Хиймэл оюуныг ашиглан хорт хавдартай хүмүүсийн мөрөөдлийг биелүүлжээ
4 сарын 2. 18:370

Эдгэршгүй өвчинтэй тэмцэж буй хэн бүхэн ирээдүйд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх аз жаргалтай мөчүүдээ мэдэрч чадалгүй алдах вий гэсэн айдас гунигийг үргэлж тээж байдаг.

Тэдний энэ зовлонг бага ч атугай нимгэлэхийн тулд нэрт гэрэл зурагчин Жиллиан Эдельштейн хиймэл оюун ухааныг ашиглан бүтээсэн гэрэл зургуудаа Лондон хотын Саатчи галерейд толилуулж байна.

Эдгээр гэрэл зургийн дотор Монмутшир мужийн Калдикот хотын иргэн Луиза Хадсоны зураг бий. Тэрбээр хоёрдогч хөхний хавдар туссан бөгөөд хавдар нь бусад эрхтэнд тархаж, эмчилгээ хийлгэж байгаа боловч бүрэн эдгэрэх боломжгүйд хүрчээ. Өдгөө 58 настай тэрбээр анх 2022 оны долдугаар сард хөхний хорт хавдартай гэдгээ мэдэх үед хавдар хэдийнэ элгэнд нь хүрч тархсан байв. 2 дугаар сард дүрс оношилгооны MRI аппаратаар үзүүлэхэд түүний тархинд мөн гэмтэл илэрсэн бөгөөд түүнд зургаан сарын нас үлдсэн гэдгийг эмч хэлжээ.

Үзэсгэлэнд тавьсан Луизагийн гэрэл зурагт тэрбээр 60 насныхаа ойг өөрийн бүжиглэдэг байсан "Челси балет" бүжгийн хамтлагийнхантайгаа хамт тэмдэглэж байх бөгөөд энэ мөчид 30 жил ханилсан эр нөхөр Барри нь түүнийг бахдан харж зогсоно.

Ливерпүүл хотод амьдардаг 31 настай Кэтигийн гэрэл зурагт тэрбээр Лиам гэдэг найз залуутайгаа 2025 онд хуримаа хийж байгааг үзүүлжээ. Түүний мөр байнга өвддөг байсан тул эмчид хандахад “хөхний хоёрдогч хорт хавдартай” гэж оношилжээ. Одоо тэрбээр хавдрыг цааш тархаахгүйн тулд төрөл бүрийн эмчилгээ хийлгэсээр байна.

Оге Онвуачү гэдэг эмэгтэй гэрэл зурагт тэрбээр 2025 онд болох хүүгийнхээ сургууль төгссөний баярт оролцож, ийм мундаг хүүхдүүдтэйгээ хамт байгаа болохоор тэднээрээ бахархахаас аргагүй хэмээн өгүүлж буйг дүрсэлжээ. Тэрбээр Их Британийн Кент мужийн Чатам хотод багшаар ажилладаг бөгөөд 2019 оны хоёрдугаар сард түүний бие дээр овгор зүйл гарсныг илрүүлсэн бөгөөд 10 сарын дараа эмчид дахин хандахад түүний хорт хавдар аль хэдийн тархсан байв.

Өдгөө 46 настай Бек Браун 2028 онд хүүхдүүдийнхээ хамт 50 насны ойгоо тэмдэглэж буй тэр мөчийг хиймэл оюун ухааныг ашиглан гэрэл зурагт буулгажээ.

Тэрбээр хүүхдээ хөхүүлж байхдаа хорт хавдрын анхны шинж тэмдэг байгааг анзаарсан бөгөөд 2021 онд хөхний хорт хавдартай гэж оношлогджээ. Есөн сарын турш химийн эмчилгээ, туяа эмчилгээ хийлгэж, мастектомийн мэс засал хийлгэсэн ч хавдар нь аль хэдийнээ ясанд нь тархсан байв. "Би хорт хавдартай байж болно, гэхдээ би амьдралынхаа хором мөч бүрийг биеэрээ мэдэрч байна" гэж бүсгүй ярьж байна.

Breast Cancer Now гэдэг буяны байгууллагын ажилтан Саймон Винсент хэлэхдээ, энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь хөхний хоёрдогч хорт хавдраар шаналж буй 61 мянга орчим британи эмэгтэйчүүдийн төлөө илүү өргөн хэмжээний судалгаа хийх хэрэгтэй гэдгийг онцлон таниулна гэлээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52