Хөдөлмөрийн зах зээл дэх хүйсээр ялгаварлан гадуурхалтын талаар анхлан судалсан профессор Голдин Нобелийн шагнал хүртлээ
2023, 10 сарын 10. 10:560

Энэ оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнаар шалгарсан Харвардын их сургуулийн профессор Клаудиа Голдин хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн ялгааг түүхэн өнцгөөс судалж, эдийн засгийн ертөнцөд “шилэн тааз”-ыг эвдсэн хүн хэмээн үнэлэгддэг билээ. Тэрээр Америкийн 200 гаруй жилийн түүхэн баримт, мэдээллийг цуглуулж, хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдэд тэгш бус хандаж буй байдал цаг хугацааны явцад хэрхэн, яагаад өөрчлөгдсөнийг шинжилж, тодорхойлсон хөдөлмөрийн эдийн засгийн тэргүүлэх эрдэмтэн юм.

Шведийн Хатан хааны Шинжлэх ухааны академийн Нобелийн хороо 2023 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг орон нутгийн цагаар 9-ний өдөр зарлахдаа "Профессор Голдин олон зууны туршид эмэгтэйчүүдийн орлого, хөдөлмөрийн зах зээлийн оролцооны талаарх түүхэн баримт бүхий дэлгэрэнгүй мэдээллийг анх удаа судалж, гаргаж тавьсан. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх байр суурь болон жендэрийн ялгааг үүсгэгч гол хүчин зүйл сэдвийн хүрээнд бидний ойлголт, мэдлэгийг ахиулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү шагналыг олгож байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эдийн засгийн түүхч, хөдөлмөрийн зах зээлийн эдийн засагч Профессор Голдин 1990-ээд онд бичсэн "Жендэрийн ялгааг ойлгох нь" номондоо тухайн үед эрдэмтдийн сонирхлыг огтоос татаж байгаагүй эмэгтэйчүүдийг ажлын байранд ялгаварлан гадуурхах асуудлыг хөндөж байсан нь олны анхааралд өртөж байв. Нэмж дурдахад тэрээр жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэлийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаа болон гэрлэлтэд үзүүлэх нөлөө, эмэгтэйчүүдийн их, дээд сургуульд элсэх түвшин эрэгтэйчүүдээс өндөр байгаа шалтгаан зэрэг эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн эдийн засгийн оролцооны талаар гүнзгий судалсан эдийн засагч гэдгээрээ салбартаа тун нэр хүндтэй нэгэн юм.

Удаан хугацааны туршид эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн цалингийн зөрүү нь боловсролын түвшний ялгаатай байдлаас үүдэлтэй байсан ч өдгөө орлого өндөртэй орнуудын хувьд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдийнхээс хамаагүй өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсоор байгаа билээ. Харин профессор Голдины судалгаагаар эмэгтэйчүүд анхны хүүхдээ төрүүлэх үед цалингийн зөрүү үүсдэг ба энэ нь эмэгтэйчүүдийн хүүхэд асрах оролцоо эрчүүдийнхтэй харьцуулахад хамаагүй өндөр байгааг харуулсан байна. Үүнээс харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг нэг хугацаанд, ижил албан тушаалаас ажлын гараагаа эхэлсэн ч 10 орчим жилийн дараа хүүхэд төрүүлэх, асрах зэргээс болж ихээхэн хэмжээний цалингийн зөрүү үүсдэг болох нь түүний судалгаанд дурдагджээ.

Тэрчлэн профессор Голдин хэдэн жилийн өмнө хэвлэгдэж байсан “Ажил мэргэжил ба гэр бүл: Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөөх урт аялал” нэртэй номоороо дэлхийн олон оронд танигдаж байсан юм. Энэ номондоо тэрээр 100 гаруй жилийн хугацаанд Америкт их, дээд боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүдийг таван үе болгон хуваангаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн орлогын зөрүүг судалсан ба орлогын зөрүүний гуравны хоёр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажлын байрны ялгаанаас бус зөвхөн хүүхэд төрүүлэхтэй холбоотойгоор үүсдэг болохыг гаргаж тавьжээ.

Нэмж дурдахад, профессор Голдин өөр нэг хамтарсан судалгааны өгүүлэлдээ 1980-аад онд Америкийн симфони найрал хөгжимд эмэгтэй гишүүдийн тоо хурдацтай өссөн нэг шалтгаан нь шалгаруулалтыг хийхдээ оролцогчдын хүйс, арьсны өнгө зэргийг нууж байгаад шалгаруулж авдаг болсонтой холбоотой болохыг тогтоосон байна. Тэрээр 2014 онд Үндэсний эдийн засгийн ассоциаци дээр хэлсэн үгэндээ, хэрэв ажил олгогчид ажилчдад ажлын цагаа уян хатан байдлаар өөрөө сонгох боломжийг олгодог болсон тохиолдолд хүйсийн ялгавартай цалингийн зөрүү багасч магадгүй гэх өөрийн таамгийг дэвшүүлсэн байна.

