Европын орнуудад ажлын цаг багасахын хэрээр хөдөлмөрийн бүтээмж муудаж, АНУ-аас эдийн засгаараа хоцорч байна
2023, 9 сарын 14. 5:500

Дэлхийн эдийн засгийг тэтгэгч хоёр тэнхлэг болох АНУ, Европын орнууд эдийн засгийн хувьд улам л ялгаатай болох болжээ. Тодруулбал АНУ-ын инфляц тогтворжиж, эдийн засаг зогсолтгүй өссөөр байгаа бол Европын орнууд өндөр инфляцид живж, эдийн засгийн уналтад орсон хэвээр байна. Европын орнууд бүтцийн хувьд онцгой сайжруулалт хийхгүй бол АНУ болон Европын эдийн засгийн ялгаа улам бүр нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Европын холбоо орон нутгийн цагаар 11-ний өдөр евро ашигладаг 20 улс буюу Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн хурдыг мэдэгдэхүйц бууруулсан явдал нь бүс нутгийн эдийн засгийн удаашрал төсөөлж байснаас хурдан байгааг Европын холбоо өөрөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл цар тахлын нөлөөллөөс гадна ОХУ Украинд халдан түрэмгийлсэн явдал, түүхэнд байгаагүй зээлийн хүүгийн өсөлт, АНУ-БНХАУ-ын худалдааны дайн улам ширүүсч байгаа зэрэг нь тус бүс нутгийн эдийн засагт томоохон цохилт болж буйг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн хэрэг болов. Ар араасаа өрнөж буй эдгээр үйл явдлууд нь Европын эдийн засаг төсөөлж байснаас сул байгааг тод томруунаар дэлхий дахинд харуулж байна.

Сүүлийн үед инфляц тогтворжиж, эдийн засаг нь сайжрах шинж тэмдэг илэрч буй АНУ-тай харьцуулахад Европ тивд тохиож буй эдийн засгийн уналт бүр ч илүү тодорхой харагдаж байгаа нь нууц биш юм. Олон улсын валютын сан өнгөрсөн долдугаар сард АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдыг нэмэгдүүлсэн билээ. Тодруулбал тус сан нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өнгөрөгч дөрөвдүгээр сард 1.6 хувь хэмээн мэдэгдэж байсан бол долдугаар сард 1.8 хувь болгон 0.2 нэгж хувиар өсгөсөн юм. Олон улсын валютын сан холбогдох тайландаа "АНУ-ын инфляцын түвшин бодсоноос хамаагүй хурдан буурч байгаа тул мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх шаардлагагүй болж байгаагаас гадна хэрэглээ нэмэгдэх магадлалтай” хэмээн дүгнэжээ.

Гэвч АНУ, Европын хоорондын ялгаа ийнхүү ихсэж байгаа нь зөвхөн Украины дайн зэрэг гадаад хүчин зүйлээс шалтгаалаагүй гэдэг нь хамгийн хүнд асуудал юм. Урт хугацаагаар харвал АНУ болон Европын хоорондын ялгаа аль 10 гаруй жилийн өмнөөс эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Олон улсын валютын сангийн мэдээлснээр, энэ онд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 26.9 их наяд ам.долларт хүрсэн нь 2008 онтой харьцуулахад буюу сүүлийн 15 жилийн хугацаанд 82 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 15.1 их наяд ам.доллар байгаа нь 15 жилийн өмнөхтэй харьцуулахад ердөө 6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Үүний үр дүнд Европын орнуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ АНУ-ын зарим мужуудаас ч доогуур байна. Тодруулбал өнгөрсөн долдугаар сард Европын олон улсын улс төр, эдийн засгийн судалгааны төвөөс АНУ-ын мужууд болон Европын томоохон орнуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг харьцуулсан тайланг нийтэлжээ. Уг тайлангаас харахад Итали улс нь АНУ-ын 50 мужаас хамгийн ядуу муж болох Миссисипи мужаас ялимгүй дөнгүүр үзүүлэлттэй гарсан байна. Харин Францын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ АНУ-даа 48-рт бичигдсэн Айдахо болон 49-р байранд орсон Арканзас мужуудын голд байжээ. Тэгвэл Европын эдийн засгийн гол зүрх болсон Герман улс 38-рт орсон Оклахома болон 39-рт бичигдсэн Мэн хоёрын хооронд байрлаж байв.

