АНУ-ын аялал жуулчлалын томоохон бүс нутгийн нэг болох Лас Вегас хотын зочид буудал, казиногийн салбарын ажиллагсад, тэр дундаа тогооч, барменууд ажил хаялт зарлаж магадгүй нөхцөл байдал үүсчээ.
Тодруулбал Невада мужийн зочид буудал, үйлчилгээний салбарын үйлдвэрчний эвлэл болох “Culinary Union Local 226" орон нутгийн цагаар 26-ны өдөр Лас Вегас дахь Невада их сургуулийн кампус дээр зохион байгуулагдсан санал хураалтаар гишүүдийн 95 хувийн саналаар ажил хаялт зарлахыг дэмжсэн болохыг мэдэгдэв.
Тус үйлдвэрчний эвлэлд Невада мужид ажил хөдөлмөр эрхэлдэг 60 мянга орчим зочид буудлын салбарын ажилчид харьяалагддаг ба энэхүү санал хураалтад 53 мянга орчим гишүүд оролцсон байна.
Өнгөрөгч есдүгээр сарын 15-ны байдлаар MGM Resorts, Caesars Entertainment, Wynn/Encore Resorts зэрэг зочид буудал, казиногийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 22 аж ахуй нэгжид ажилладаг 40 мянган ажилчдын гэрээний хугацаа дуусгавар болоод байгаа аж. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажил олгогчидтой таван жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар хэлэлцэж байгаа юм. Тэрчлэн “Хэрэв бидний заасан хугацаанд тохиролцоонд хүрч чадахгүй бол бид хэзээ л бол хэзээ ажил хаялт зарлахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна” хэмээн тус үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд цохон тэмдэглэсэн байна.
“Лас Вегас хот дахь хамгийн том гурван ажил олгогч болох MGM Resorts, Caesars Entertainment болон Wynn/Encore Resorts-ын удирдлагууд зөв, бурууг ялгах цаг нь болсон" гэж тус эвлэлийн гүйцэтгэх захирал Тед Паффергеорж энэ үеэр өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн “Тус салбарын ажилчид цар тахал намжих хүртэл хичээн ажиллаж, компанийнхаа борлуулалтыг сэргээхэд асар их хувь нэмрийг оруулсан. Тэд шударгаар хувиа хүртэх хэрэгтэй” хэмээн өгүүлэв.
Эх сурвалж: Kyunghyang