Швед улс эрчим хүчний компаниуддаа яаралтай тусламж үзүүлэхээр болжээ
2022, 9 сарын 5. 1:240

Европт эрчим хүчний хямрал нүүрлэж байгаа энэ үед Шведийн засгийн газар хийн үнийн өсөлтөөс болж дампуурлын ирмэг дээр байгаа эрчим хүчний компаниуддаа яаралтай дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ.

Financial Times зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон орон нутгийн цагаар 3-ны өдөр эрчим хүч үйлдвэрлэгч компаниудад яаралтай тусламж үзүүлэхээр шийдсэнээ зарлав. ОХУ-ын тал хийн нийлүүлэлтийг бууруулснаар хийн үнэ огцом өсөхөд эрчим хүчний компаниудын гэрээ байгуулсан фьючерсийн маржин ч нэмэгджээ. Тэрээр “Хэрэв одоогийн нөхцөл байдлыг энэ хэвээр орхивол эрчим хүчний салбарын хямрал хөрөнгийн зах зээлд тархаж томоохон хэмжээний санхүүгийн хямралд хүргэж болзошгүй” хэмээн анхааруулав.

Ерөнхий сайд Андерссон хэлэхдээ, эрчим хүчний компаниудад хийн үнэ өссөнтэй холбогдуулан цахилгааны үнийг нэмэхээс өөр сонголт байхгүй ба бидний зүгээс эрчим хүчний үнийг тогтворжуулахын тулд тэдэнд дэмжлэг үзүүлэхээс аргагүй хэмээн онцолжээ. Шведэд цахилгааны үнэ энэ он гарсаар 11 дахин өссөн байна.

Оросын төрийн өмчит Газпром компанийн зүгээс “Умардын урсгал-1" хийн хоолойд засвар үйлчилгээ хийх явцад турбинаас хий алдагдаж байгаа нь илэрсэн тул тус хийн хоолойн нийлүүлэлтийг өнгөрөгч 2-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргаснаа зарласан билээ. Энэхүү шийдвэрийн талаар ерөнхий сайд Андерссон "Энэ мэдэгдэл нь "дайн лугаа өвөл"-ийг дуудах эрсдэлтэй төдийгүй Шведийн санхүүгийн тогтвортой байдалд заналхийлж байна" хэмээв. Тэрээр үргэлжлүүлэн “Оросын уг шийдвэрийн цаана аюулгүй байдалд заналхийлсэн бодлого нуугдаж буй нь тодорхой юм. Орос биднийг хагалан бутаргах гэж Европын эсрэг эрчим хүчний дайн хийж байгаа ч бид Путины хүслийг биелүүлж зүгээр хараад суухгүй гэдгээ хэлье” хэмээн өгүүлжээ.

Хөрш Финланд улс ч мөн үүнтэй ижил хариу арга хэмжээ авах төлөвтэй байна. Финландын Сангийн сайд Анника Саррико өөрийн Твиттер хуудаснаа жиргэхдээ Шведийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шиг арга хэмжээг Финланд улс ч аль хэдийн эхлүүлээд байна хэмээн цохон тэмдэглэв.

Түүнчлэн Европын холбооны түвшинд ч цахилгаан эрчим хүчний компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, байгалийн хийн үнийн дээд хязгаар тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Financial Times сонины эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Европын холбооны эрчим хүчний сайд нар ирэх 9-ний өдөр зохион байгуулагдах яаралтай хурлаар эрчим хүчний компаниудын хөрвөх чадварыг сайжруулах арга хэмжээний талаар хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35