Ойрх Дорнодод өрнөж буй үйл явдал Хамасын Путинд өгсөн “бэлэг” үү?
2023, 10 сарын 24. 1:410

Палестины улс төрийн, зэвсэгт Хамас бүлэглэл болон Израилийн хооронд өнгөрөгч 7-ны өдөр эхэлсэн мөргөлдөөн Украины нутаг дэвсгэрт жил хагасаас илүү хугацаагаар үргэлжилж буй дайныг өдүүлсэн ОХУ-ын хувьд тун ч ашигтай үйл явдал болж байна гэх дүгнэлтийг шинжээчид хийх болжээ. Улс төрийн мэдээллээр дагнан ажилладаг АНУ-ын Politicо сонины онцолж буйгаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдрөөр буюу 10-р сарын 7-ны өдөр дэгдсэн энэхүү мөргөлдөөн нь “Хамас бүлэглэлийн зүгээс Путинд өгсөн бэлэг" гэж тодорхойлсон байна.

Израиль болон Хамас хоорондын мөргөлдөөн Орост ашигтай байх гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, Оросуудын төдийгүй олон улсын анхаарлыг Украины дайнаас холдуулж байгаа нь маш том сайн тал хэмээн үзэхээс аргагүй. Дараа нь Украинд үзүүлэх барууны дэмжлэгийг сулруулж байгаа бол эцэст нь ерөнхийлөгч Путины хүссэн шинэ дэг журам олон улсын хамтын нийгэмлэгийн түвшинд хэрэгжиж эхлэх боломж нэмэгдэнэ хэмээн үзэж буй аж.

Украин дээр төвлөрч байсан дэлхий нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулав

Энэхүү мөргөлдөөн нь барууныхны анхаарлыг Украины дайнаас Ойрх Дорнод руу чиглүүлсэн гэдэгтэй шинжээчид санал нэг байна. Тэр дундаа Украины хамгийн том дэмжигч АНУ эртний холбоотон Израильд дэмжлэг үзүүлэх гээд тун завгүй байгааг хэн хүнгүй харж байгаа билээ.

Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч 18-ны өдөр Израильд биечлэн айлчилж, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан ба Ираны дэмжлэгийг авдаг Ливаны зэвсэгт бүлэглэл болох Хезболла үүнд оролцоход хүрвэл Америкийн цэргийг оруулах хувилбарыг хэлэлцсэн байна. АНУ дайныг даамжруулахгүйн тулд Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт цөмийн хөдөлгүүрт хоёр нисэх онгоц тээгч (Жералд Форд, Дуайт Эйзенхауэр) хөлөг онгоцоо аль хэдийн байрлуулаад байгаа билээ.

АНУ-ын аюулгүй байдлын судалгааны төв болох Stimson Center "Хэрэв АНУ энэ дайнд шууд хөндлөнгөөс оролцож Ойрх Дорнодын нөхцөл байдалд анхаарлаа төвлөрүүлсэн тохиолдолд Орост тавих хяналт сулрах нь гарцаагүй” хэмээн таамагласан байна.

Нэмж дурдахад, энэхүү мөргөлдөөнд оросууд анхаарал хандуулах нь тун эерэг ач холбогдолтой юм. Тодруулбал Украины дайн сунжирч буйтай холбоотойгоор ерөнхийлөгч Путиныг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл нэмэгдэхээс сэргийлж байгаа гэж харж болох ба энэ нь ирэх оны гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй хэмээн Wall Street Journal мэдээлжээ. Өнгөрөгч 7-ны өдөр Хамас бүлэглэл Израилийн өмнөд хэсэгт гэнэтийн дайралт хийснээс хойш Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Израилийн Газын зурваст хийсэн агаарын цохилт, Палестиныг дэмжигчдийн барууны орнуудад хийж буй жагсаалын талаар мэдээлэхэд анхаарлаа хандуулж байгаа нь үнэн юм.

