дэлхийн 1-р дайнд Османы эзэнт гүрэн ялагдахад Их Британи энэхүү газар нутгийг хяналтандаа авч байжээ.

Түүнчлэн энэхүү газар нь "Иерусалим" зэрэг Библид дурдагддаг газруудын өлгий нутаг юм. Мөн зөвхөн иудаизм, христийн шашинд төдийгүй Исламын шашинд ч чухал ач холбогдолтой газар нутаг аж. Улмаар дэлхийн өнцөг булан бүрт тархай бутархай амьдардаг байсан ч энэ газрыг “унасан газар, угаасан ус минь” хэмээн онцгойлон хүндэтгэдэг еврейчүүд энд “Еврейн улс”-ыг байгуулахыг зорих болов.

Дэлхий даяар тархаж, хүчирхэгжиж байсан еврейчүүд 1917 онд Их Британиас "Еврейн улс”-ыг байгуулж болно гэх амлалт авснаар хожим Израилийг жинхэнэ ёсоор байгуулах үндэс болсон юм. Их Британийн засгийн газар Арабчуудад ч яг ийм агуулга бүхий амлалт өгсөн гэх яриа байдаг юм. Өөрөөр хэлбэл “давхар гэрээ” хийсэн гэх шүүмжлэлийг мөн дагуулдаг байна.

Дэлхийн 2-р дайны үеэр нацистуудын хатуу хавчлагад өртөж, хоморголон устгагдаж асан еврейчүүд дайны төгсгөлд улс үндэстнээ байгуулахаар зориг шулуудаж эцэст нь үүнээс гурван жилийн дараа буюу 1948 онд тусгаар улсаа байгуулсан гэдгээ зарлаж байв.

Хамгийн гол асуудал нь энэхүү бүс нутагт амьдардаг хүмүүсийн ихэнх нь арабууд, өөрөөр хэлбэл палестинчууд байсанд оршиж байлаа. Еврейчүүд эдгээр хүмүүсийн амьжиргааг гэнэт хүчээр булааж авах нь тэр. Улмаар Израиль, Палестины хооронд "Ойрхи Дорнодын анхны дайн" эхэлсэн түүхтэй. Энэ дайн дууссаны дараа ч "Палестины тал" буюу ихэнх Арабын орнууд болон “Израилийн тал"-ын хооронд дайн үргэлжилсээр байсан юм. Үүнийг “Ойрхи Дорнодын 2-4-р дайн” гэж нэрлэдэг. Түүнчлэн энэ бүс нутагт том, жижиг мөргөлдөөн байнга гарсаар иржээ.

Яагаад заавал өнөөдөр дайн эхлэх болов?

Израилийн хувьд Хамас бол "Газын зурвасыг зөвшөөрөлгүйгээр эзэлсэн зэвсэгт террорист байгууллага" бол Палестины хувьд “газар нутгаа эргүүлэн авахаар хичээж буй бүлэглэл" юм.

Тэгвэл Хамас бүлэглэл өнөөдөр яагаад энэ олон хүний амь насыг авч одсон дайныг дэгдээхэд хүрэв? Палестинтай харьцуулахад бүх талаар хамаагүй хүчирхэгжсэн Израилийг удаан хугацааны турш эсэргүүцсээр ирсэн тус бүлэглэлийн амссан хохирол асар их бөгөөд өнгөрсөн жил засгийн эрхэнд эргэн гарч, эрх мэдлээ улам бэхжүүлж буй Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Хамас бүлэглэлийг өдөөн хатгасан гэх дүгнэлтийг зарим шинжээчид хийжээ.

Тодруулбал ерөнхий сайд Нетаньяху Палестины засгийн газар байрладаг Иордан голын баруун эрэг дэх еврейн сууринг өргөтгөөд зогсохгүй Баруун эрэг орчмыг Израильд нэгтгэхээр хөдөлж эхэлсэн байна. Гол нь энэхүү үйлдлийг нь Хамас анзааралгүй орхино гэж үгүй билээ.

