Intel Израильд 25 тэрбум ам.долларын өртөгтэй хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулахаар болжээ
2023, 12 сарын 27. 16:490

Дайны нөхцөл байдалд буй Израиль улсад 25 тэрбум ам.доллароор хэмжигдэх хагас дамжуулагчийн үйлдвэр барихаар шийдсэн Intel компанид тус улсын засгийн газар 3,2 тэрбум ам.долларын татаас олгохоор болжээ.

Орон нутгийн цагаар 26-ны өдөр Израилийн засгийн газар болон Intel компани хамтран энэ тухай олон нийтэд мэдэгдсэн байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр, Intel компани Израилийн өмнөд хэсгийн Кирят Гат дахь хагас дамжуулагчийн үйлдвэрээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь бие даасан ганц компанийн Израильд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж буй бөгөөд тус улсын засгийн газраас үзүүлж буй татаас нь Intel-ийн нийт хөрөнгө оруулалтын 12.8 хувийг эзэлж байгаа аж. Энэхүү мэдээний ачаар мөн өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Intel компанийн хувьцааны үнэ 5.2 хувиар өссөн байна.

Кирят Гат нь Израиль улс Палестины зэвсэгт Хамас бүлэглэлтэй дайтаж байгаа Газын зурвасаас 42 километрийн зайд оршдог. Уг бүс нутагт Fab 28 гэх тус компанийн 10 нанометр (метрийн тэрбумны нэг) хагас памжуулагчийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Дараагийн үеийн хагас дамжуулагч үйлдвэрлэх нэмэлт үйлдвэр 2028 онд ашиглалтад орж, наанадаж 2035 он хүртэл үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр олон мянган шууд болон шууд бус ажлын байр бий болно гэж үзэж байна.

Кирят Гат дахь үйлдвэрийн өргөтгөл болон АНУ, Европт хийж байгаа, хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтууд нь дэлхийн нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг хөгжүүлэх бидний төлөвлөгөөний чухал хэсэг юм" хэмээн Intel компанийн зүгээс мэдэгдэлдээ дурджээ. Мөн Intel ойрын 10 жилийн хугацаанд Израилийн ханган нийлүүлэгчдээс 60 тэрбум шекелээр хэмжигдэх бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах тооцоог гаргасан байна.

Израилийн Сангийн сайд Безалел Смотрих хэлэхдээ, "Дэлхий даяар хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтын өрсөлдөөн ширүүсэж байгаагийн дээр Израиль улс “ертөнцийн адгуудын” эсрэг дайн хийж байгаа энэ үед энэхүү хөрөнгө оруулалт нь Израилийн эдийн засагт итгэх итгэлийн очыг асаасан чухал үйл явдал боллоо” хэмээн цохон тэмдэглэв.

Intel компани нь 1974 онд буюу 50 орчим жилийн өмнө Израилийн зах зээлд хөл тавьсан бөгөөд одоогоор дөрвөн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 2017 онд тус компани Израилийн автомат жолоодлого бүхий автомашин үйлдвэрлэгч Mobileye компанийг 15.3 тэрбум ам.доллароор худалдаж авсан билээ. Түүнчлэн зөвхөн Израилийн хэмжээнд ойролцоогоор 11,700 хүн ажилладаг байна. Intel компанийн Израилиас гарч буй экспортын хэмжээ ойролцоогоор 9 тэрбум ам.доллароор хэмжигддэг бөгөөд өндөр технологийн нийт экспортын 5.5 хувийг эзэлдэг аж.

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнгөрөгч 6-р сард Intel компанийн зүгээс хийж буй энэхүү хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зарлаж байсан ч тус компани өнгөрөгч хугацаанд энэ талаар огт “ам нээгээгүй” байсан юм. Израилийн засгийн газар их хэмжээний татаасаар Intel компанийн хөрөнгө оруулалтыг татсан нь дамжиггүй. Reuters агентлагийн мэдээлснээр, Intel компани уг төслийнхөө хүрээнд 3.2 тэрбум ам.долларын татаас авч буй явдал нь Израилийн зах зээлд хөл тавьсан сүүлийн 50 жилийн хугацаанд бусад байгууллагуудаас авсан татаасаас (2 тэрбум ам.доллар) их байгаа талаар онцлов.

Тэрчлэн тус компани нь дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээгээ өргөжүүлэхийн тулд Израильд төдийгүй дэлхий даяар томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байна. Тухайлбал ХБНГУ-ын Магдебург хотод 30 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж хагас дамжуулагчийн хоёр ч үйлдвэр барихаар төлөвлөж байгаа бөгөөд Польшийн Вроцлав хотод хагас дамжуулагчийн үйлдвэр барихад 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Харин АНУ-ын Охайо, Аризона мужуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийн хагас дамжуулагчийн үйлдвэрүүдээ өргөжүүлж байна.

Ирэх онд Өмнөд Солонгосын Samsung Electronics-ийг гүйцэж дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн зах зээлд хоёрдугаарт бичигдэх зорилтыг өнгөрөгч 6-р сард тавьсан Intel нь шинэ үеийн хагас дамжуулагчийн хөгжүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулах болоод байгаа юм.

Эх сурвалж: HanKyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35