Японы Mitsubishi Motors компани Хятадын зах зээлийг орхиж буй талаар Японы олон нийтийн NHK телевиз болон Nihon Keizai Shimbun сонин 25-ны өдөр мэдээлэв.
Mitsubishi Motors Хятадын зах зээлээс гарахаа өмнөх өдөр нь албан ёсоор мэдэгдсэн аж. Тус компани одоо байгаа сэлбэг, эд ангиа дуусмагц үйлдвэрлэл болон борлуулалтаа зогсоохоор шийджээ.
Уг шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан бол Mitsubishi Motors компани дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлд бүхий л анхаарлаа хандуулсны улмаас Хятад дахь цахилгаан автомашины хэрэглээний өсөлтөд хариу арга хэмжээ авах боломжгүйд хүрсэн байна. Ингэснээр өнгөрсөн онд тус компанийн борлуулалт 2021 онтой харьцуулахад 60 орчим хувиар буурсан байх юм.
Харин Mitsubishi Motors нь Францын Renault компанийн шинээр байгуулсан цахилгаан автомашины корпораци болох Аmperе-д 200 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээ 24-ний өдөр мөн мэдэгдсэн билээ. Тус компани нь Ampere-ийн хөгжүүлж, үйлдвэрлэсэн цахилгаан автомашинуудыг өөрийн брэнд болгон Европын орнуудаар борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Mitsubishi Motors компани нь Европыг цахилгаан автомашины борлуулалтын гол зах зээлээ хэмээн харж байгаа ба цаашлаад Зүүн өмнөд Ази руу ч гарах төлөвлөгөөг боловсруулж байгаа гэв.
Mitsubishi болон Renault-тай хамтран ажиллаж байсан Nissan Motors компани ч Ampere-т 95 тэрбум иенийн хөрөнгө оруулах шийдвэр гаргаад байгаа юм.
Nissan, Mitsubishi-ээс гадна автомат жолоодлогод шаардлагатай программ хангамжийг хөгжүүлэх зорилгоор Qualcomm, Google зэрэг технологийн томоохон компаниуд ч энэхүү шинэ компанитай хамтарч ажиллах аж.
Эх сурвалж: Fnnews