Мягмар гарагт Европын Комиссоос Өмнөд Солонгосын Korean Air болон Asiana авиакомпаниудын нэгдэх төлөвлөгөөг зөвшөөрөн баталжээ. Ингэснээр авиакомпаниуд холбогдох 14 байгууллагаас зөвшөөрөл авах ёстойгоос 13 зөвшөөрлийг нь авсан хэрэг болж байгаа юм. Улмаар одоо АНУ-ын зүгээс тэдний нэгдэх төлөвлөгөөг зөвшөөрөх аваас авиакомпаниуд нэгдэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх ажээ.
Гэвч Европын Комисстой харилцан тохиролцсоны дүнд Korean Air авиакомпани монополь болохоос сэргийлэх үүднээс тэд Asiana Эйрлайнсын ачаа тээврийн бизнесийг гуравдагч этгээдэд зарж, агаарын ачаа тээврийн үйлчилгээг Европын 4 хот руу тэлэх ёстой юм. Тодруулбал, Европын Комиссоос шаардсанаар Korean Air авиакомпани Asiana Эйрлайнсын ачаа тээврийн бизнесийг худалдан авах хуулийн этгээдүүдийг олж, Өмнөд Солонгосын бага өртөг бүхий нислэг үйлдэгч T’Way Air авиакомпанид Барселона, Парис, Ром, Франкфурт хотууд руу хийх аяллуудынх нь хүрээнд тэдэнд сул зогсоол гаргаж, чиглэл суллаж өгөх хэрэгтэй гэнэ.
Эх сурвалж: FT