Гитлерийн ч нэвтэрч чадаагүй Москва хотыг бүсэлсэн Пригожиний өдүүлсэн зэвсэгт бослогын эргэн тойронд…
2023, 6 сарын 26. 14:580

Украины дайнд голлох үүрэгтэй оролцож буй Оросын хувийн зэвсэгт хүчний компани Вагнер группын тэргүүн Евгений Пригожиний өдүүлсэн зэвсэгт бослого нэг өдрийн дотор 1000 километр урагшилжээ. Нийслэл Москва хот өмнө нь тулж ирэх үед Пригожин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Оросын холбоотон Беларусийн зуучлалаар тохиролцоонд хүрч чадсан юм.

Үүний дагуу Пригожиний хөлсний цэргүүд ухарч, Кремль Пригожинийг яллах тогтоол үйлдсэн байсныгаа хүчингүй болгоод зогсохгүй энэхүү бослогод оролцсон цэргүүдийн аюулгүй байдлын баталгаажуулжээ. Хөлсний цэргүүдийн “зэвсэгт бослого” тухайн өдөртөө дууссан ч энэ явдал Оросыг 23 жилийн турш “төмөр нударгаар” удирдсан ерөнхийлөгч Путины засаг захиргаанд томоохон цохилт болж буй талаар гадаадын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Оррн нутгийн цагаар өнгөрсөн 24-ний өдөр Reuters, New York Times зэрэг агентлагууд ОХУ-ыг сүүлийн 23 жилийн турш удирдсан ерөнхийлөгч Путины хувьд “хамгийн үймээнтэй өдөр" болж өнгөрлөө хэмээн мэдээлэв. Мөн өдөр Вагнер группын цэргүүд Москвагаас 500 километрийн зайд орших Воронеж муж, 350 километрийн зайд орших Липецк муж руу яаравчлан давшилж, Москвагаас 200 километрийн зайд тулж ирсэн билээ. Дэлхийн 2-р дайны үед ч Гитлерээр удирдуулсан Германы арми эзлэн авч чадаагүй Оросын “зүрх” Москва хотыг Путины өөрийнх ойрын хүрээллийн нэг болох Пригожиний хөлсний цэргүүд ийнхүү эзлэн авах шахсан байна.

Москваг чиглэн зогсолтгүй урагшилж байсан Пригожин хэлэлцээ дуусмагц сайн дураараа ухарсан юм. Мөн өдөр Пригожин "Ердөө 24 цагийн дотор Москвагаас 200 километрийн зайд ойртох хүртлээ бид нэг ч дусал цус ч урсгаагүй" гэж өөрийн Teлеграм хуудаснаа дурджээ. Тэрээр үргэлжлүүлэн “Хэрэв Орос хүний цус урссан байвал хатуухан хариуцлага тооцох болно. Бид цэргүүдээ эргүүлж, Украин дахь бааз руу буцах болно” хэмээн бослого зогссоныг зарлав.

ТАСС агентлагийн мэдээлснээр, Вагнер группын цэргүүд мөн өдөр өөрсдийн хяналтандаа авсан Оросын өмнөд хэсгийн Ростов-на-Дону хотоос хөдөлжээ. Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан бичлэгээс харахад нутгийн оршин суугчдын цэргүүдийг дэмжиж буй нь харагдах ба цэргүүд ч тэдэнд талархал илэрхийлж буй дүр зураг буусан байна. Түүнчлэн Франс Пресс агентлаг танк болон сөнөөгч онгоц ачсан хэд хэдэн ачааны машиныг Ростов-на-Дону хотоос хөдөосөн тухай мэдээлэв. Гэхдээ Пригожин өөрөө Беларусийг зорисон талаараа ямар нэгэн мэдээлэл дурдаагүй юм.

