НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн бүрэн эрхийн хугацааг дахин сунгахаар болжээ
2023, 7 сарын 5. 5:210

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн бүрэн эрхийн хугацааг дахин нэг жилээр сунгахаар болжээ. НАТО-гийн гол тулгуур гэгддэг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “НАТО урьд өмнөхөөсөө илүү хүчтэй, нэгдмэл, шийдэмгий болсон” хэмээн дурдаж энэхүү мэдээг баяртайгаар хүлээж авч байгаагаа мэдэгдсэн байна.

Шийдвэр гаргах дээд байгууллага болох Хойд Атлантын Зөвлөлийн зүгээс ерөнхий нарийн бичгийн дарга Столтенбергийн бүрэн эрхийн хугацааг ирэх оны 10-р сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргасныг НАТО орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдэгдэв. Энэхүү шийдвэрийг энэ сарын 11, 12-ний өдрүүдэд Литвийн нийслэл Вильнюс хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар эцэслэн шийдвэрлэх гэнэ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа зарчмын хувьд дөрвөн жил байдаг ч гишүүн орнуудын тохиролцоогоор сунгаж болдог аж. Столтенберг өөрийн Твиттер хуудаснаа “НАТО-гийн гишүүн орнууд бүрэн эрхийн хугацааг минь 2024 оны 10-р сарын 1 хүртэл сунгахаар шийдсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Энэхүү шийдвэр НАТО-гийн үүрэг олон улсын хэмжээнд урьд өмнөхөөсөө ч илүү чухал болж буй үетэй давхцаж байна” гэж жиргэсэн байна.

2014 оны аравдугаар сард үүрэгт ажлаа хүлээж авч байсан Норвегийн ерөнхий сайд асан Столтенберг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдож байсан бөгөөд өнгөрсөн жилийн эхээр эхэлсэн Украины дайнаас болж түүний бүрэн эрхийн хугацаа автоматаар сунгагдаад байсан юм. Энэ удаад бүрэн эрхийн хугацаа нь сунгагдсанаар НАТО байгуулагдсаны 75 жилийн ой буюу ирэх жил хүртэл 10 жилийн турш ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахаар болж буй юм. Ингэснээр тэрээр 5 дахь ерөнхий нарийн бичгийн даргаар (1971-1984) ажиллаж байсан талийгаач Жозеф Лунесийн дараагаар түүхэнд хамгийн удаан ажилласан НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга болох аж.

Өмнө нь тэрээр албан тушаалаа хүлээлгэн өгөх бодолтой байгаагаа илэрхийлж, түүнийг залгамжлах ерөнхий нарийн бичгийн даргын талаар өөрийн саналыг ч хэлж байсан удаатай. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Столтенбергтэй хийсэн хоёр талт уулзалтын үеэр түүний бүрэн эрхийн хугацааг сунгаж үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн үлдээх хүсэлтийг тойруу байдлаар илэрхийлсэн гэх мэдээ тухайн үед гарч байсан билээ. Бүрэн эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахад НАТО-гийн гишүүн орнууд санал нэгтэйгээр зөвшөөрөх шаардлагатай байдаг ч АНУ-ын дэмжлэг хамгийн чухал хүчин зүйлд тооцогддог байна.

Ерөнхийлөгч Байден мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ “Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал сорилтод НАТО-гийн гишүүн орнуудыг тууштай удирдаж, өөрийн туршлагараа удирдан чиглүүлж байна” гээд бүрэн эрхийн хугацааг сунгасан явдлыг ихэд сайшаажээ. “Өнөөдөр НАТО урьд урьдынхаас илүү хүчтэй, нэгдмэл, шийдэмгий болсон байна. Ирэх жил Вашингтон хотноо зохион байгуулагдах НАТО-гийн 75 жилийн ойн дээд хэмжээний уулзалтыг уган ирэх долоо хоногт болох дээд хэмжээний уулзалтын үеэр НАТО-г улам бэхжүүлэхийн тулд түүнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах энэхүү шийдвэр эцэслэн шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47