Тэрчлэн Хамасын энэ удаагийн халдлагад Ойрхи Дорнодын хүчирхэг улсуудын нэг болох Саудын Араб болон Израилийн харилцаа нөлөөлсөн гэх дүгнэлт ч гарах болов. Зөрчилдөөн ихтэй байсан Саудын Араб, Израиль улсууд сүүлийн үед АНУ-ын зуучлалаар эвлэрэх хандлагатай болж байсан нь Хамас бүлэглэлийг эртнээс дэмжсээр ирсэн гэгддэг Ираны хувьд тун таагүй мэдээ байсантай холбоотой хэмээн үзэж буй юм.

Тодруулбал Шиа шашны урсгалыг тэргүүлдэг Ираны хувьд өөрийн өрсөлдөгч болох суннит шашны тэргүүн Саудын Араб нь АНУ болон Израильтай ойртож дотносох нь олон улсын харилцааны түвшинд тун таагүй явдал болж, улам хаагдмал болгох вий гэх айдас байсантай хообоотой байж магадгүй хэмээн шинжээчид харсан байна. Иймээс ч гадаадын томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд “Хамасын халдлагын ард Иран байгаа" гэж мэдээлж байв. Гэхдээ Ираны тал Хамасын халдлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч өөрсөдтэй нь ямар ч холбоогүй хэмээн няцаасан байна.

Ингэснээр Израиль, Саудын Арабын хооронд үүсч байсан эвлэрлийн бяцхан оч унтарч буй нь дамжиггүй. Учир нь Исламын шашинтай Саудын Араб Палестиныг дэмжихээ илэрхийлсэнтэй шууд холбоотой. Исламын орнуудын хувьд олон жилийн турш дарлал мөлжлөгт өртөж ирсэн Исламын шагинт улс болох Палестиныг үл тоож, Израилийн талд зогсоно гэдэг байж боломгүй асуудал болох юм.

Тэгвэл цаашид хэрхэх бол?

Хэвлэл мэдээллийнхний хамгийн түрүүнд санаа зовж буй асуудал бол энэ дайн “Ойрхи Дорнодын 5-р дайн” болон өргөжих вий гэх айдас юм. Уг дайны тухайд Иран Хамас бүлэглэлийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол АНУ Хамасын үйлдлийг "зөвтгөх аргагүй терроризм" хэмээн тодорхойлж, Израильд цэргийн дэмжлэг үзүүлэхээ амлаад байгаа билээ. Хэрэв бусад улс орнууд энэ мэтчилэн хөндлөнгөөс оролцож эхэлбэл мөргөлдөөн улам газар авч магадгүй хэмээн санаа зовох нь зүй ёсны хэрэг.

Цэрэг армийн хувьд хамаагүй чадавхи өндөртэй Израиль удахгүй Газын зурваст хуурай замын цэргээ байрлуулж, “цуст өшөө авалт” хийж магадгүй гэх ажиглалт мөн гарах болов. Хамасын тал агаарын довтолгооны эхэн үед барьцаалан авч явсан 100 орчим барьцааны хүмүүсийг бамбай болгож байгаа ба “энгийн иргэдийн байр, орон сууцыг урьдчилан мэдэгдэлгүйгээр бөмбөгдөх бүрт нэг барьцааны хүнийг цаазлах болно” хэмээн сүрдүүлсэн байна.

Хэдэн арван жилийн турш цуст мөргөлдөөн хийсээр ирсэн Израиль, Палестин улсуудын аль нэгийг өдгөө хохирогч гэж тодорхойлоход тун бэрх болжээ. Хэдийгээр олон хүний ​​амийг авч одсон Хамасын энэхүү халдлагад шүүмжлэлтэй хандах хүмүүс маш олон байгаа ч, дэлхий даяар "Палестиныг дэмжсэн жагсаал”, “Израилийг дэмжсэн жагсаал" зэрэг зэрэг зохион байгуулагдаж байна.

Хэзээ ч сайн харилцаатай болохооргүй болтлоо холдсон энэ хоёр улсын хооронд үүссэн нөхцөл байдалд дэлхий нийт хэрхэн хандвал зохилтой вэ? Эцэс төгсгөлгүй үргэлжлэх энэ зовлон хэзээ нэгэн цагт дуусах болов уу?

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35