Уг бослогыг зогсооход Пригожинд нөлөөлсөн “хөшигний цаадах” хүчин зүйлийн талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн анхаарал хандуулав. Оросын холбоотон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Пригожинтэй 20 жилийн турш анд нөхдийн харилцаатай байснаараа далимдуулан зуучлах үйл явцыг ихээхэн үр дүнтэй болгосон хэмээн Wall Street Journal болон бусад хэвлэл мэдээллийн агентлагууд онцлон тэмдэглэсэн юм. Харин Вашингтон пост сонин Путины Аюулгүй байдлын албаны дарга асан, одоогийн Оросын Тула мужийн захирагч Алексей Думин хоёр талын асуудлыг зуучилсан байх магадлалтай гэж үзжээ.

Пригожиний бослого 23-ны үдээс хойш эхэлсэн билээ. Тэрбээр ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас Вагнер группын хуарангуудыг пуужингаар довтолж, олон тооны цэрэг амиа алдахад хүргэснийх нь төлөө Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгуд шийтгэл хүлээлгэнэ хэмээн мэдэгдэж байв. "Бид Украин дахь Вагнерын цэргүүдийн тэн хагасыг (25,000 цэрэг) Орос руу илгээж, яагаад ийм хууль бус үйлдэл гаргах болсныг олж тогтоох болно. Эсэргүүцсэн хэнийг ч болов тэр дор нь үгүй хийх болно” хэмээн сүрдүүлсэн юм.

Нөгөөтэйгүүр, ОХУ-ын засгийн газар Пригожинийн мэдэгдлийг үндэслэлгүй гэж няцаасан билээ. ОХУ-ын Терроризмын эсрэг үндэсний комисс Пригожинийг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан бөгөөд Холбооны аюулгүй байдлын алба мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж, Вагнерын хөлсний цэргүүдэд Пригожинийг барьж, эрх баригчдад хүлээлгэн өгөхийг үүрэг болгосон байна.

Үүнд уурссан Пригожин “Шударга ёсны жагсаал эхэллээ” хэмээн зарлаж, зэвсэгт бослогыг эхлүүлсэн юм. Ростов-на-Дону дахь цэргийн байгууламжуудыг эзлэн авсныхаа дараа тэд хойд зүгт Москваг чиглэн давшихдаа Оросын байнгын армийн бага зэрэг эсэргүүцэлтэй тулгарчээ. Их Британийн Батлан ​​хамгаалах яам өдөр тутмын тагнуулын тайландаа “Оросын байнгын армийн зарим хэсэг Вагнер группын цэргүүдийн бослогыг эсэргүүцэхгүй байгаа нь ажиглагдсан” хэмээн онцолсон юм.

Вагнерын хөлсний цэргүүдийг ойртон ирэхэд Кремлийн зүгээс тэр даруй Пригожинийг баривчлах тушаал гаргаж, Москва, Воронеж хотод терроризмын эсрэг ажиллагааны системийг зохион байгуулсан байна. Гэвч мөн өдрийн үдээс хойш болох үест л Москва хотын баруун өмнөд захаар пулемётын батарей байрлуулах зэргээр хамгаалалтын хүчээ бэхжүүлжээ. Беларусийн Media Nexta Телеграм хуудасны мэдээлснээр, Вагнер группын цэргүүд хойд зүгт довтлох үеэр Оросын арми 6 нисдэг тэрэг, 1 агаарын хянагч зэрэг 7 онгоцоо алдсан ба Пригожин Оросын армийн нисдэг тэргийг буудсан гэж мэдэгдсэн ч энэ нь батлагдаагүй байна.

Ерөнхийлөгч Путин 24-ний өдөр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Пригожинийг шүүмжилсэн юм. Тэрээр “Эх орноосоо урваж, ар нуруунаас хутгалж буй дүр зургийг харж байна. Бид үүнд хатуухан хариу авахаа мэдэгдэж байна” хэмээн сүрдүүлээд авав. Түүнчлэн Москваг хамгаалуулах зорилгоор “чөтгөрийн анги” гэж нэрлэгддэг Чечений армийн 3000 элит цэргийг дуудуулжээ.