Барууны орнуудын Украинд үзүүлж буй дэмжлэг ч багасах магадлалтай

Түүнчлэн барууны орнуудын Украинд үзүүлэх дэмжлэг ч буурах магадлалтай. Хэдийгээр АНУ-ын тал Украин болон Израильд зэрэг зэрэг тусламж үзүүлэхээ мэдэгдсээр байгаа ч Израиль, Хамасын мөргөлдөөн урт хугацааны дайн болон хувирвал Украиныг дэмжих чадавх буурах нь зүйн хэрэг хэмээн шинжээчид харж буй аж. Украины Цэргийн тагнуулын газрын дарга Кирилло Буданов "Израиль, Хамасын мөргөлдөөн хэдхэн долоо хоног үргэлжилэхэд санаа зовоод байх зүйлгүй ч энэ нөхцөл байдал даамжирч урт хугацаагаар сунжрахад хүрвэл энэ нь жинхэнэ асуудал болно. Учир нь биднээс гадна Израильд ч зэвсэг, сум хэрэгтэй болох нь тодорхой” гэж цохон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн ОХУ-ын шинжээчид ч өнөөгийн нөхцөл байдлыг Оросын талд эерэгээр нөлөөлнө хэмээн харж байна. Тухайлбал Оросын дипломатч Константин Гаврилов Известия сонинд өгсөн ярилцлагадаа “Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор барууныхан Украиныг “үнсэнд хаясан шалз шиг орхихгүй” хэдий ч цэргийн дэмжлэгийн хэмжээ багасч, байдал Оросын талд огцом эргэж магадгүй” хэмээн мэдэгджээ.

Тэрчлэн уг мөргөлдөөн даамжирч Ойрх Дорнодын дайн болж хувирвал Оросын эсрэг барууны хориг арга хэмжээ ямар ч ашиггүй болно гэж зарим хүмүүс таамаглаж байна. Барууны орнууд Оросоос газрын тос, байгалийн хийн экспортоо хязгаарласнаас хойш Ойрх Дорнод нь эдгээр эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн өөр нэгэн суваг болж байсан билээ. Гэвч хэрэвзээ Ойрх Дорнодын хэд хэдэн улс энэ мөргөлдөөнд татагдан оролцож, эрчим хүчний хямрал болвол барууны орнуудын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүчийг сулруулах боломжтой гэж Wall Street Journal сонин онцолжээ.

Нэмж дурдахад барууныхны Оросын эсрэг нэгдмэл үзэл санааг ч энэхүү үйл явдал сулруулж болзошгүй хэмээн Bloomberg News агентлаг дүгнэсэн байна. Учир нь Герман, Франц, Их Британид еврейчүүдийн эсрэг гэмт хэрэг, Палестиныг дэмжсэн жагсаал цуглаан гарч, нийгэмд эмх замбараагүй байдал үүсээд байгаа бөгөөд Европын Холбооны 27 орны удирдагчид уг асуудалтай холбогдуулан ямар нэгэн нэгдсэн үзэл баримтлалд хүрч чадахгүй байгаатай холбоотой.

Украины дайнд төвийг сахисан Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг улсууд цаашид Оросын талыг баримтлах хандлага нэмэгдсээр байна. Financial Times сонинд бичсэнээр барууны зарим томоохон албан тушаалтнууд олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаа Оростой холбоотон болохоос зайлсхийх хэрэгтэй хэмээн эдгээр орнуудад сануулж, ятгаж байгаа ч Газын зурваст хийсэн Израилийн довтолгоог АНУ болон бусад улс орнууд дэмжиж байгаа нь үүнд сөргөөр нөлөөлөх нэгэн хүчин зүйл болж байгааг анхааруулжээ.