Уолл Стрийт Журнал сонин саяхан "Европ улам ядуурч байна" хэмээн нэгэн нийтлэлдээ бичсэн байна. Тус нийтлэлд бичсэнээр Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллагын мэдээлэлд үндэслэн тооцоолон гаргасан улс орнуудын жилийн дундаж цалинг харвал АНУ-ын цалингийн түвшин өнгөрсөн онд 2019 онтой харьцуулахад 6 орчим хувиар өссөн байсан бол Герман, Итали, Испанийн цалингийн хэмжээ мөн хугацаанд 3, 3.5, 6 хувиар тус тус буурсан гэх тооцоо гарсан байна. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар АНУ-д хэрэглээний зардал 2008 онтой харьцуулахад 55.32 хувиар өссөн бол Европын холбооны хувьд ердөө 0.16 хувиар өссөн байх юм.

Европын эдийн засгийн уналтын хамгийн гол шалтгаан хөдөлмөрийн бүтээмж муу байгаата холбоотой гэх дүгнэлт ч газар авах болжээ. Уолл Стрийт Журнал сонины онцолж буйгаар “Амралт, чөлөөт цагийг илүүд үзэж, ажлын тогтвортой байдлыг юу юунаас тэргүүнд тавьдаг, нас тогтсон ажиллах хүчин дийлэнх хувийг эзэлж буйн улмаас хөдөлмөрийн бүтээмж удааширсан" гэж дүгнэсэн байна. Европын Олон улсын улс төр, эдийн засгийн төвийн зүгээс “Аж үйлдвэрлэлийн салбарт дахь мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтаа нарийлдаггүй АНУ-аас ялгаатай нь Европын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн хурд мэдэгдэхүйц буурсаар байна” хэмээн үзжээ.

Тэрчлэн Европ дахь үйлдвэрчний эвлэлийн хүчтэй байр суурь болон ажлын цагийг багасгасан зэрэг нь хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж, эдийн засгийн удаашралын гол шалтгаан болж байгаатай санал нэгдэх хүн олон. Тухайлбал Уолл Стрийт Журнал сонин “Хөдөлмөрийн бүтээмж буурч байгаатай зэрэгцэн үйлдвэрчний эвлэлийн байр суурь ихээхэн бэхжсэн" хэмээн онцлов. Тухайлбал Германы хамгийн том үйлдвэрчний эвлэл энэ оны арваннэгдүгээр сард болох хамтын хэлэлцээрийг угтан долоо хоногт дөрвөн өдөр ажилладаг болох шаардлагыг хүргүүлсэн байна. Тэрчлэн Финляндын хөдөлмөр эрхлэгчид ажлын цагийг багасгаж, цалингаа бууруулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Түүнчлэн Европын компаниуд шинэ технологид хөрөнгө оруулалт хийх зэрэг инновацийн хөгжилд төдийлөн ач холбогдол өгдөггүй нь ажиглагдсан байна. Францын хэвлэл мэдээллийн Le Monde агентлагийн дурдсанаар 2000 онд Лиссабонд зохион байгуулагдсан Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр бүс нутгийн улс орнууд инновацийн хөгжлийг чухалчлахаа мэдэгдэж байсан ч 2000-2010 оны хооронд мэдээллийн технологийн нөлөөгөөр технологи, үйлдвэрлэлийн орчин өөрчлөгдөхөд Эпл, Майкрософт, Гүүгл, Амазон зэрэг Америкийн компаниуд тэргүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35