Украины үр тариан экспорт сэргэсэн ч Африк, Ойрхи Дорнодын хүнсний хямралыг шийдвэрлэх боломж бүрхэг хэвээр байна
2022, 8 сарын 16. 3:260

Хар тэнгисийн боомтоор дамжих Украины үр тарианы экспорт хэдийгээр сэргэсэн ч хүнсний хомсдолд ороод байгаа Африк, Ойрхи Дорнодын орнуудын хүнсний эрэлт, нийлүүлэлтийн асуудал одоохондоо үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь Хар тэнгисийн экспортын зам сэргэснээс хойш экспортолж буй үр тарианы дийлэнх нь эрдэнэ шиш байгаа ба үүнийг гол хүнсний бүтээгдэхүүнд ашиглагддаггүйн дээр Европ зэрэг хүнсний хямралд өртөөгүй улс орнууд руу илгээсээр байгаа юм.

Тус боомтын экспорт сэргэснээс хойш хамгийн анх Одессагаас хөдөлсөн “Разони” хөлөг онгоц орон нутгийн цагаар 14-нд Сирид хүрч, ачаагаа буулгах гэж байгаа аж. Тус хөлөг нь өнгөрөгч 1-ний өдөр 26527 тонн Украины эрдэнэ шишийг ачаалан хөдөлсөн бөгөөд 7-ны өдөр Ливанд хүрэхээр төлөвлөж байсан ч Ливаны тал заасан хугацаанаас 5 сар гаруй хоцорсон гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж боомт руугаа нэвтрүүлээгүй байна. Үүний дараа тус хөлөг Турк руу буцаж, 11-ний өдөр Мерсин боомтод бэхлэгдсэн бөгөөд дараа нь Сирийн баруун хойд хэсгийн усан хил рүү хөдөлсөн талаар бид өчигдөрхөн мэдээлсэн билээ.

Ливаны тал энэхүү ачааг хүлээж авахаас татгалзсан нь тээвэрлэлт саатсанаас бус үр тарианы төрлөөс шалтгаалсан гэж зарим шинжээчид онцолж байгаа юм. ОХУ Украин руу халдан довтолсны улмаас улаан буудайн нийлүүлэлт доголдож, хүнсний хомсдолд орсон тэргүүлэгч орнуудын нэг бол Ливан улс юм. Тус улс нь өнгөрсөн жил улаан буудайн нийт экспортынхоо 80 хувийг Украинаас хангасан аж. Гэвч Украин улс Хар тэнгисийн экспортыг сэргээснээс хойш хүнсний гол бүтээгдэхүүн болох улаанбуудай гэхээсээ илүүтэй малын тэжээл, био түлшний хэрэгцээнд ашиглагддаг эрдэнэ шишийг голчлон экспортолж байгаа юм. “Разони” хөлөг дээрх эрдэнэ шиш ч мөн малын тэжээлд ашиглагдах зориулалттай юм. “Бидэнд эрдэнэ шиш биш улаан буудай хэрэгтэй байна” хэмээн Ливаны Хүнс импортлогчдын холбооны ерөнхийлөгч Хани Мушала Германы DPA агентлагт ярьжээ.

Нөгөөтэйгүүр Украины үр тариа хөгжингүй баян орнуудыг зорьж байгаа нь Африк, Ойрхи Дорнодын хүнсний хямралыг шийдвэрлэх хэтийн төлөвийг харлуулж буй гол хүчин зүйлд тооцогдож байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, "Разони" хөлөг онгоц замд гарснаас хойш өнгөрөгч 13-ны өдрийг хүртэл 450 мянган тонн үр тариа ачсан нийт 16 хөлөг онгоц Украины боомтоос гарсан болохыг онцлов. Гэвч тэдгээр нь Турк, Итали, Ирланд, Өмнөд Солонгос зэрэг хүнсний хомсдолд өртөөгүй орнуудыг зорьжээ. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, эдгээр хөлөг онгоцнуудын хувьд арилжааны зорилготой бөгөөд гэрээнд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа нь энэ юм хэмээн цохон тэмдэглэжээ. Украины үр тарианы экспортод хяналт тавихаар үүсгэн байгуулагдсан Украин, Орос, Турк, НҮБ-ын хамтарсан зохицуулалтын төвийн (JCC) зүгээс ямар үр тариан төрлийг хаашаа хүргэх талаар удирдамж өгөх эрхгүй гэв. Тус улсын үр тарианы импорт, экспорт нь хувийн хэвшлээс ихээхэн хамааралтай байгаа өнөөгийн нөхцөлд хүмүүнлэгийн үр тарианы тээвэрлэлт зайлшгүй хойш тавигдахаас аргагүйд хүрчээ.

Түүнчлэн Украины зарим боомтууд үйл ажиллагаагаа сэргэсэн ч хөдөө аж ахуйн зарим компаниуд бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэхээс татгалзсаар байна. Учир нь Хар тэнгисийн боомт орчмын усанд хаа сайгүй тэсрэх бөмбөг байгаа тул ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа юм. Мөн Украины арми Мариуполь зэрэг хотуудыг эргүүлэн авахаар Оросын армийн эсрэг идэвхийлэн довтолж байгаа тул өмнөд бүс нутагт тулаан ид өрнөж байгаа билээ. Украины хөдөө аж ахуйн томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг болох MHP-ын захирал Жон Рич "Бид одоогийн нөхцөл байдалд заавал салбарын аж ахуй нэгжүүдийг манлайлан зах зээлд оролцохыг хүсэхгүй байна. Харин үйл явдал хэрхэн өрнөхийг зүгээр хараад суух нь илүү дээр байна” хэмээн мэдэгдэв. Харин MHP компанийн хувьд Африк, Ойрхи Дорнод руу экспортлохоор төлөвлөж байсан үр тариаг ачааны машин эсвэл галт тэргээр Украины баруун хилээр Европын орнууд руу тээвэрлэж байна.

Энэ мэтчилэн цаашид ч нөхцөл байдал улам даамжрих төлөвтэй байгаагаас НҮБ-ын зүгээс түрээсийн хөлөг онгоцоор Африк руу хүнс нийлүүлж эхэлжээ. Тодруулбал НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн түрээсэлсэн "Brave Commander" хөлөг 14-ний өдөр Украины Фидени боомтоос 23 мянган тонн улаан буудай ачаалан Этиопыг зорьсон байна.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35