Европын холбоо дүрвэгсдийн урсгалыг зогсоох зорилгоор Египетэд 7.4 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлнэ
3 сарын 21. 4:120

Европын холбоо эдийн засгийн хямралд нэрвэгдсэн Египетэд дараагийн гурван жилийн хугацаанд 7.4 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ийнхүү “өгөөмөр загнаж” буйн шалтгаан бол Египет дэх Африкийн дүрвэгсдийн Европ руу чиглэсэн урсгалыг хязгаарлах зорилготой бөгөөд Египетийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад зориулсан арга хэмжээ хэмээн харж болох юм.

Ассошиэйтед Пресс агентлагийн орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдээлснээр, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен болон Итали, Грек, Киприйн удирдагч нараас бүрдсэн Европын холбооны төлөөлөгчид мөн өдөр Египетийн Каир хотноо тус улсын ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй “стратегийн, иж бүрэн түншлэлийн харилцаа”-нд гарын үсэг зурсан болохыг онцлов.

Европын холбоо болон Египет сэргээгдэх эрчим хүч, худалдаа, аюулгүй байдал зэрэг салбарт санхүүжилт, зээл олгох замаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөж буй аж.

Энэхүү санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нийт 7.4 тэрбум евро ба үүний 5 тэрбум евро нь хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгогдох бол 1.8 тэрбум евро нь хөрөнгө оруулалт, 600 сая евро нь буцалтгүй тусламж гэв. 600 сая еврогийн буцалтгүй тусламжийн 200 сая еврог цагаачлалын асуудлыг шийдвэрлэхэд зориулах гэнэ.

Европын холбооны зүгээс ийнхүү их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж буй явдал нь эдийн засгийн хямралд нэрвэгдсэн Египет улс дахь Африкийн дүрвэгсэд Европ руу цагаачлах вий гэсэн болгоомжлолтой шууд холбоотой гэдэг нь тодорхой.

Судан, Сири зэрэг иргэний дайнд нэрвэгдсэн хөрш орнуудын дүрвэгсэд хэдэн арван жилийн турш Египет рүү шилжин суурьшсаар байгаа билээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссын мэдээлснээр, өнгөрөгч 11-ний байдлаар Египет дэх дүрвэгсдийн тоо 550 мянгаас даваад буй талаар цохон тэмдэглэжээ.

Египет дэх дүрвэгсдийн зарим нь тус улсад суурьшиж үлдэх тохиолдол байдаг ч олонх нь Европыг зорьдог. Эхэндээ дүрвэгсдийн хувьд Египетэд хууль ёсны дагуу ажиллах боломж хязгаарлагдмал байсан бол сүүлийн үед Египетийн эдийн засаг хүндрэхийн хэрээр Египетэд суурьшихад бүр л хүндрэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл жил бүр хэдэн арван мянган дүрвэгсэд амь насаа эрсдэлд оруулан байж Газар дундын тэнгисийг гатлах оролдлогыг хийдэг гэсэн үг юм. Европын холбооны Цагаачлалын албаны өнгөрсөн онд нийтэлсэн тайланд дурдсанаар, сүүлийн жилүүдэд Европын холбооны виз мэдүүлэх Египетийн цагаачдын тоо хурдацтай өссөн байна.

Европын орнуудын удирдагчид Африкийн дүрвэгсдийн урсгалыг хааж буй шалтгаанаа хүмүүнлэгийн үүднээс тайлбарлах нь элбэг. Тухайлбал хэт олон тооны дүрвэгсэд Газар дундын тэнгисийг жижиг завиар гатлах үедээ амиа алдаж байгаагаас гадна зарим тохиолдолд хүний наймааны золиос болох тохиолдол байдаг хэмээн дурддаг. Гэсэн хэдий ч дүрвэгсдийн урсгалаас үүдэлтэй дотоод улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг газар авахаас урьдчилан сэргийлэх нь хамгийн гол шалтгаан гэдэг нь тодорхой.

Африкийн дүрвэгсдийн Европ руу чиглэсэн урсгалыг зогсоохын тулд Европын холбоо асар их санхүүгийн зардал гаргаж байгааг шүүмжлэх нэгэн ч байна. Түүнчлэн өдгөө Европын орнуудад оршин сууж байгаа дүрвэгсдийн хүний ​​эрх ноцтой зөрчигдөж буй асуудлыг “нүдэн балай, чихэн дүлий” өнгөрүүлж байгааг мөн буруушаасаар байна.

Египетийн эдийн засаг цар тахлын үеэр ихээхэн суларсан нь тус улсын эдийн засгийг “чирж явдаг” гол салбар болох аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсонтой шууд холбоотой.

Украины дайн ч Египетийн эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлсэн. Тухайлбал энэхүү дайн эхэлснээс хойш улаан буудайн импортоор дэлхийд тэргүүлэгч Египет улсад үр тарианы үнэ огцом өссөн нь ард иргэдийнх нуруун дээр томоохон дарамт болсон юм. Тус улс нь дотоодын улаан буудайн нийт хэрэглээнийхээ 60 гаруй хувийг импортоос авдаг бөгөөд ихэвчлэн Украин, Оросоос авдаг байв.

Өдгөө үр тарианы үнэ тодорхой хэмжээгээр тогтворжсон ч эрчим хүчний үнийн өсөлт зэрэг бусад шалтгааны улмаас инфляцын түвшин нэмэгдсээр байна. Тус улсын статистикийн газрын мэдээлснээр Египетийн жилийн инфляцын түвшин 30 гаруй хувьд хүрээд байгаа ба Төв банкны зүгээс өнгөрөгч 7-ны өдөр үндсэн хүүгээ 6 нэгж хувиар нэмэгдүүлж, 27.25 хувьд хүргэсэн билээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35