
Хиймэл оюун ухаан бүхий ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийг үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Сэм Альтман ажлаасаа халагдаад 2 хоног л өнгөрч буй энэ үед OpenAI компани шинэ гүйцэтгэх захирлаа томилжээ. Гүйцэтгэх захирлын албыг Эмметт Шир гэх эрхэм хүлээн авсан бөгөөд бидэнд байгаа мэдээллээр тэр тус албыг түр хугацаанд хаших гэнэ.
OpenAI компанийн ТУЗ-ийн зүгээс өнгөрөгч баасан гарагт ноён Альтманыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм. Үүний шалтгааныг тэд тайлбарлахдаа тэд ноён Альтманд итгэх итгэлээ алдсан хэмээжээ. Тийнхүү Сэм Альтманыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас түдгэлзүүлсэн даруй тэд технологийн албаны дарга Мира Муратиг түр гүйцэтгэх захирлаар томилоод байсан билээ. Тэгвэл даваа гарагт тэд Мира Муратигийн оронд Эмметт Ширийг томилсон байна.
Улмаар ноён Ширийн намтартай танилцваас, тэрээр OpenAI компанид ажиллахаасаа өмнө Twitch гэх дүрс бичлэг бүхий стрийминг үйлчилгээний платформыг үүсгэн байгуулж, удирдлагаар нь ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.
Эх сурвалж: BBC