Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
5 сарын 3. 1:520

Хиймэл оюун ухааны технологийн Open AI компанид их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн Мicrosift компани сэргээгдэх эрчим хүчний хөгжилд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар шийджээ. Хиймэл оюун ухааны хөгжилд асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах хүчин чадал бүхий дата төвүүд чухал ач холбогдолтой бөгөөд эдгээр төвүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад эрчим хүч маш чухал юм. Энэ ч утгаараа Microsoft компани нь орон нутгийн цагаар 1-ний өдөр альтернатив хөрөнгийн чиглэлээр дагнан хөрөнгө оруулалт хийдэг Brookfield Asset Management компанитай гэрээ байгуулснаа зарлав.

Энэхүү гэрээний дагуу Brookfield Asset Management 2026-2030 оны хооронд АНУ болон Европ дахь Мicrosoft компанид 10.5 гигаваттын сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх юм. Ватт гэдэг нь секундэд зарцуулсан эрчим хүчний хэмжээ бөгөөд гигаватт нь 1 тэрбум ватттай тэнцдэг юм. Тэгвэл 10.5 гигаватт нь дэлхийн хамгийн том дата төвийн зах зээл болох АНУ-ын Хойд Виржиниа дахь дата төвүүдийн зарцуулдаг эрчим хүчнээс ойролцоогоор 3 дахин их гэсэн үг аж.

Дэлхий даяар хиймэл оюун ухаан болон цахилгаан автомашины эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ ч мөн хурдацтай нэмэгдэж байна. Wells Fargo Research судалгааны фирмийн саяхан нийтэлсэн тайланд дурдсанаар, АНУ-ын нийт цахилгааны хэрэглээ 2030 он гэхэд 20 хувиар өсөх төлөвтэй байгаа гэв.

Цахилгаан эрчим хүчний асуудал бол хиймэл оюун ухааны технологийн компаниудын хувьд шийдвэрлэх ёстой хамгийн том сорилт болоод байгаа билээ. Тодруулбал дэлхий даяар дата төвүүдийн тоо эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор эрчим хүчний эрэлт хурдацтай өсөж байгаа ч нийлүүлэлт хязгаарлагдмал байсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг шинэ дата төвийг ажиллуулахад шаардагдах эрчим хүч хэдэн зуун мянган өрхийн хэрэглэж буй эрчим хүчний хэмжээтэй тэнцдэг гэж ойлгож болох юм.

Microsoft нь өнгөрсөн оны тавдугаар сард цөмийн эрчим хүчний чиглэлийн стартап болох Helion Energy компанитай цахилгаан нийлүүлэх гэрээ байгуулж байсан билээ. Тэгвэл энэхүү гэрээний хүрээнд тус компани нь 2028 оноос эхлэн жил бүр дор хаяж 50 мегаватт цахилгаан эрчим хүчний хангалтыг авах аж. ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман 2021 онд Helion Energy компанид 375 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байв. Түүнчлэн нарны эрчим хүчний стартап компани болох ExoWatt-д саяхан 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бизнесменүүдийн жагсаалтад Альтман багтсан талаар Wall Street Journal сонин орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 22-ны өдөр мэдээлжээ.

Нэмж дурдахад цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск саяхан "Хиймэл оюун ухааны хөгжлийг хязгаарлаж байгаа зүйл бол цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудал” хэмээн онцлоод одоогийн эрчим хүчний сүлжээ нь хиймэл оюун ухааны технологийн хөгжлөөс үүдэлтэй эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан удаатай. Теsla компани нь илүүдэл эрчим хүчийг хадгалах, ашиглах боломжтой эрчим хүч хадгалах төхөөрөмж болох Powerwall-ын үйлдвэрийг Энэтхэгт байгуулахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл мөн гараад байгаа билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21