
Өдгөө 77 настай, Нобелийн Энх тайвны шагналт, Мьянмарын цэргийн засаглалыг эсэргүүцэгч, улс төрийн зүтгэлтэн Аун Сан Су Чиг авлига, сонгуулийн залилан зэрэг хамгийн багадаа 18 гэмт хэрэгт буруутган 190 жил хорих ял төлөвлөн шүүж байна. Су Чи өөрт нь тулгасан бүх ялыг "Утгагүй" хэмээн эрс үгүйсгэж байгаа юм.
Мьянмарын шүүх Даваа гарагт түүнд нэмж зургаан жилийн ял оноолоо. Тодруулбал, Су Чи нь өөрийн үүсгэн байгуулсан боловсрол, эрүүл мэндийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж орон сууц барьсан, төрийн мэдлийн газрыг хямд үнээр түрээслүүлсэн хэрэгт буруутай гэж тогтоожээ. Ийнхүү одоо нийслэлийн шоронд ганцаарчлан хоригдож буй Су Чид өмнө нь оноосон байсан 11 жилийн ял нэмэгдсээр байна.
Мьянмарын засгийн газар өнгөрсөн жил цэргийн хүчинд булаан эзлэгдсэнээс хойш үймээн, самуун, дарангуйлал, хэлмэгдүүлэлтээр дүүрэн хэвээр байна. Тус улс олон арван мянган хүнийг шоронд хорин эрүүдэн шүүж буйг “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж НҮБ тодорхойлсон билээ.
Эх сурвалж: Reuters