Газрын тос үйлдвэрлэгч Occidental Petroleum компани Crown Rock-ыг 12 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ
2023, 12 сарын 12. 23:440

АНУ-ын түүхий газрын тос үйлдвэрлэгч Occidental Petroleum занарын өрөмдлөгийн Crown Rock компанийг 12 тэрбум ам.доллароор худалдаж авахаар шийджээ. Сүүлийн саруудад ExxonMobil, Chevron зэрэг дэлхийд данстай эрчим хүчний салбарын компаниуд ээлж дараалан өөр компанийг худалдан авч өөртөө нэгтгэх M&A хэлцэл хийсний араас дахин томоохон хэмжээний хэлцэл явагдахаар болж буй нь энэ бололтой. Occidental Petroleum нь АНУ-ын эрчим хүчний томоохон компаниудын нэг бөгөөд Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ийн дарга “хөрөнгө оруулалтын суут ухаантан” гэгддэг Уоррен Баффетийн сонгосон компани гэдгээрээ онцлогтой.

Reuters агентлагийн мэдээлснээр, Occidental Petroleum компани орон нутгийн цагаар 11-ний өдөр дээрх агуулга бүхий худалдан авах хэлцэлийн талаар зарласан болохыг онцолжээ. Тус компани энэхүү худалдан авалтыг санхүүжүүлэхийн тулд 9.1 тэрбум ам.долларын шинэ бонд, 1.7 тэрбум ам.долларын шинэ хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа ба худалдан авах үйл явцыг ирэх оны эхний улиралд багтаан дуусгавар болгохоор төлөвлөсөн байна.

Occidental Petroleum компанийн хувьд хамгийн сүүлд 2019 онд тухайн үеийн өрсөлдөгч Аnadarko Petroleum-ыг 38 тэрбум ам.доллароор худалдаж авснаас хойш дөрвөн жилийн дараа ийнхүү томоохон хөрөнгө оруулалт хийж буй нь энэ юм. Тухайн үед Chevron-той ширүүхэн өрсөлдөж, их хэмжээний өр зээл авсны эцэст Аnadarko Petroleum-ыг өөртөө нэгтгэж чадсан ч цар тахлын улмаас олон улсын зах зээлд түүхий газрын тосны үнэ огцом унаснаар их хэмжээний хохирол амсаж байв. Энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар Occidental Petroleum-ийн өр ойролцоогоор 18,66 тэрбум ам.доллар байгаа ба тус компани нь Crown Rock компанийн 1.2 тэрбум ам.долларын өрийг төлөх хариуцлагыг мөн хүлээх аж.

Crown Rock компани нь АНУ-ын газрын тосны хамгийн том орд болох Техасын Пермийн сав газарт үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниудын нэг юм. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн өрсөлдөгч Endeavour Energy Resources-ийн хамт дараагийн эздүүдээ хайж эхэлсэн бөгөөд 10 гаруй тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна.

Crown Rock компанийг худалдан авснаар бид Пермийн сав газрын 94,000 гаруй акр (ойролцоогоор 380 сая метр хавтгай дөрвөлжин) талбайг өөрийн эзэмшлийн болгосноор өдөрт 170 мянган баррель газрын тос нэмэлтээр олборлох боломжтой болно хэмээн Occidental Petroleum компанийн зүгээс мэдэгдэв. Пермийн сав газраас өдөрт 968 мянган баррель түүхий газрын тос олборлодог гэх тооцоог өнгөрсөн наймдугаар сард гаргаж байв. Rystad Energy зөвлөх компанийн үзэж буйгаар “Энэхүү худалдан авалт дуусгавар болсны дараа Occidental Petroleum нь Пермийн сав газрын хоёр дахь том газрын тос үйлдвэрлэгч болох юм. Pioneer Natural Resources компанийг өөртөө нэгтгээд удаагүй ExxonMobil олборлолтоороо өдгөө тэргүүлж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Occidental Petroleum-ийн гүйцэтгэх захирал Вики Холлуб хэлэхдээ "Crown Rock-ийг худалдан авч буй явдал нь манай компанийн хувьд хамгийн хүчирхэг, хамгийн сонирхолтой хөрөнгө оруулалтын багц болно гэдэгт бид итгэж байна. Пермийн сав газарт байр сууриа бий болгосноор бэлэн мөнгөний урсгалыг түргэтгэж, хувьцаа эзэмшигчдэд ээлтэй үнэ цэнийг бий болгоно” хэмээн өгүүлэв. Олборлосон газрын тосоо нэг баррелийг нь 70 ам.доллароор тооцвол худалдан авсан эхний жилдээ нэг тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалыг бий болгоно хэмээн тооцоолж байгаа аж.

Аnadarko Petroleum компанийг худалдаж авсны дараа дампуурлын ирмэг дээр ирсэн Occidental Petroleum нь Украинд дайн эхэлсний дараахан олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом өсөх үед бусад эрчим хүчний компаниудын адилаар ихээхэн ашгийг хүртсэн юм. 2020 онд сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доод цэгтээ хүрч унасан тус компанийн хувьцааны үнэ түүнээс хойш бараг 500 хувиар өссөн байна. 2022 онд 13.3 тэрбум ам.долларын ашиг олсон нь түүхэн дээд амжилт болсон ба өрийн хэмжээгээ 20 тэрбум ам.доллароор бууруулж чаджээ.

Түүнчлэн ТУЗ-ийн дарга Баффет мөн оны 2-р сард хөрөнгө оруулалтын мөнгөө тус компани руу цутгаж эхэлсэн бөгөөд энэ оны 3-р улирлын байдлаар өөрийн эзэмшлийн хувийг 24.3 хүртэл нэмэгдүүлсэн байна.

Энэ оны хоёрдугаар хагаст дэлхийн эрчим хүчний компаниуд M&A хэлцэлийг эрчимтэй хийж байгаа нь тус салбарт “тектоник шилжилтийг” үүсгэж байна. Тухайлбал өнгөрсөн аравдугаар сард ExxonMobil компани Pioneer Natural Resources-ийг ойролцоогоор 60 тэрбум ам.доллароор, Chevron компани Hess корпорацийг 53 тэрбум ам.доллароор тус тус худалдаж аваад байгаа билээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35