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг шалгаруулсан хорооны дарга Якоб Свенссон “Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн үүргийг ойлгох нь нийгэмд чухал ач холбогдолтой. Голдины шинэлэг судалгааны ачаар бид цаашид шийдвэрлэх ёстой үндсэн шалтгаан, саад бэрхшээлийн талаар илүү ихийг мэдэж авсан” хэмээн онцлон тэмдэглэв. Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй хэвээр байгааг Нобелийн хороо энэ үеэр мөн онцолсон юм.

Профессор Голдин 1946 онд Нью-Йорк хотноо төрсөн бөгөөд Корнелийн их сургуульд микробиологийн чиглэлээр суралцаж, Чикагогийн их сургуульд эдийн засгийн ухааны магистр, докторын зэрэг хамгаалжээ. 1990 онд тэрээр Харвардын их сургуулийн эдийн засгийн тэнхимийн анхны эмэгтэй профессор болж байснаас гадна 2013 онд Үндэсний эдийн засгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв. Тухайн үед тэрээр Алис Ривлин (1986), Энн Крюгер (1996) нарын дараа Америкийн эдийн засгийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилласан гурав дахь эмэгтэй болж байсан юм.

Профессор Голдин энэ удаагийн шагналыг гардан авснаар эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн эмэгтэйчүүдийн тоо гурав болж нэмэгдэх юм. Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг 1969 оноос өнөөдрийг хүртэл буюу 55 жилийн турш тасралтгүй олгосоор ирсэн ба уг нэр хүндтэй шагналыг өнөөдрийг хүртэл нийт 93 хүн хүртсэн байдаг аж. Тэдний дундаас Индианагийн их сургуулийн профессор Элеанор Остром 2009 онд хамгийн анхны эмэгтэй шагналтан болж байсан бол 2019 онд хамгийн залуудаа уг шагналыг хүртэж асан Массачусетсийн Технологийн Институтийн (MIT) профессор Эстер Дуфло мөн эмэгтэй байв.

Өмнө нь энэхүү нэр хүндтэй шагналын ялагчид дийлэнх нь хамтарсан судалгааны ажлаараа хүртэж байсан бол энэ удаагийн эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг эмэгтэй эдийн засагч, бие даасан судалгааны ажлаараа хүртэж буй явдал нь орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарынхны анхаарлыг татаад буй юм. Тухайлбал Блүүмберг ньюс агентлаг “Профессор Голдин эдийн засгийн түүх, эдийн засгийн хандлагыг хослуулан судалж эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтэд боловсрол, хүүхэд асрахтай холбоотой шийдвэрүүд хэрхэн нөлөөлж буйг, жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэл зэрэг технологийн шинэчлэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт зэрэг нь үүнд нөлөөлсөн болохыг судалгааны ажлаараа бидэнд харуулсан” хэмээн үнэлсэн бол Нью-Йорк Таймс сонинд “Профессор Голдин удаан хугацааны туршид салбартаа анхдагч нь байсаар ирсэн” гэж бичжээ. Мөн өдөр профессор Голдинд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн тухай утсаар дуулгах үед тэрээр унтаж байсан тухайгаа сонирхуулсан байна. Тэрээр гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Би маш их баяртай байна. Энэ салбарт яагаад ийм том ялгаа байдгийг ойлгохыг хүссэн хүмүүст энэ нь маш утга учиртай шагнал гэж бодож байна. Гэвч одоог хэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин, хөлсний зөрүү ихээхэн ялгаатай байсаар л байна” хэмээн өөрийн сэтгэгдлийг илэрхийлжээ.

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын албан ёсны нэр нь "Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн төв банкны нэрэмжит эдийн засгийн шагнал” юм. Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу бусад таван төрөлд олгодог Нобелийн шагналаас ялгаатай нь Шведийн банк байгуулагдсаны 300 жилийн ойг тохиолдуулан 1968 онд Нобелийн санд хандивласан хөрөнгөд үндэслэн анх олгож эхэлж байжээ. Энэ өдөр Эдийн засгийн салбарын шагналтан тодорсон бол өнгөрөгч 2-ны өдөр Физиологи, Анагаах ухааны салбарын шагналтан, 3-ны өдөр Физикийн салбарын шагналтан, 4-нд Химийн салбарын шагналтан, 5-нд Утга зохиолын шагналтан, 6-нд Энхтайвны шагналтан ээлж дараалан тодорч 2023 оны Нобелийн бүх шагналын эзэд ийнхүү тодроод байна. Энэ жил нийт 11 Нобелийн шагналтан тодорсны 7 буюу 64 хувь нь эрэгтэйчүүд байсан бол шагнал хүртсэн хүмүүсийн дундаж нас 67.3 байв. Шагнал гардуулах ёслол Нобелийн нас барсны ойн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах ба физиологи, анагаах ухаан, физик, хими, утга зохиол, эдийн засгийн салбарын шагналтнууд Шведийн Стокгольм хотноо очиж энэхүү нэр хүндтэй шагналаа гардан авах бол Энх тайвны шагналтан Норвегийн Осло хотноо очин авах аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16