АНУ-д 4.34 метр урттай, 364 килограмм жинтэй аварга матар баригдсан нь олны анхаарлыг татаад байна.
Энэ сарын 26-ны өдөр Миссисипи мужийн Язу голоос 4.34 метрийн урт, 364 килограмм жинтэй, бүсэлхийн тойрог нь 1.67 метр бүхий асар том матрыг дөрвөн эр 7 цагийн турш “ноцолдсоны” эцэст барьж авч чадсан болохыг ABC News зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 29-ний өдөр мэдээлэв.
Миссисипи мужийн Зэрлэг амьтан, загас, цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагын газрын зүгээс уг аварга амьтны зургийг олон нийтэд дэлгэж “Манай бүс нутгаас баригдсан хамгийн том матар" гэж тодорхойлсон байна. 2017 онд 4.29 метрийн урттай, 347 килограмм жинтэй матар баригдаж байсан нь өмнөх дээд амжилтыг эзэмшиж байжээ.
Энэхүү аварга матрыг барьсан Дональд Вүүдс тэргүүтэй дөрвөн эр орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Матрыг барих тэмцэл шөнөжин үргэлжилсэн. Бид 8-9 удаа матрыг барьсан ч матар яаж ийж байгаад л биднээс мултарч, зугтсаар л байсан” хэмээн тухайн үеийн нөхцөл байдлын талаар дурссан байна.
Миссисипи муж нь Миссисипи гол дахь матрын тоо толгойг бууруулах зорилгоор 2005 оноос хойш 16-аас дээш насны тус мужийн оршин суугчдад жил бүр тодорхой хугацаанд матар агнахыг зөвшөөрдөг болсон юм.
Энэ жилийн “матар агнуурын улирал” энэ сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж. 25 ам.доллароор матар агнах зөвшөөрлийг авдаг бөгөөд хэрэв нэмэлтээр 200 ам.доллар төлсөн тохиолдолд өөрсдийн барьсан матрыг эзэмших, худалдах, захиран зарцуулах эрхтэй болдог байна.
Эх сурвалж: Hankyung