Өнгөрсөн жил Rolls-Royce компанийн хувьцааны үнэ 220 хувиар өсжээ
1 сарын 5. 18:210

118 жилийн түүхтэй Британийн нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Rolls-Royce компани өнгөрсөн онд Европын хөрөнгийн зах зээл дэх хамгийн өндөр өсөлт буюу 200 гаруй хувийн өсөлтийг үзүүлсэн байна.

Financial Times сонины орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн онд Rolls-Royce-ийн хувьцааны үнэ 221.57 хувиар өссөн болохыг онцлов. Энэ нь 1987 онд хувьчлагдсанаас хойш буюу сүүлийн 36 жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт болж буйгаараа онцлог юм. Мөн Европын хөрөнгийн зах зээлийн жишиг үзүүлэлт болох STOXX Europe 600 индексийн нэгдүгээрт жагссан байна.

Их Британийн FTSE 100 индекс дунджаар ердөө 3.8 хувиар, АНУ-ын S&P 500 индекс 24 хувиар өссөнтэй харьцуулахад маш том өсөлтийг үзүүлсэн гэсэн үг юм. Энэ нь Louis Vuitton Moët Hennessy (LVMH)-ийг ардаа орхин зах зээлийн үнэлгээгээр хөрөнгийн зах зээлийг тэргүүлсэн Данийн эм үйлдвэрлэгч Novo Nordisk коипанийн хувьцаа 49 хувь өссөнөөс хамаагүй өндөр өсөлт болов. Rolls-Royce-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 32 тэрбум ам.доллар бөгөөд 356 тэрбум ам.долларын үнэлгээтэй Novo Nordisk-ийн аравны нэгтэй тэнцэж байгаа юм.

Rolls-Royce компанийн хувьцааны үнэ өнгөрсөн оны хоёрдугаар сараас өсч эхэлсэн билээ. Тодруулбал тус компанийн гүйцэтгэх захирал Туфан Эргинбилжич өнгөрөгч нэгдүгээр сард үүрэгт ажлаа хүлээн авсныхаа дараа шууд томоохон бүтцийн өөрчлөлт хийхээ амласан тэр үетэй давхцаж буй юм. Тэрээр эргэлтийн хөрөнгийг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, компанийн соёлд шинэчлэлт хийх гэх мэт долоон чиглэлээр шинэчлэн сайжруулалт хийх төлөвлөгөөгөө танилцуулан “Сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилсэн муу гүйцэтгэлийн цувааг таслан зогсоох томъёо байж л таарна” хэмээн дурдаж байв. Тэрээр Санхүү хариуцсан захирал Панос Какулис зэрэг удирдах албан тушаалтнуудын тал хувийг нь сольж, мөн ажлын байрыг ч цомхотгосон. Гүйцэтгэх захирал Эргинбилжич "Бид зах зээлийн нөхцөл байдлыг харахаас илүүтэйгээр компанийг эрс шинэчлэлт хийснээр Rolls-Royce компанид илүү их ашиг, мөнгөн урсгалыг бий болгох чадвар бий” гэдгийг онцлон тэмдэглэв.

Цар тахлын эхний жил болох 2020 оныг эс тооцвол сүүлийн таван жилийн хугацаанд Rolls-Royce-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн өгөөж -67 хувьтай байсан нь салбарын хэмжээнд ч тун бага үзүүлэлт байв. Цар тахлын дэгдэлт намжихтай зэрэгцэн дэлхийн агаарын тээврийн салбар сэргэж, Rolls-Royce-ийн гүйцэтгэл ч дагаад сайжрч эхэлсэн юм. 2021 онд ердөө 1,1 тэрбум фунт стерлинг байсан жилийн борлуулалт жилийн дараа 12,7 тэрбум фунт стерлинг болж, үйл ажиллагааны ашиг мөн хугацаанд 57 хувиар өссөн байна. Түүнчлэн өнгөрсөн оны сүүлийн хагаст тус компанийн үйл ажиллагааны ашиг тав дахин өсжээ. 2022 оны зах зээлийн хүлээлтээс давж, 550 сая фунт стерлингд хүрээд буй чөлөөт мөнгөн урсгал 2023 онд 800 сая фунт стерлинг болж өсөх төлөвтэй байгаа аж.

Газрын тосны салбарын нөлөө бүхий эрхэм болох гүйцэтгэх захирал Эргинбилжич зах зээлийн нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдөж буйг ч үл ажран шийдэмгий стратеги төлөвлөлт хийсэн явдал нь Rolls-Royce-ийн эргэлтэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж сайшааж болох юм. Financial Times сонин түүний талаар “Тус компани дахь асуудлуудыг илэн далангүй дэлгэж, эрс өөрчлөн байгуулалт хийхээс гадна ажлын байрыг цомхотгох зэрэг санхүүгийн томоохон зорилтууд тавьсан" хэмээн онцолжээ. JP Morgan Chase зэрэг Wall Street-ийн хөрөнгө оруулалтын банкнууд 2014 оны аравдугаар сараас хойш 10 орчим жилийн хугацаанд анх удаа компанийн үнэлгээ жишиг үнээс давсан гэх дүгнэлтийг гаргажээ.

JP Morgan-ын шинжээч Дэвид Перри “Гүйцэтгэх захирал нь компанийн хувьцааны үнийг ийм богино хугацаанд өсгөсөн тохиолдол хэзээ ч харж байгаагүй. Онгоцны хөдөлгүүрийн зах зээлд 12 сарын өмнөөс сэргэлт гарах төлөв ажиглагдаж байсан ба 2023 онд Rolls-Royce-ийн гүйцэтгэл сайжирсан нь гүйцэтгэх захирал Эргинбилжичийн санаачилгын үр дүнд бий болсон нь яалтачгүй үнэн юм” гэж дүгнэсэн байна.

Тус компани 2027 оны үйл ажиллагааны ашгийн зорилтоо 2.8 тэрбум фунт стерлинг гэж тогтоосон нь 2022 оныхоос дөрөв дахин их байгаа юм. Түүнчлэн мөн хугацаанд үйл ажиллагааны ашгийн хэмжээг 13-15 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Rolls-Royce-ийн гол үйлдвэрлэл болох иргэний нисэхийн салбарт ердөө 2.5 хувийн ашигтай ажиллаж байсныг 15-17 хувь болгон өсгөх төлөвлөгөөтэй байгаа нь түүний өрсөлдөгч General Electric-ийнхтэй дүйж очиж буй юм.

Үүний зэрэгцээ өнгөрсөн онд Европын хөрөнгийн зах зээлд Rolls-Royce-оос гадна BE Semiconductor Industries (141.25%), Marks & Spencer (120.92%), TAG Immobilien (118.28%), Melrose Industries (101.03%) зэрэг компаниуд 100 хувиас давсан өсөлтийг үзүүлсэн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35