Улмаар Москва хотноо онц байдал зарлаж Улаан талбай болон томоохон музейнүүдийг хааж, Москвагийн өмнөд захад хуягт машин, цэрэг бүхий хяналтын постуудыг байгуулсан байна. Москваг чиглэсэн томоохон замууд дээр экскаватор зэрэг хүнд машин механизмуудыг байрлуулан Вагнерын цэргүүдийн урагшлах замыг хааж, ухаж, сэндийчсэн нь дүрс бичлэгээс харагдаж байв.

Пригожин Москвагийн “хамран доороос” ухрах шийдвэр гаргаснаар тохиож болох эрсдэлээс сэргийлж чадсан ч Путины засаг захиргаа томоохон “цохилтыг” хэдийн амсчээ. Британийн ВВС агентлаг "Путин хурдацтай өрнөж буй үйл явцад хяналт тавих чадамжгүй удирдагч мэтээр харагдсан ба Оросууд 24 цагийн турш өрнөсөн энэхүү эмх замбараагүй байдлын нөлөөгөөр Путинээс өөр хувилбар байж болох талаар бодсон нь дамжиггүй” хэмээн цохон тэмдэглэжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Путин хяналтаа алдсан нь тодорхой боллоо. Оросын хотуудыг эзлэн авч, зэвсгийг нь булаан авах ямар амархан гэдэг нь үүнээс харагдаж байна” хэмээн өгүүлсэн бол Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда мөн хэлэхдээ "Оросоос ангижрах үзэл дэлгэрч байгаа нь энэ бүхнээс харагдаж байна. Энэ нь Польшийн аюулгүй байдалд сайны дохио боллоо” хэмээн дурдав.

Washington Post сонины онцолсноор Вагнер группын цэргүүд Москва хотруу маш гэнэтийн бөгөөд хурдтайгаар давшиж чадсан шалтгааныг "Пригожин нийгмийн сүлжээний платформуудаар дамжуулан өөрийн нөлөөллөө өсгөж чадсаны ач” хэмээн дүгнэжээ. Пригожин өөрийн Teлеграм хуудсаар дамжуулан Оросын цэргийн командлалын чадваргүй байдал, авлига, Украин дахь тулааны талбарын бодит байдлыг хэдэн сарын турш олон нийтэд хүргэсээр ирсэн билээ. Нэмж дурдахад тэрээр ерөнхийлөгч Путины зарлигаар эхлүүлсэн "Украин дахь цэргийн тусгай ажиллагаа" нь ямар ч үр дүнгүй байгаа талаар мэдэгдсэнээс гадна Оросын баячууд, элитүүд хүүхдүүдээ дайнд явуулахгүй байна гэж илэн далангүй шүүмжилж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Эцэст нь Пригожин батлан хамгаалахын салбарын удирдлагуудтай тооцоо бодно хэмээн зэвсэгт бослого гаргахад Оросын олон иргэд, цэргүүд түүнийг дэмжиж мөн өрөвдсөн аж.

Үүний зэрэгцээ New York Times сонины мэдээлснээр, Пригожинийг зэвсэгт бослого өдүүлэх гэж буй талаар АНУ-ын засгийн газар аль 21-ний өдөр мэдэж байсан хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын тагнуулын байгууллага нэмэлт мэдээллийг шалгасны дараа өнгөрөгч 22-ны өдөр зарим хууль тогтоогчидтой нөхцөл байдлын талаар байр сууриа хуваалцсан хэмээн нэмж онцолжээ. Харин Washington Post cонин нэрээ нууцалсан албан тушаалтнаас иш татан, "Энэ нь тодорхойгүй биш ч ерөнхийлөгч Путин ч дор хаяж 24 цагийн өмнө энэ талаар мэдсэн байх ёстой” хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01