Никель үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Индонез литийн зах зээлийн гол тоглогч Австралитай батарейны салбарт хамтран ажиллана
2023, 7 сарын 6. 4:260

Цахилгаан автомашины батарейны гол түүхий эд болох никель үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Индонез болон литийн зах зээлд тэргүүлэгч Австрали улсууд батарейны салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ.

Ройтерс болон ABC агентлагийн орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо мөн өдөр Австралийн Сидней хотноо тус улсын ерөнхий сайд Антони Албанжтай дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ "Цахилгаан автомашины батарейны асуудлаар Австрали улстай стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. Үүгээр дамжуулан илүү бодитой, стратегийн эдийн засгийн хамтын ажиллагааны харилцааг бий болгох ёстой” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Индонез бол никелийн нөөц болон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд 2020 оноос хойш хүдэр хэлбэрээр никель экспортлохыг хориглосон билээ. Харин оронд нь никелийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор хайлуулах үйлдвэрүүдийг олноор нь барьж байгуулснаар гадаадын шууд хөрөнгө оруулалт их хэмжээгээр татсан юм.

Гэвч Индонез улс өөрт байхгүй түүхий эдийг гадны орнуудаас импортлохоос өөр аргагүй билээ. Тодруулбал тус улсад цахилгаан автомашины батарейны бас нэгэн гол түүхий эд болох литийн нөөц байхгүй бөгөөд дэлхийн хамгийн том лити үйлдвэрлэгч Австрали нь энэхүү сул талыг нөхөх сайн түнш болох нь тодорхой хэмээн ABC Broadcasting суваг онцлов.

Индонез улс Зүүн өмнөд Азид никель дээр суурилсан цахилгаан автомашины батерейны төв байгуулахыг зорилт болгоод байгаа юм. Австрали улсын тухайд ч мөн лити, никель зэрэг эрчим хүч болгон боловсруулахад нэн шаардлагатай гол түүхий эдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, батарей зэрэг байгальд ээлтэй эрчим хүчний салбарт илүү их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Тиймээс Индонез улс Австралитай хамтран батарейны гол түүхий эдийн төв байгуулах асуудлыг чухалчилж авч үзэж байгаагаас гадна Австралийн литийн уурхайнуудад хөрөнгө оруулалт хийх тал дээр анхаарал хандуулахаар төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн ерөнхийлөгч Жоко Видодо өмнөх өдөр нь Австралийн санхүүгийн тойм сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Индонез никелийн салбарт дэлхийд тэргүүлэгч бол Австрали дэлхийн хамгийн том лити үйлдвэрлэгч. Тус хоёр улс энэхүү давуу талаа нэгтгэж чадвал их боломж харагдаж байна” хэмээн дурджээ. Тэрээр үргэлжлүүлэн “Хэрвээ бид цахилгаан автомашины батарейны салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадвал харилцан ашигтай хамтрал болж чадна” гэж хэлээд энэхүү салбар дахь түншлэл албан ёсоор хэрэгжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Индонез бол Австралийн гадаад худалдааны салбарын 13 дугаарт жагсдаг томоохон түнш орон аж. Үүнээс гадна Австралийн засгийн газрын мэдээллээр 2021 онд Австрали улсын Индонезид оруулсан хөрөнгө оруулалт 4,3 тэрбум австрали долларт хүрсэн зэргээр тус хоёр улс нь тун ойр дотно харилцаатай юм.

Хоёр улс цахилгаан автомашины батарейны хамтын ажиллагаанаас гадна бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Австралид цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэтхэг-Номхон далайтай хиллэдэг тус хоёр улс нь хоёул Хятадтай зөрчилдөөнтэй байгаа билээ. Тодруулбал Индонез нь Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар зөрчилдөж байгаа бол Австрали улс Номхон далайн өмнөд бүс нутагт Хятадын нөлөө улам бүр нэмэгдэж байгаад санаа чилээж байгаа нь тодорхой асуудал юм. Гэсэн хэдий ч Австрали улс нь “AУКУС (АНУ, Их Британи, Австралийн аюулгүй байдлын гэрээ)”-аар дамжуулан цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоц бүтээх нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх вий хэмээн болгоомжилж буйгаа хөрш зэргэлдээ Индонези улс илэрхийлсээр байгаа билээ. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ нь цөмийн зэвсэгтэй улс орнууд цэрэг армийн зориулалт бүхий цөмийн материалыг цөмийн зэвсэггүй улсууд руу шилжүүлэхийг хатуу хязгаарладаг юм. Ийм учраас ерөнхий сайд Албанж ерөнхийлөгч Жоко Видодод ирэх 10 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоцыг бүтээх ажил бүрэн ил тод явагдах болно гэдгийг амлав.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35