АНУ: Умард Солонгос өнгөрөгч сард ОХУ-ын хувийн батлан хамгаалах компанид пуужин, их бууны сум нийлүүлсэн
2022, 12 сарын 25. 18:320

 

ОХУ-ыг Украин руу довтлоход Умард Солонгосын зүгээс тусламж үзүүлж байгаа ба тус улсын хувийн батлан хамгаалахын компани болох Вагнер группт пуужин, их бууны сум худалдсан хэмээн АНУ-ын засгийн газар мэдэгдэв. Харин БНАСАУ-ын тал энэхүү мэдээг эрс үгүйсгэсэн юм.

Тодруулбал Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби орон нутгийн цагаар 22-ны өдөр утсаар хийсэн мэдээлэлдээ, "Умард Солонгосын тал өнгөрсөн сард Вагнер группээр дамжуулан Оросын армийн явган цэргийн ангид пуужин, их бууны сум нийлүүлсэн" гэж мэдэгджээ.

Умард Солонгосын нийлүүлсэн зэвсгийн хэмжээний талаар тодорхой дурдаагүй ч тэрбээр “Умард Солонгосын нийлүүлсэн зэвсгийн хэмжээ Украинд болж буй дайны нөхцөл байдлыг эргүүлэх хэмжээний биш” хэмээн дурдсан байна.

Харин Умард Солонгосын тал дахин цэргийн зэвсэг, техник нийлүүлэхээр төлөвлөж байж болзошгүй гэдгээс бид санаа зовж байна” хэмээн тэрээр үргэлжлүүлэв. Жон Кирби “Умард Солонгосын засгийн газрын албан тушаалтнууд ОХУ-ын Украинд явуулж буй дайныг дэмжихгүй гэж мэдэгдсэн ч энэ мэтчилэн зэвсэг нийлүүлж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг БНАСАУ зөрчсөн асуудлыг бид эргэн харж, сайтар хэлэлцэх болно” гэж мэдэгджээ.

Умард Солонгосын зэвсгийн экспорт нь Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгаа тул тус улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай хэлэлцүүлэг үргэлжлэх төлөвтэй байна.

НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас Гринфилд мөн өдөр мэдэгдэл хийх үеэрээ “Вагнер групп Умард Солонгосын зэвсгийг худалдан авсан явдал нь үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн үйлдвэрлэлийг хөхиүлэн дэмжиж, цаашид шаардагдах хөрөнгөөр санхүүжүүлж Солонгосын хойгийн тогтворгүй байдлыг улам хурцатгах үйлдэл гарцаагүй мөн” хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. БНАСАУ урьд хожид байгаагүй олон тоогоор баллистик пуужин хөөргөж байгаа энэ үед ийнхүү зэвсэг худалдан авсан явдал нь тун анхаарал татаж байна хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.

Вагнер групп нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины туслах Евгений Пригожин тэргүүлдэг хувийн батлан хамгаалахын компани бөгөөд Украины зүүн хэсгийн Донбасс дахь Оросыг дэмжигч салан тусгаарлагчдыг дэмжих зэргээр албан бусаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Кирби хэлэхдээ, Оросын арми Украинд тулалдаж байгаа энэ үед Путин Вагнер группт улам их найдлага тавьж буй нь гарцаагүй гэв. Түүнчлэн тус компанийн хувьд хөлсний цэргүүдийг олон тоогоор дайчлах явдал ихээхэн хүндрэлтэй байгаагаас шоронд ял эдэлж хоригдлуудыг хүртэл царгийн албанд татах болсон байна. Тодруулбал АНУ-ын тооцоолж буйгаар Вагнер групп одоогийн байдлаар 50,000 орчим байлдагчийг Украины дайны талбар руу илгээсний дотор 10,000 гэрээт ажилчин байсан бол 40,000 хоригдол байсан гэжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Пригожин үүнийг ор үндэсгүй цуу яриа хэмээн няцаасан болохыг онцлов.

Харин БНАСАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 23-ны өдөр Чосун төв мэдээллийн агентлагийн сэтгүүлчтэй хийсэн ярилцлагын үеэр хэлэхдээ "Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсыг ОХУ-д цэргийн зэвсэг техник нийлүүлсэн гэх гүтгэлгийн шинжтэй мэдээлэл нь олон нийтийн санаа бодлыг урвуулан ашигласан хамгийн утгагүй үйлдэл юм. Оросын ард түмэн бол улс орныхоо аюулгүй байдал, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг гадны ямар ч цэргийн дэмжлэггүйгээр хамгаалах хүсэл зориг, чадвартай хамгийн хүчирхэг ард түмэн юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Умард Солонгос нь мөн өдөр Зүүн тэнгис рүү ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан юм. Зэвсэгт хүчний нэгдсэн штаб “16:32 цагийн орчимд Пхеньяны Сунан бүсээс Зүүн тэнгис рүү Умард Солонгос ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасныг Өмнөд Солонгосын арми илрүүлсэн” гэж мэдэгдэв. Шинжээчид пуужингийн тусгал, өндөр, хурд зэрэгт нарийн шинжилгээ хийж байгаа аж.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35