
Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр Apple компани ойрын таван жилийн дотор Энэтхэг дэх үйлдвэрлэлээ одоогийн түвшнээс тав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж буй талаар онцлов.
Энэтхэгийн PTI мэдээллийн агентлагаас иш татан Bloomberg News агентлагийн мэдээлснээр, нэрээ нууцлахыг хүссэн тус улсын засгийн газрын нэгэн албан тушаалтан Apple-ийн Энэтхэг дэх дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ энэ санхүүгийн жилд 7 тэрбум ам.доллароос давсан бөгөөд ойрын таван жилийн хугацаанд жилд 40 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа талаар өгүүлсэн байна.
Харин Аpple компанийн тал Bloomberg агентлагийн энэ талаар асуусан асуултад хариу өгөөгүй гэв.
Тус компани нь iPhone ухаалаг утсыг Энэтхэгт үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд ирэх жилээс AirPods үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Түүнчлэн Apple компани энэ сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээний үеэр Энэтхэгт үйлдвэрлэсэн “iPhone 15” утсыг анх удаа танилцуулсан юм.
Энэ сарын эхээр Энэтхэгийн Электроник, мэдээллийн технологийн дэд сайд Ражив Чандрасехар (албан ёсоор Төрийн нарийн бичгийн дарга гэгддэг) Bloomberg News агентлагт ярилцлага өгөх үеэрээ, Энэтхэг улс ухаалаг утасны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаагаас гадна Хятадад төвлөрсөн байсан нийлүүлэлтийн гинжин хэлхээг үгүй хийж, олон улсын зах зээлийг эрсдэлээс хамгаалах бодлогыг тууштай баримталж байгаагийнхаа хүрээнд 2026 он гэхэд электроникийн үйлдвэрлэлийн хэмжээг 300 тэрбум ам.доллар хүртэл өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: JoongAng