АНУ-ын Ford, Хятадын CATL компаниуд батарейны хамтарсан үйлдвэрийнхээ барилгын ажлыг зогсоожээ
2023, 9 сарын 30. 12:290

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Ford компани Хятадын цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч CATL компанитай хамтран Мичиган мужид барихаар төлөвлөж байсан батарейны үйлдвэрийн барилгын ажлыг түр зогсоож байгаагаа мэдэгдлээ. Одоогоор АНУ-д Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарлаад байгаа ч дээрх шийдвэр нь ажил хаялт гэхээсээ илүү Хятадын компани тус улсын зах зээлд нэвтрэх гэж буй талаар шүүмжлэл өрнөж буйтай холбоотой гэж шинжээчид дүгнэсэн байна.

Associated Press агентлагийн орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, Ford компанийн зүгээс Мичиган мужийн Маршалл хотод баригдаж буй 3.5 тэрбум ам.долларын өртөг бүхий цахилгаан автомашины батарейны үйлдвэрийг “өрсөлдөх чадвартайгаар үйл ажиллагаагаа явуулж чадна гэсэн итгэл үнэмшил төрөх хүртэл тус үйлдвэрийн барилгын ажлыг зогсоож байна” хэмээн мэдэгдсэнийг онцолжээ. Маршалл бол Америкийн автомашины үйлдвэрлэлийн өлгий нутаг болох Детройт хотоос баруун тийш 160 километрийн зайд оршдог хот юм.

Үйл явдлыг эргэн сануулахад энэ оны хоёрдугаар сард Ford компани Хятадын CATL компанитай хамтран Маршал хотноо 2500 ажлын байр шинээр бий болгох үйлдвэр байгуулахаар тохиролцсон тухайгаа зарлаж байсан билээ. Цахилгаан автомашины батарейны зах зээлд дэлхийд тэргүүлэгч CATL компани нь дэлхий даяар 13 үйлдвэртэй бөгөөд АНУ-д анх удаа үйлдвэрээ байгуулах шийдвэр гаргасан нь энэ байсан юм. Ford охин компаниудаараа дамжуулан үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцахаас гадна ажиллах хүчний асуудлыг шийдэх байсан бол CATL-ын хувьд ч технологи, тоног төхөөрөмжөөр хангаж, мөн ажиллах хүч нийлүүлэх төлөвлөгөөтэй байв.

Технологийн зах зээлийн судалгааны Guidehouse Insights компанийн судлаач Сэм Абуэлсамид Ford компанийн энэхүү шийдвэрт орон нутгийн эсэргүүцлээс гадна ажил хаялтын нөхцөл байдал нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “АНУ-ын аж ахуй нэгж, компаниуд Хятадын аливаа компанитай ямар нэгэн сэжмээр холбогдох хүсэлгүй болж байна. Түүнчлэн үйлдвэр барихдаа Детройт хотыг сонгосон байсан бол Хятадын ноу-хауг ашиглан үйлдвэр барьж буй явдлыг эсэргүүцэх нь харьцангуй бага байж ч болох байсан” хэмээн санал бодлоо илэрхийлснийг Associated Press агентлаг мэдээлэв.

Энэ хугацаанд АНУ-ын улс төрийн ертөнцөд Хятадын технологи, хөрөнгө оруулалтаар тус улсад хамтарсан үйлдвэр байгуулахтай холбоотой маргаан өрнөсөөр ирсэн билээ. АНУ-ын засаг захиргаа аливаа цахилгаан автомашины эцсийн дамжлага буюу угсралт зөвхөн Хойд Америкт хийгдсэн байхаас гадна батарейны түүхий эдийг тус улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан орнуудаас л авсан тохиолдолд татаас олгохыг хуульчилсан “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийг баталсан билээ. Гэтэл энэ жилээс эхлэн сэлбэг, эд ангиудын нийт үнийн дүнгийн 50 гаруй хувьтай тэнцэх сэлбэгийг Хойд Америкт үйлдвэрлэх ёстой гэх журмыг нэмж тусгаж өгчээ.

Үүний дагуу Хятадын зарим батарей үйлдвэрлэгчид Америкийн автомашины компаниудтай хамтран АНУ-д батарейны үйлдвэр барихаар болж буйгаа ээлж дараалан мэдэгдсэн билээ. Гэвч АНУ-д Хятадын компаниуд ч татаасын хөнгөлөлт эдлэх боломж үүсэхэд Хятадаас хараат бус батарейны нийлүүлэлтийн сүлжээг бий болгох гэсэн “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийн анхны зорилго замхарч байна гэх шүүмжлэл дагуулсан юм.

Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэл яг одоо Ford зэрэг гурван томоохон автомашин үйлдвэрлэгчдийн эсрэг нэгэн зэрэг ажил хаялт зарлаад байгаа билээ. Хэдхэн хоногийн өмнө General Motors болон Stellantis компанийн сэлбэг, эд анги нийлүүлдэг 38 компанийн ажилчдаар энэхүү ажил хаялтын цар хүрээг өргөжүүлсэн ба Ford компани үйлдвэрчний эвлэлтэй хийж буй хэлэлцээрт ахиц гарсан гэх үндэслэлээр ажил хаялтыг өргөжүүлэхээс татгалзсан байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35