Туркийн нэгэн гэрэл зурагчин 50 минутын турш 100 удаа цахилгаан цахиж буй зураглалыг нэг кадрт буулгасан байна.
Шинжлэх ухааны мэдээ, мэдээллээр дагнан ажилладаг Live Science агентлаг орон нутгийн цагаар 20-ны өдөр гэрэл зурагчин Угур Икизлерийн Туркийн эрэг орчмын Муданья тосгонд таймлапс тохиргоогоор авсан аянга цахилгаан цахиж буй гэрэл зургийг нийтэлжээ.
Энэхүү зургийг өнгөрөгч 16-ны шөнө дундын орчимд Муданья тосгонд цахилгаан цахиж байх үед 50 минутын турш буулгасан байна. Тус мэдээнд дурдсанаар “Энэ үед 50 минутын дотор 100 гаруй удаа цахилгаан цахисан. Энэ нь дунджаар 30 секунд тутамд нэг цахилгаан цахисан гэсэн үг” хэмээн тайлбар бичжээ.
Икизлер хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Тухайн үед зургийн хальснаа буулгасан цахилгаан бүр үзэсгэлэнтэй байсан. Гэхдээ бүгдийг нь нэг кадрт нэгтгэхэд үнэхээр аймшигтай, бас гайхалтай дүр зураг харагдсан. Энэ бол тун гайхалтай дүрслэл болж үлдсэн” хэмээн онцлов.
Тус зурган дээр багадаа гурван төрлийн цахилгааныг буулгасан байна. Тодруулбал үүлнээс үүлэнд буусан, үүлнээс газарт буусан, үүлнээс усанд буусан цахилгааныг буулгаж чаджээ.
Зарим тохиолдолд нэг удаад олон цахилгаан цахих тохиолдол цөөнгүй байдаг. Сонирхуулахад дэлхий даяар жил бүр 1.4 тэрбум цахилгаан цахидаг ба энэ нь өдөрт ойролцоогоор 3 сая, секундэд 44 удаа цахилгаан цахидаг гэсэн үг юм.
Эх сурвалж: JoongAng