Оросоор удирдуулсан шинэ дэг журам дэлхийд ноёлоход эерэгээр нөлөөлж мэднэ

Энэхүү мөргөлдөөн нь ерөнхийлөгч Путинд олон улсын хамтын нийгэмлэгийн түвшинд шинэ дэг журам тогтоох сайхан боломж болж магадгүй гэсэн ажиглалтууд бий. Wall Street Journal сонины онцолж буйгаар ОХУ зэрэг АНУ-ын геополитикийн томоохон өрсөлдөгч орнууд энэ үйл явдлыг ашиглан хүчний тэнцвэрийг алдагдуулах зорилго өвөртөлж байна хэмээн дурдсан байна.

Энэ сарын эхээр болсон Валдай клубын хурал дээр ерөнхийлөгч Путин "Оросын эрхэм зорилго бол дэлхийд шинэ дэг журмыг тогтоох явдал" хэмээн тунхаглахтай зэрэгцэн энэ мөргөлдөөн эхэлсэн юм. Үүнээс хойш ОХУ нь АНУ-ыг шүүмжилж, улмаар Ираны мөнхийн дайсан Израиль улсаас бага багаар хөндийрч эхлээд байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш ес хоногийн дараа ерөнхийлөгч Путин ерөнхий сайд Нетаньяхутай утсаар холбогдсон бөгөөд энэ үйл явдалтай холбогдуулан ОХУ-аас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн мэдүүлсэн мэдэгдэлд Хамас бүлэглэлийн талаар огт дурдаагүй байжээ.

Стратегийн болон олон улсын судалгааны төвийн зөвлөх Роман Руле “Хамастай найрсаг харилцаатай байгаагийн дээр Палестиныг дэмжиж байгаа нь ноён Путинд Хятад, Ираны хамт өрнөдийн эсрэг дэлхий дахинд өрнөж буй өөрчлөлтөд хэр чухал хүн болохоо батлан харуулах нэгэн үйл явдал болж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Түүнчлэн геополитикийн хувьд энэ үйл явдал Орос, Хятад, Ираны албан бус холбоо сүлбээг улам бүр өргөжин тэлэхэд түлхэц болж байна хэмээн шинжээчид үзэв.

Уг мөргөлдөөний хөшигний цаана ОХУ байгаа юм биш биз?

Энэ мэтчилэн Оросын талд ашигтай олон хүчин зүйлийг дурдаж болох тул энэхүү мөргөлдөөний хөшигний ард ОХУ байгаа гэх хардлага ч олон улсын хэмжээнд мэр сэр цухалзах болов. Орос Хамастай ойр дотно харилцаатай байгаа нь үнэн. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд дайн дэгдсэнээс хойш тус бүлэглэлийн дээд тушаалын удирдагчид Москвад айлчилж байсан билээ. Өнгөрөгч 14-ний өдөр Хамас бүлэглэлийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ “Манай ард түмэн рүү хийж буй дайралт болон Газын зурвасыг бүхэлд нь бүслээд буй явдал, олон улсаас ирж буй тусламжийн барааг очих ёстой газарт нь хүргэхгүй байгаа зэрэг олон шударга бус зүйлийн эсрэг ерөнхийлөгч Путин өөрийн байр сууриа илэрхийлсэнд бид талархаж байна" хэмээн мэдэгдсэн удаатай.

Гэвч энэ мөргөлдөөнд Орос оролцсон гэх ямар ч нотолгоо байхгүй гэж ВВС агентлаг мэдээлэв. Жеймс Мартины цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх төвийн судлаач Ханна Нотте “Орос улс Хамасыг хэзээ ч террорист байгууллага гэж зарлаж байгаагүй бөгөөд Оросын нөлөө Иранаар дамжин Хамас руу нэвтэрсэн гэдгийг бид мэднэ. Гэхдээ энэ нь ОХУ-ын зүгээс тус бүлэглэлд өргөн хэмжээний цэргийн дэмжлэг үзүүлсэн гэсэн үг биш юм” гэж онцлон тэмдэглэсэн байна. Мөн ОХУ-д суугаа Израилийн Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Александр Бен Зви “Оросыг ямар нэгэн байдлаар энэ үйл явдалд оролцсон гэдэгт бид итгэхгүй байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35