М.Хироказү, Н.Ясүтоши нарыг огцруулахыг Японы сөрөг хүчин шаарджээ
2023, 12 сарын 8. 18:181

Японы сөрөг хүчний Үндсэн хуульт Ардчилсан намынхан (CDPJ) парламентын доод танхимын төсвийн хороон дахь хэлэлцүүлгийн үеэр сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказүг огцруулахыг Ерөнхий сайд Кишида Фүмиогоос шаарджээ.

Үүнээс гадна, “буцаан олголт” авсан хэрэгт Эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд Нишимүра Ясүтошиг сэжиглэж байгаа тул түүнийг мөн огцруулахыг шаардсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр парламент дахь сөрөг хүчний намын гишүүд Японы эрх баригч Либерал Ардчилсан намын (LDP) дотоод “буцаан олголтын” тогтолцооны талаар тайлагнахыг К.Фүмио, М.Хироказү, Дотоод хэргийн сайд Жүнжи Сүзүки, Н.Ясүтоши нараас ээлж дараалан шаардсан байна. Ерөнхий сайдад тавьсан гол асуулт нь татвараас бултах бусармаг тогтолцоо байдгийг мэдэж байсан эсэх тухай байсан бол сайд нараас “буцаан олголт”-ыг авсан уу, аваагүй юу гэж асууж байв.

Ж.Сүзүки "буцаан олголт" аваагүй гэж хариулсан бол К.Фүмио мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой хариулт өгөхөөс татгалзжээ. Н.Ясүтоши, М.Хироказү нарын өгсөн хариултад сөрөг хүчнийхэн сэтгэл хангалуун бус байгаа аж. Тодруулбал, 10 сая иен буюу 69.4 мянган долларын "буцаан олголт" авсан эсэхийг М.Хироказүгаас сөрөг хүчний намын гишүүн Гото Юичи асуусан байна.

"Одоогоор манай фракц нөхцөл байдлыг шалгаж байна, тиймээс шалгалт дууссаны дараа хариу өгнө. Үүнээс гадна, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй хариулт өгөх боломжгүй" гэж М.Хироказү хариулжээ.

Үүний дараа Г.Юичи тус хоёр улс төрчийг огцруулахыг К.Фүмиогоос шаарджээ.

Одоогийн байдлаар Японы эрх баригч Либерал Ардчилсан намын таван фракц улстөрчдийнхөө оролцоотойгоор улс төрийн хүчнүүдэд зориулж мөнгө босгох зорилгоор авсан хөрөнгийг нуун дарагдуулсан хэргийг Токиогийн Прокурорын газрын тусгай хэлтэс шалгаж байна. Эдгээр уулзалтын тасалбарыг ихэвчлэн Японы бизнесийн төлөөлөгчид худалдаж авдаг. Энэ тогтолцоо нь улстөрчид, фракцуудын авлига болон хувирахаас сэргийлэхийн тулд хуулийн дагуу хэрэв нэг орой цуглуулсан мөнгө 200 мянган иенээс (1.3 мянган доллар) давсан тохиолдолд хандивлагчдын нэрс, мөнгөн дүнг тайлангийн дэвтэрт оруулах ёстой байдаг ажээ.

Гэтэл Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн хамгийн том фракцад 5 жилийн хугацаанд хандивлагчдын нэрс, мөнгөн дүн тодорхойгүй хэдэн зуун сая иен (хэдэн сая доллар) цугласан нь тогтоогджээ. Түүнчлэн улстөрч тогтоосон мөнгөн дүнгээс илүү мөнгө цуглуулсан бол илүүг нь “буцаан олголт”-оор авч байсан нь нэмэлт шалгалтаар тогтоогдсон аж. Эдгээр буцаан олголтын дүнг намын баримт бичигт ч, парламентын гишүүдийн өөрсдийнх нь тайланд ч тусгаагүй байна. А.Шинзогийн фракцад хамгийн багадаа хэдэн арван хүн "буцаан олголт" авсан бөгөөд мөнгөн дүн нь олон арван сая иен буюу хэдэн зуун мянган ам.доллартой тэнцэж байгаа ажээ.

Эдгээр хүний нэг нь К.Фүмиогийн "баруун гар" гэгддэг М.Хироказү байх магадлалтай байгаа бөгөөд А.Шинзогийн фракцад удирдах албан тушаал эзэлж байсан тул юу болж байгааг мэдээгүй байх ёсгүй юм. Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд өдөр бүр хэвлэлийн бага хурал хийх үеэр нь намынх нь хөрөнгөтэй холбоотой нөхцөл байдлын талаар сэтгүүлчид түүнээс сүүлийн хэдэн өдөр дараалан асууж байгаа хэдий ч тэрбээр хариулт өгөхөөс зайлсхийж байна. Харин сөрөг хүчнийнхэн түүнээс дэлгэрэнгүй тайлбар авахгүй бол огцрохыг шаардана гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ нь рейтинг нь түүхэн доод хэмжээнд хүртэл унаад байгаа К.Фүмиогийн засгийн газарт хүнд цохилт болж магадгүй байна. Баасан гарагт буюу өнөөдөр хэвлэлүүдээр М.Хироказүг 10 сая иен буюу 69.4 мянган долларын буцаан олголт авсан гэх мэдээ цацагджээ.


Эх сурвалж: Kyodo/МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Болдбаатар
   /
2023, 12 сарын 9. 17:34

Овгийг нь бүтэн бичдэг баймаар юм

Онцлох мэдээ
Сөүл: Дараа сард түүхэндээ хамгийн олон өвчтөнүүдийн жагсаал болно
2024-6-21 16:06
Таван жилийн өмнө алга болсон илжиг хандгайн сүрэгтэй нийлсэн байжээ
2024-6-21 15:32
Насанд хүрэгчдэд зориулсан хиймэл оюун ухаант робот энэ зунаас худалдаанд гарна
2024-6-21 14:59
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33