
Монголын иргэн бүрд ажлын байр уриатай Zangia.mn нь Хил хамгаалах байгууллага ахмад хилчдийн “Хилчин Хурандаа Захирагч” ТББ-тай хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Хил хамгаалах байгууллагын ахмад хилчид болон бэлтгэл хурандаа, захирагч нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, ажлын байранд холбох, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг “Зангиа Академи”-аар дамжуулан хүргэх ажлуудыг эхлүүлээд байна.
Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, хууль хүчний байгууллагуудын тангарга өргөсөн алба хаагч нар эрэгтэй 25 жил, эмэгтэй 20 жил албандаа ажиллаж нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэрт гардаг. Тэд 40-45 насанд тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн зах зээлд дутагдаж буй ажлын байранд орж ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлээд байна. Иймээс Zangia.mn “45-с ДЭЭШ НАСНЫХАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙР” категорийг шинээр нээж байна.
Хил хамгаалах байгууллагад 4000 гаруй цэргийн тэтгэвэрт гарсан албан хаагчид байгаа бөгөөд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдлын цэргийн тэтгэвэрт гарсан ажиллах хүчний тоо маш их байна. Zangia.mn нийт харилцагч байгууллагууддаа цэргийн тэтгэвэрт гарсан, эх оронч хүмүүжлээр төлөвшсөн ажиллах хүчинд ажлын байрны санал тавихыг уриалж байна.


