Хятадын банкнууд нэг сарын дотор үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниудад 30 тэрбум юанийн зээл олгожээ
2023, 12 сарын 12. 0:110

Өнгөрсөн сараас хойш Хятадын төрийн өмчит томоохон банкнуудын хувийн хэвшлийн үл хөдлөх хөрөнгийн компаниудад зээлсэн мөнгөний хэмжээ 30 тэрбум гаруй юаньд хүрчээ. Сүүлийн үед Хятадын эрх баригчид санхүүгийн хүндрэлд орсон үл хөдлөх хөрөнгийн компаниудад зээл олгохыг дэмжих зэргээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөгөө ээлж дараалан зарлаж байгаа билээ.

Орон нутгийн цагаар 10-ны өдөр Хятадын үнэт цаасны мэдээ зэрэг эдийн засгийн мэдээллээр дагнан ажилладаг хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын төрийн өмчит томоохон банк болох Үйлдвэр худалдааны банк өнгөрсөн сараас эхлэн хувийн хэвшлийн үл хөдлөх хөрөнгийн компаниудад 5 тэрбум орчим юанийн зээл олгосон ба Хөдөө аж ахуйн банк болон Барилгын банк ч тус бүр 5 тэрбум гаруй юанийн зээл олгосон талаар онцолжээ.

Түүнчлэн Bank of China-гийн хувьд өнгөрөгч нэг сарын хугацаанд 4 тэрбум юань, Харилцаа холбооны банк хоёр долоо хоногийн дотор 3 тэрбум юанийг давсан зээл олгосон байна.

Хятадын эрх баригчдын хувийн хэвшлийн үл хөдлөх хөрөнгийн компаниудыг дэмжих бодлогын хүрээнд тус улсын банкнууд, тэр дундаа төрийн өмчит таван банк өнгөрөгч 11-р сараас хойш 30 гаруй тэрбум юанийн зээл гаргасан хэмээн уг мэдээнд дурджээ. Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд л гэхэд 14 тэрбум юанийн зээл олгох зэргээр хөрвөх чадвар өндөртэй байгаагаа батлан харуулсан байна.

Эдгээр банкнуудын олгосон зээлийн 90 гаруй хувийг холимог өмчийн буюу төр хувийн хэвшлийн хамтарсан компани болон дан хувийн хэвшлийн компаниуд эзэлжээ. Бусад банкнууд ч хувийн хэвшлийн компаниудад зээл олгох журмаа сулруулж байгаа зэргээс харахад зээлийн хэмжээ цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.

Уг бодлогын ачаар үл хөдлөх хөрөнгийн компаниудын зээлийн хэмжээ сүүлийн нэг сарын хугацаанд 40 орчим хувиар өсөв. Хятадын зах зээлийн мэдээллийн CRIC компанийн мэдээлснээр, өнгөрөгч 11-р сард судалгаанд хамрагдсан Хятадын үл хөдлөх хөрөнгийн 80 орчим компанийн зээлийн нийт хэмжээ 30 тэрбум 276 сая юаньд хүрсэн нь 10-р сарынхаас 41,7 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Эдгээрээс дотоод бондын зээл 27 тэрбум 216 сая юань болж, нэг сарын дотор 66,8 хувиар өссөн бол гадаадаас авсан бондын зээл 164 сая ам.долларт хүрсэн байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн компаниуд энэ оны 5-р сараас хойш анх удаа хилийн чанадад бонд гаргасан нь энэ юм.

Хятадын тэргүүлэх банкнууд ийнхүү их хэмжээгээр зээл олгож буйн шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас гадна тус салбарын “акулууд” ээлж дараалан хүнд байдалд орж байгаа энэ үед эрх баригчид зээл олгохыг бодлогоор дэмжиж буйтай холбоотой юм.

Хятадын Төв банк, Санхүүгийн хяналт удирдлагын ерөнхий газар болон Үнэт цаасны зохицуулах хорооны зүгээс өнгөрсөн сарын 17-ны өдөр санхүүгийн байгууллагуудын зөвлөгөөнийг зохион байгуулж, үл хөдлөх хөрөнгийн зээлийг банкны салбарын дунджаас доошгүй хэмжээнд хүргэх, хувийн үл хөдлөх хөрөнгийн компаниудтай холбоотой зээлд анхаарч ажиллах чиглэлийг өгсөн билээ.

Гэвч үл хөдлөх хөрөнгийн компаниудад олгох зээлийн хэмжээг өргөжүүлснээр тус салбарт эргэн сэргэлтийг бий болгоно гэж үзэх нь тун өрөөсгөл ойлголт юм хэмээн зах зээлийн мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал эдийн засагч Шиа Лэй "Зээлийг өргөжүүлэх нь үл хөдлөх хөрөнгийн салбарт сэргэлт авчрах дөнгөж эхний алхам. Борлуулалт нэмэгдэж, бие даан “цус сэлбэх” чадвар нь сэргэж байж үл хөдлөх хөрөнгийн компаниуд хүндрэлээс гарч чадна” хэмээн цохон тэмдэглэв.

Харамсалтай нь зах зээлийн уналт үргэлжилсээр байгаа энэ үед үл хөдлөх хөрөнгийн компаниудын борлуулалт нэмэгдэхгүй нь тодорхой асуудал юм. Үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний мэдээг нэгтгэж, нийтэлдэг судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, Хятадын шилдэг 100 үл хөдлөх хөрөнгийн компанийн сарын борлуулалт өнгөрсөн сард өнгөрсөн оны 11 дүгээр сарынхаас 29.2 хувиар, энэ оны 10-р сарынхаас 0.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ. Цаашлаад энэ оны 1-р сараас 11-р сар хүртэлх борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.7 хувиар буурсан байна.

Олон улсын зээлжих зэрэглэлийн Standard & Poor's (S&P) агентлаг өнгөрсөн сарын сүүлээр гаргасан тайландаа ирэх жил ч Хятадын орон сууцны зах зээл дэх уналт үргэлжилнэ хэмээн таамаглал дэвшүүлсэн юм. Түүнчлэн төрийн өмчит үл хөдлөх хөрөнгийн компаниуд тус салбарт тэргүүлэх үүрэгтэй оролцох бол хувийн хэвшлийн компаниудын хувьд энэхүү уналтыг хэрхэн тэсэж үлдэхээ л бодохоос өөр аргагүй хэмээн Сингапурын хэвлэл мэдээллийн агентлаг өгүүлжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35